Олон жил маргаантай байгаа АН-ынхан эвлэрч “Эв нэгдлийн их хурал”-аа зарлан хуралдуулах тухай мэдэгдэв. Нэгэнт хагарч, суларсан намыг авах санаа бүхий эрх ашиг олон байхад тийм ч амар эвлэрэхгүй. Энд зөвхөн Улсын баатар Э.Бат-Үүлийн түр зуурын заль явж байна. Түүнд нөхөн сонгуульд ялах зайлшгүй шаардлага байгаа учраас АН-ыг эвлэрч байгаа мэтээр нийгэмд харагдуулж, санал авах гэсэн ажиллагаа төдий л зүйл. Өөр юу ч байхгүй. Нөхөн сонгууль дууслаа, маргааш нь хэдэн тийш харсан хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ямар сайндаа л Э.Бат-Үүл Улсын баатрынхаа тэмдгийг АН-ын туганд зүүж, батлах зарлигийг нь гардуулан өгч байхав дээ. Арга ядаж л яваа хүний ажил.
Тэгээд ч Төрийн зарлигаар олгосон өндөр шагналыг ийн дамжуулах эрх зүйн орчин лав байхгүй. Харин ч эсрэгээрээ ял шийтгэл байж магадгүй юм. Цагийн хатууд бол төрийн одон тэмдгийг нөхрийнхөө шарилд булж гашуудсан нөхөр шоронгийн хаалга татаж байв даа. Аль тэртээ 1990 онд байгуулагдсан гурван намын нэгдэл өдгөөгийн АН-ыг үүсгэсэн гэдэг. Тиймээс Э.Бат-Үүл, Б.Батбаяр буюу Баабар, Да.Ганболд гэх гурван нөхөр гурван намыг толгойлж байжээ. Туганд тэмдэг хатгах ажиллагаанд Да.Ганболд хүрэлцэн ирж амжаагүй, зам зуур шатахуунгүй байгааг Баабар дуулгасан. Магадгүй хэргээр ч ирээгүй байж мэднэ. Тэр шатахуунгүй сууж байх хүн мөн үү. Ерөнхийдөө тэнд очсон нөхдүүд “Буруу харан уйлж, зөв харан инээж” Үүл баатрын ажиллагааг арай гэж өндөрлүүлж байгаа нь харагдана лээ.
Нэг зүйл байгааг анзаарсан байх. Тус ажиллагаанд “Женко” Х.Баттулга огт оролцохгүй байгаа нь энэ нам эвлэж нэгдэх болоогүй гэсэн үг. Тэрбээр ямар нэгэн байдлаар байр сууриа ч илэрхийлээгүй. Учир нь энэ намын эв нэгдлийн түлхүүр нь зөвхөн “Женко” нарт л бий. Тэнд очоод байгаа Э.Бат-Үүл, Б.Батбаяр, М.Тулгат, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарт огт байхгүй. Тэгэхээр АН-ын эвлэрэх цаг нь болоогүй гэсэн үг. Ядахад л лааз өшиглөж яваа Ц.Элбэгдорж ирсэнгүй. “Намаа цэвэрлэдэг” Н.Алтанхуяг байсангүй, дундын байрлалаас Д.Дорлигжав байсангүй, битүүхэн эрх ашгаа хөөж яваа Р.Амаржаргал байсангүй, бараа сүр нь хэрэг болох Р.Гончигдорж байсангүй, АН-ыг тараасан жинхэнэ хэргийн эзэн С.Эрдэнэ ч байсангүй. Эвлэрэхийн гол шалтгаан нь эдгээр нөхдөд л бий.
Түүний пиар ажиллагааны үеэр “Эв нэгдлийн их хурал”-д АН-ын үе үеийн дарга нар, УИХ-ын гишүүд оролцохоос гадна үл ойлголцлын улмаас хоёр тал болоод байсан хүмүүс нэг ширээний ард суух болсон өндөр ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа юм. Уг “Эв нэгдлийн их хурал”-ыг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр товложээ. Тэд энэ мэт өдөр сонгож турхирахаа сайн мэднэ. Тэмдгээ АН-д түр зээлүүлсэн Үүл баатрын хувьд “Өнөөдөр манай намын хоёр залуу дарга намын гишүүд болон нийт Монголчуудын сүүлийн жил гаруй хугацаанд хүлээсэн онцгой үйл явдлын талаар мэдээлэх гэж байна. Үүнийг түүхэн үйл явдал ч гэж хэлж болох юм” хэмээн сүржигнэж байгаа харагдана лээ. Энд ямар ч түүхэн үйл явдал болоогүй. Э.Бат-Үүлийн нөхөн сонгуульд өрсөлдөх пиар ажиллагаа л болсон.
Мөн Э.Бат-Үүл “Монголын Ардчилсан нам бол түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор баатар цолыг надад өгсөн. Тухайн үед Ерөнхийлөгч “Энийг чамд өгч байгаа юм биш шүү. Ардчилсан хувьсгалыг хийсэн, дэмжсэн Монголын ард түмэнд өгч байгаа юм. АН-ын мянга мянган гишүүдэд өгч байгаа юм. Өнөөдрийн хууль тогтоомжийн хүрээнд чамаар төлөөлүүлж Монголын Ардчилсан намд олгож байгаа юм гэж байсан” хэмээн ардчилал хэмээх зүйлд итгэл үнэмшлээ өгсөн сонгогчдыг татах оролдлого төдий зүйл гэдгээ өөрөө ч бараг батлан хэлчихлээ.
Тэгвэл тамгагүй намын дарга О.Цогтгэрэл “Аливаа бүхэн цаг хугацаатай гэж ухаантнууд хэлсэн байдаг. Тиймээс АН-ын уналт доройтолд цэг тавих томоохон алхам хийх болсноо зарлахаар намын гишүүдийн үе үеийн төлөөлөл энд ирээд байна. Энэхүү хурлаар АН-ын хоёр даргын асуудлыг оруулж, санал хураан шийднэ. Ялсан болоод ялагдсан нь нөгөөдөө хүндэтгэлтэй хандъя гэж байгаа юм. Энэ бол олон хүний санал, шахалтаар бий болж байгаа зүйл. Ингэж ойлголцоход АН-ын анхны дарга Э.Бат-Үүл гуайн үүрэг оролцоо маш их байсныг онцолмоор байна. Мөн ардчиллын анхдагчдын нэг Б.Батбаяр буюу Баабар гуайн үүрэг оролцоо их байсныг хэлэх ёстой. Өнөөдрийн мэдэгдлээр бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Бид эв нэгдлийн төлөө тал талдаа ойлголцон нэгдэж ажиллах болно” хэмээсэн нь “Би тамга авах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлснээс ялгаагүй сонсогдоно.
Харин С.Эрдэнийн тамгатай намын дарга, “Утсан хүүхэлдэй” М.Тулгат “Өнөөдөр парламентад сөрөг хүчний дуу хоолой яалт ч үгүй хэрэгтэй байна. Сөрөг хүчин гэж улс төрөөр бизнес хийдэг, намын тамгаа халаасандаа хийчихээд талбай дээр лайв хийдэг гудамжны улс төрийг хэлдэггүй. Парламентад суудалтай, ул суурьтай бодлоготой, улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх шаардлагатай болоод байна. Тиймээс АН дотоод асуудлаа шийдэх ёстой. Арваннэгдүгээр сарын 5-н хүртэл ойлголцож, нэгдэх даалгаврыг өөрсөндөө өгч байна” хэмээсэн. Бас л нэг тамгаа атгаад үлдэх гэсэн санаархлаас өөр юу ч үгүй нөхөр ийн хэлнэ лээ.
Магадгүй Үүл баатрын пиар ажиллагаанд хүрэлцэн ирсэн О.Цогтгэрэл, М.Тулгат нарын залуус ах нарын энэ тохиролцооноос залхаж байгаа байх. Цаашид залуучууд бид эвсэн нэгдээд аль нэгнээ тугаа болгоод явах нь зүйтэй ч гэж бодож байгаа болов уу. Гагцхүү ах нар өөрсдөө зайлж өгөхгүй байгаа нь тэдэнд жинхэнэ утгаараа гай болж байгаа нь ойлгомжтой. Намын эвлэлдэн нэгдэх ажиллагаа гэж байгаа хэдий ч Үүл баатар “Р.Гончигдорж, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж нар хүрээд ирээ, намаа авар, ардчиллаа авар” хэмээн уриална лээ. Өнөөх л АН-ын нэрээр 30 жил идэж уусан үеийн хэдэн өвгөдөө дуудаад байгаагаас залуучуудад зайгаа тавьж өгнө гэсэн зүйл огт яриагүй. Зайгаа тавьж өгөхгүй байгаагийн ганцхан жишээ гэвэл Э.Бат-Үүл өөрөө нөхөн сонгуульд нэр дэвшээд явж байна шүү дээ. Үнэхээр л ардчиллаа аваръя, намаа босгоё гэж байгаа бол залуусаа дэмжих байв. Нөхөн сонгуульд О.Магнайгаас эхлээд Сонгинохайрхан дүүрэгт хөрс сууриа бэлдчихсэн олон залуус байв. Өнгөрөгч сонгуульд бүдэрсэн, санал дутсан гээд юу эс мундах вэ. Нөгөө талаар өөрийнхөө үнэт зүйлд тулгуурлан нэр дэвших сонирхолтой олон залуус байсан ч Үүл баатар чичирсэн хэрэг. Асар том шалтгаан байсан учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалт авахаар улайрсан болохоос түүнд нам эвсэл, улс орон бодсон зүйл огт байхгүй.
Хэнтийд хүртэл гишгэх газаргүй болсон Б.Гарамгайбаатараа нэр дэвшүүлж байгаагаас харвал АН-ын өвгөд залуустаа зайгаа тавьж өгөх тухай огт бодохгүй байна гэсэн үг. Одоо байгаа тамгагүй дарга О.Цогтгэрэл нь Х.Баттулгын, тамгатай дарга М.Тулгат нь С.Эрдэнийн “Утсан хүүхэлдэй” шүү дээ. Тэгэхээр АН-ыг эвлэлдэн нэгдүүлэх ажиллагаа яавч биш, Э.Бат-Үүлийн санал цуглуулах пиар ажиллагаа байв. Тэнд АН-ыг эвлэрүүлэн нэгтгэх жинхэнэ эзэд нь очсонгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Одоо бүр баатарын алдтан одыг ёдор модонд өлгөсөн ёрог даавуунд зүүдэг болжээ. Гоё юм аа гоё юм
Монгол улсын баатар гэдэг эрхэм дээд цол алдар гавьяаны илэрхийлэл арай ч Элбэгдорж Бат-Үүл мэтийн хөгийн новшнуудын тоглоом биш л юм сан
Үхсэн юм эргээд амь орохгүй дээ
Донгос донгос