Өнөө жил өвгөн Д.Бямбажав 87 нас хүрчээ. Тэр амьдралынхаа 58 жилийг "Бумбатын рашаан"-ыг онгон дагшнаар нь авч үлдэхийн төлөө тэмцэж, зүтгэж иржээ. Түүнийг 37 настай байхад өвгөн багш нь "Бумбатын рашаан"-ыг хамгаалж, хайрлаж явахыг захиж, даалгасан байна.
Багшийнхаа даалгавар, захиас ёсоор Д.Бямбажав гуай эдүгээ 58 жил сайн дураараа байгаль дэлхийгээ хамгаалах ажилд зүтгэж, "Бумбатын рашаан"-ыг хамгаалж яваа аж.
-ЯВААГҮЙ ГАЗАР, УУЛЗААГҮЙ ДАРГА ҮЛДСЭНГҮЙ-
Намайг бага байхад өвгөн багш маань "Бумбатын рашаан"-ыг хамгаалж яваарай. Ирээдүйд энд олон хүн ирдэг болно шүү. Би түүнийг нь үзэж чадахгүй, нас хүрэхгүй. Харин чи бол үзнэ. Тиймээс энэ рашааныг хайрлаж, хамгаалж яваарай, хүү минь гэж хэлж, захьсан юм... хэмээн өвгөн багшаа дурсах Д.Бямбажав гуай өнөөдөр "Бумбат рашаан"-ыг хамгаалах хамгаалагч, сахиул нь болтлоо он цагыг туулжээ.
Харин "Бумбатын рашаан"-ын өвгөн сахиул Д.Бямбажавын ганц хүсэл нь олон жил хайрлаж, хамгаалж ирсэн газраа төрийн хамгаалалтад авахыг үзэх аж. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд үе, үеийн дарга, сайд нарт өргөдөл, захидал бичиж явжээ.
Гэвч тэдний хэн нь ч 58 жил хамгаалж байгаа рашааныг нь "хайрлах"-ыг хүссэнгүй, үл тоосон байна.
Гэсэн ч Д.Бямбажав гуай шантарсангүй. Тэрбээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдож, тангарагаа ч өргөөгүй шахам байхад нь түүнд хаяглаж, захидал бичсэн байна. Мэдээж тэр олон жил мөрөөдөж, хүсэж явдаг ганцхан хүслээ биелүүлж өгөхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гуйсан аж.
-"ӨВГӨН САХИУЛ"-ЫН ХӨЛ НЬ ГАЗАР ХҮРЭХГҮЙ БАЯРЛАЖ СУУНА-
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бумбат уулын хормойд байх "Бумбатын рашаан"-ын төлөө бүхий насаа зориулж яваа өвгөн Д.Бямбажавын хөл нь газар хүрэхгүй хөөрч явна.
Учир нь, түүний хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштайгаар хүлээж авч, "Бумбат рашаан"-ыг нь нийслэлийн ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮС ГАЗАР болгохоор шийдвэрлэжээ.
Үүнийг сонссон Д.Бямбажав гуай "Өвгөн би үнэхээр их баяртай байна. Рашаан маань ч баярлаж, өмнөхөөсөө илүү их, салаалж урсаж байна шүү дээ. У.Хүрэлсүх гэдэг хүүд талархаад ханашгүй" хэмээн өгүүлнэ.
-"БУМБАТЫН РАШААН"-ЫГ ХАШААЛЖ, ХИЛИЙН ЗААГ ТОГТООХООС ГАДНА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЙЛ, ӨРХИЙГ НҮҮЛГЭНЭ-
Эл сайхан мэдээг сонссон манай сурвалжлах баг өнөөдөр /2021.09.30/ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах "Бумбатын рашаан"-ыг зорьсон юм. Биднийг очиход өвгөн Д.Бямбажаваас гадна "Бумбатын рашаан"-ыг хамгаалахад гар бие, сэтгэл зүрхээ зориулж яваа "Амьд байгаль" төрийн бус байгууллагын хамт олон угтаж авлаа.
Уг төрийн бус байгууллага нь 2005 оны тавдугаар сараас эхэлж "Бумбатын рашаан"-ыг хамгаалж иржээ. Тэд өнгөрсөн хугацаанд холбогдох хууль, журмын хүрээнд рашааны бүсчлэлийг тогтоож, хашаалсан байна.
Түүнчлэн 2007, 20017 онд эрдэмтдийн бүлгэмээр ургамалын төрөл зүйлийг нь тоолох тооллого явуулжээ. Хашаалаагүй байхдаа явуулсан 2005 оны тооллогоор "Бумбатын рашаан"-ы ойр орчим 23 зүйлийг ургамал ургадаг нь тогтоогдсон байна.
Харин рашааныг хашаалсны дараа буюу 2017 онд явуулсан тооллогоор эл тоо хэд дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, 140 зүйлийн нэн ховор, ховор төрлийн ургамал ургадаг болох ил болсон байна.
Энэ талаар "Амьд байгаль" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Лхагвасүрэн "Манай төрийн бус байгууллага 2005 оны тавдугаар сарын 9-нөөс хойш "Бумбатын рашаан"-ыг хамгаалж ирсэн. Бүсчлэлийг нь тогтоож хашаалсан. Саяхан Нийслэлийн байгаль орчны газрын дарга Ц.Нямбаяр нар ирж онцгой хамгаалалтын бүс газар болгох талаар хэлсэн. Үнэхээр их баярлаж, талархаж хүлээж авч байна. Бид ярилцаад эхний ээлжид "Бумбатын рашаан"-ын хилийн заагийг тодорхой болгохоор тогтсон. Хууль зөрчиж хашаа, байшин барьсан айл, өрхийг нүүлгэж, газрыг нь чөлөөлөхөөр боллоо. Дараа нь дахин төлөвлөлт хийхээр тохирсон" хэмээн ярилаа.
-БУМБАТ УУЛЫН ХОРМОЙГ ЗОРИХ ОЛНЫ ХӨЛ ТАСРАХГҮЙ-
Одоогоос арав гаруй жилийн өмнө Баянхошуу уулын цаашаа хэдхэн цагаан гэр, өргөн тал газар байдаг байлаа. Гэтэл өнөөдөр "Бумбатын рашаан" хүртлээ олны хөлийн газар болжээ. Дээр нь, "Бумбат рашаан"-ын шидийг мэдсэн иргэдийн хөл тасрахгүй.
Учир нь, уг рашаан нь дотор эрхтэнд сайн. Ялангуяа, уушги болон бөөр, ходоодыг анагаах шидтэй гэж нутгийн иргэд нь ярьдаг юм билээ.
Биднийг очиход Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооноос "Бумбатын рашаан"-ыг зорьж ирсэн иргэн "Би олон жил рашаанаас ундаалж байна. Ундны болон эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Энэ жил урсац нь сайн болсон. Төр хамгаалалтад авах гэж байгаа сураг дуулдлаа. Сайн хэрэг шүү" гэлээ.
Харин тус хорооны иргэд ч үг дайсан юм. Тэд "Би рашааны аманд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Хар багаасаа ундаалж өссөн. Энэ рашаан ходоодонд маш сайн, эмчилгээний зориулалттай гэж ойлгож болно. Манай гэрийнхэн байнга энэ рашааныг хүртдэг. Ах, дүү нар маань хүртэл Дарханаас ирж савлаж авч явдаг, маш сайн рашаан", "Би хоол шингэдэггүй, нойр булчирхай муу байсан. Энд рашаан уугаад сайхан болж байна. Үнэхээр эмчилгээний зориулалттай рашаан шүү. Үүнийг хамгаалалтад авна гэдэг нь маш чухал зүйл, баяртай байна" гэх зэргээр ярьж байлаа.
Хамгийн гол нь, тэр хавьд амьдардаг нутгийн иргэд "Бумбатын рашаан"-ыг нь төр мэдэлдээ авч, хамгаалахаар болсонд жигтэйхэн баярлацгааж сууна. Бүгд л "Аштай юу даа" гэдэг үгийг дайж байна. Тэр бүгдээс илүү өвгөн сахиул ах маань хөл нь газар хүрэхгүй баярлаж сууна билээ. Юу, юунаас илүү түүний хүсэл биелэх нь ээ, сайхан биш гэж үү...
Сэтгэгдэл ( 3 )
Балиар заваан өвгөн өөрөө ашиглахын дээдээр ашиглаж ард түмнээ хажигласан балаб өвгөн үхэж далд ороосой
Лхагвасүрэн ч хамгаалах биш ашиглаж байгаа хүн дээ хашаан дотор нь хамгаалж байгаа хүн амралтын газар ажиллуулах нь зөв үү үгүй юу аятайхан нэг удаа хогийг нь цэвэрлэж үзсэн үү бас нэг худлаа луйварчин
энэ бямбажав гэджг өвгөн маш үальтай хүн дээ