Элэг эмтэрсэн 30 жилийн дараах ЭХ ҮРИЙН УЧРАЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01


Хүний амьдрал алдаж онохын дэнсэн дээр үргэлжилж, алдаанаасаа ухаажиж уужирдаг билээ. ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлгийн хамт олонд нэгэн захидал ирсэн нь Н.Анх-Эрдэнийх байлаа. Тэрбээр айлын том хүүгийн хувьд дөрвөн дүүгээ тэжээхийн төлөө 11 настайгаасаа эхлэн биедээ багтамгүй их ачааг үүрч ирсэн гэхэд хилсдэхгүй.

Хаалттай хаалганы цаанаас хайртай хүмүүсээ гэх сэтгэлээ одоо ч тэр дэвссээр байгаа. Түүний захидал нь ээжийгээ баярлуулж ачийг нь хариулах байлаа. Насан багадаа ижилдэн дассан дүү Алтансүхийг нь 30 жилийн өмнө айлд өргүүлсэн учраас өр зүрхний гүндээ бүлтгэр жаахан дүүгээ эрж хайж өдийг хүрчээ. Ахын сэтгэл ийнхүү бэтгэрч явахад эхийн сэтгэл илүү л шаналсан байж таараа. Тиймээс л Н.Анх-Эрдэнэ төрсөн дүүгээ олж ээждээ үнсүүлж баярлуулахыг юу юунаас илүү хүсжээ.

Өдгөө тэрбээр хоёр хүүхдийн аав болсон ч гэлээ элэг бүтэн амьдралыг үзэж чадахгүй “хөл хориотой” байгаа болохоор эх хүний, эцэг хүний үрээсээ хагацах зовлонг хамгийн ихээр мэдэрч яваа. Н.Анх-Эрдэнэ 409 дүгээр хорих ангид дөрвөн намрыг үдэж дараа жил гэхэд 40 настайдаа хорвоогийн нарыг тэнүүн уудмаар эрх чөлөөтэй харах гэж хүлээн суугаа. Тэр хоригдож цагдууллаа гээд зүгээр суугаагүй. Арьсан гуталны үйлдвэрт ажиллаж гараа гаргаж урласан ганган хар гутлаараа ээжийгээ гоёх сон гэж яарч буй.

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ШУУРГАНД ӨРТӨЖ ХҮҮГЭЭ АЙЛД ӨРГҮҮЛСЭН ЭХИЙН ТЭВЧЭЭР
 

 

Д.Нарантуяагийнх 1991 оны үед Орхон аймагт амьдарч байжээ. Зах зээлийн шуурга тэдний гэр бүлийг тойроогүй дайрч гарсан. Айл гэрийн ноён нуруу болсон аав нь бурхан болж, Анх-Эрдэнийн ээж Нарантуяа цомхотголоор ажлаасаа халагдаж амьдрахад тун бэрх болов.

Айлын том хүү Анх-Эрдэнэ гэр бүлээ тэжээхийн тулд ундаа зардаг байлаа. Эрдэнэт, Дархан хоёрын хооронд галт тэрэг дамжин ундаа зарж явсаар гэртээ харьж иртэл эрхлүүлж өсгөсөн хамгийн хайртай дүү нь айлд өргөгдсөн байжээ. Тэр айл нь Увс аймгийн Ховд сумынх гэдгээс өөр сураг чимээ түүнд байхгүй. Анх-Эрдэнэ дүүгээ санаж уйлсан өдөр олон.

Эр бие өсөж барилгын ажил хийж эхэлснээр амьдрал ахуй нь ч овоо дээшилсэн. Гэвч гэнэн итгэмтгий зан, залуу насны ааг омгоор хууль бус ангийн хэрэгт холбогдож аавын хаалга татсан нь энэ ээ.

Тэрбээр “Эндээс гараад хамгийн түрүүнд ээждээ гутал хийж өгнө” гэж хэлээд хоолой нь зангирав. Гитар тоглож дуулах, шүлэг бичих дуртай. “Outlaw” хамтлагийн “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Эгшиглэн”, “Чи миний бүх юм””, “Андын дурсгалд”, “Мартахгүй” зэрэг дууны үгийг Анх-Эрдэнэ бичжээ. Хамгийн сүүлд ээждээ зориулж зохиосон дуугаа дуулж сонирхуулсан нь түүнийг ямархан адтай, авьяастайг илтгэж байв. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 10 гаруй дуу зохиожээ. Залуу хүн хүсэл мөрөөдөлтэй байх сайхан. Түүний дуунууд амьдралыг таньж ухаарсан, уучлал эрсэн, хайр үгүйлсэн, санасан сэтгэл, амьдралд тэмүүлсэн гэгээн өнгө аястай. Басхүү дотроо олон бодол тээж, эндээс гараад алдаагаа давтахгүй хүн шиг амьдрах амлалтыг өгсөн юм. Бусдыг алдаан дээр нь чичлэх биш хүн гэдэг сэтгэлээр нь хүлээн авч алгаа тосон авах сайхан. Энэ ч утгаараа ТВ8 телевизийн хамт олон түүний захидлыг онцолсон билээ.

 

Айлд өргөгдсөн Алтансүх нэрээ сольсон байжээ

 

Нэвтрүүлгийн баг Увс аймгаас Н.Алтансүхийг хайх эрлээ эхэллээ.

Айлд өргүүлсэн Алтансүх нь 1986 онд төрсөн. Тэр үеийнхэн бүгд л ховор тарчиг зах зээлийн амьдралыг туулж өссөн. Ажилгүй болсон Ц.Нарантуяа тавын таван хүүхдээ өсгөхийн тулд юу эсийг хийх вэ. Ундаа зарахаас эхлээд хийгээгүй юм түүнд үгүй. Арга буюу таван настай хүүгээ сайн айлд өргүүлж сайхан амьдраасай гэсэндээ ийм хатуу, хүнд сонголтыг хийсэн нь тэр.

Эх хүний үрээ гэсэн сэтгэлийн цаана ийм л хат тэвчээр нуугдаж байдаг билээ. Тэр цагаас хойш 30 жилийн туршид ээжийн хүү, ахын дүү Алтансүх төрсөн гэр бүлээсээ сураг чимээ алдарчээ.

Алтансүхэд өргөж авсан аав, ээж нь Ц.Дөлгөөн гэж нэр хайрласан нь эрлийн багийг багагүй төөрөгдүүлсэн юм. Удаан үргэлжилсэн эрлийн эцэст түүний сургийг гаргажээ. Ц.Дөлгөөн энэ тухай дуулаад маш их догдолж, төрсөн ээж, ах дүү нартайгаа уулзана гэхээс яарч нийслэл рүү гарахаар зэхэв.

Дөлгөөн Увс аймгийн аялга орсныг эс тооцвол яг л ээж, ахтайгаа адилхан сайхан эр болж өсжээ. Өдгөө Увс аймгийн Улаангом хотод эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд амьдрал нь тэгширсэн сайхан айлын эзэн болсон байв. Өргөж авсан ижий, аав нь өр зөөлөн сэтгэлтэй, халамж хайраар дутаагаагүй сайхан хүмүүс ажээ. Өдий болтол хүний зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Дөлгөөн насан туршдаа ачлалтай хүү нь байхыг хичээж яваа.

Өргөгдсөн айлынхаа ганц хүүхэд нь байсан болоод ч тэр үү аав, ээж нь хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, нэг удаа ч загнаж зандраагүй хайран дундаа бөөцийлж иржээ. Хэдийгээр алтан хэвлийдээ тээж ангир уургаа шимүүлээгүй ч асгарсан хайрандаа энхрийлж, асарч тэтгэж ирсэн ачтай буянтай хоёр буурайдаа тэр хязгааргүй хайртай. Дөлгөөн төрсөн ээж, ах, дүү нартайгаа уулзана гэхээс нойр нь хулжиж хэд хоножээ. “Өдийд намайг мартсан байх даа, тэднийгээ эрж олж уулзах юм сан” гэж бодож явсан болохоор өөрийг нь эрж хайж байсанд маш их баярлан догдолжээ.

 

Уулзсан нандин мөч

Д.Нарантуяа хүнд өргүүлсэн хүүгийнхээ сургийг дуулаад халуун нулимсаа барьж үл дийлнэ. “Хүү минь хамгийн том төрсөн нь, хамгийн бие хаа томтой, сайхан хүү байсан. Одоо ч том болоо байлгүй дээ” гэж өмөлзөн уйлна. “Үхтэл үр харам гэж. Эцсийн амьсгалаа татах хүртлээ хүүгээ хүлээнэ. Уулзаж хүүгээ үнэрлэчихээд л энэ хорвоогоос буцна даа гэж боддог байсан юм. Танай нэвтрүүлэг яасан буянтай юм бэ” хэмээн хүүдээ яарсан сэтгэлээ барьж ядан басхүү итгэж ядан өгүүлэв.

Удахгүй уулзах хүүдээ сайхан харагдах дээлийг нь  “Шүр” урлангийн хамт олон Нарантуяад бэлэглэлээ. Шинэ дээлээрээ гангалж аваад хүүтэйгээ уулзахаар яаран явлаа. 30 жил уулзаагүй хүү нь Увс аймгаас эхнэр хүүхдийн хамт үндэсний дээл хувцсаараа гоёод иржээ. Мөнгөн аяга дүүрэн сүү мэлтэлзүүлж, алд цэнхэр хадгаа барин ээждээ очиж явна. Яг л энэ мөчид Дөлгөөн “Үнэндээ би ээжийгээ дэндүү их санаж дээ” хэмээн уртаас урт санаа алдаж байлаа.

Гэр дотор ээж нь хүүгээ орж ирэхийг хүлээн зүрх нь цээжинд нь багтаж ядан дэнсэлж, аньсганд тогтохгүй байгаа нулим­саа байн байн арчиж, тогтож сууж чадахгүй өндөлзөн сууна. Эсэн мэнд, энх тунх, эрүүл саруул уулзаж элгээ дэвтээхийн жаргалыг эх, үр хоёр амсаж ийнхүү учран золголоо. Энэ учралын учир шалтгаан, учиг зангилаа болсон том ах Анх-Эрдэнийн талаар ч Дөлгөөнд үнэнийг дуулгав. Хэдийгээр эрх чөлөөгөө хасуулж хаалттай хаалганы цаана байгаа ч энэхүү учралыг хамгийн ихээр хүлээсэн хүн нь тэр шүү дээ. Дөлгөөн “Ах минь ямар хүн алж, хүрээ талсан биш дээ. Эр хүн алдаа л биз. Ахдаа би буруу өгөхгүй ээ. Ах минь биднийг тэжээх гэж амьдралын төлөө, дүү нараа хоосон хонуулахгүй гэж өөрөөсөө том ачааг үүрч явсан. Би ахыгаа тод санаж байна. Их зөөлөн уяхан сэтгэлтэй хүн байсан. Дандаа л уйлдаг байсан. Ахыгаа хамгийн их санасан. Тиймээс ахыгаа хаана ч байсан, ямар ч байсан би цэрвэж бэргэхгүй. Ахдаа очиж уулзалгүй яах вэ” гээд нулимсаа арчсан юм.

 

АХ НЬ ДҮҮДЭЭ ХӨТЛҮҮЛСЭН АЛДРАЙ БАГЫН ДУРСАМЖ АМИЛСАН НЬ

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх өрөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн дүнсгэр орчныг сэрээж саяхан учирсан ээж, хүү хоёр хөтлөлцөн ирэв. Энэ л учралыг мэдээ нь үгүй чимээ хүлээн суугаа Н.Анх-Эрдэнэд нэвтрүүлгийн баг хамт олон болон тус ангийн удирдлагууд гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Анх-Эрдэнийг үлгэр жишээ сайн хүмүүжиж, нийтийн арга хэмжээнд манлайлан оролцож, ажилч хичээнгүй зангаараа үнэлэгдэж байгааг тус ангийн удирдлагууд ээж, дүү хоёрт нь дуулгасан юм.

Хүмүүжиж буй хүн бүхний цаана хайртай дотных нь гэр бүлийн хүмүүс байдаг. Тэднийхээ сэтгэл санааг тайван байлгаж, амьдрал ахуйд нь нэмэр болж үйлдвэрлэл эрхлэх, ажил хөдөлмөрт сурах, нийгэмших, соёл олон нийтийн ажилд хамрагдах гээд тун завгүй байдаг аж. Анх-Эрдэнэ дээрх бүхий л ажилд оролцож өөрийнхөө давуу талуудыг харуулж чадсанаар дэглэм буурч нээлттэй хорих ангид шилжих гэж байгаа юм байна. Тус ангийн урлаг заалны үзэгчдийн суудалд Анх-Эрдэнэ Ц.Гэрэлмаа хоёр аминчхан яриа өрнүүлэв. Ээждээ зориулсан дуугаа гитартай дуулж, нэвтрүүлэгч Гэрэлмаагаас баяртай мэдээ чагнаархан хүлээнэ. Харин тайзан дээр хөшигний цаана түүний 30 жил хайсан дүү нь, ээжтэйгээ сууж байгааг тэр мэдээгүй л байв.

“Амьд бурхан миний л ээжий

Алтан дэлхийд наддаа ганцхан

Аргадан бүүвэйлж хүүгээ өсгөсөн ч

Алдаж яваа хүүгээ уучлаач

Ээж ээ хүүгээ уучлаач, уучлаач

Эргэх хорвоод хүү нь дахин бүдрэхгүй” хэмээн эвлэгхэн дуулна.

Энэ л мөчид тайзны хөшиг нээгдэж дүү нь ахдаа мөнгөн аягатай сүү, хадаг бариад уйлаад ирэхэд ах нь “Ямар удаж байж ирдэг юм” гэж загнах аргадахын завсарт хэлээд дүүгээ тэврэн авч үнслээ. Энэ л мөчийг 30 жил хүлээж байсан ах, дүү хоёр мэлмэртэл уйлж, баярын нулимсаа хорьж дийлэхгүй байлаа.

“Яасан сайхан том залуу болоо вэ” гэж өөрөөс нь өндөр болсон дүүгээ ах нь хайрлан харсаар. Ахынхаа гараас хөтлөлцөн гүйж байсан насан багын гэрэлт дурсамж эргэн амилж ах нь дүүдээ ийнхүү хөтлүүллээ. Нэг ч гэсэн эхийн элгийг дэвтээж, нэг ч гэсэн ахын нурууг тэнийлгэж “Тавилан” нэвт­рүүл­гийн баг зорьсондоо хүрч чадлаа. Анх-Эрдэнэ “Эндээс гараад ээждээ гутал хийж өгнө” гэсэн хүслээ биелүүлж ээждээ өөрийн хийсэн шинэхэн гутал өмсгөж баярлууллаа.

Ах, дүү хоёрт ярих юм их ээ. Амьдралын тавилан өөр өөр өнгөтэй байдгийн адил тэд ч бас өөрсдийн түүхээ ийнхүү бүтээж явна. Одоо ах дүү хоёр, эх үр хоёр дахин хагацахгүй. Бараа бараандаа өтөлж, дутуу өнгө­рүүлсэн өдөр хоногийг хайраа­раа нөхөж хамт байх болно.

ТВ8 ТЕЛЕВИЗИЙН "ТАВИЛАН" НЭВТРҮҮЛГИЙН
ШИНЭ ДУГААРЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(66.181.161.123) 2021 оны 10 сарын 01

сайн хүмүүсийг үр хүүхэдтэй болгож буянтай л үйл хийж. Буруу нь ч хаашаа байх вэ

0  |  0
Zocnin(162.158.106.104) 2021 оны 10 сарын 01

Hoorhii ene zaluu ar geree tejeeh gej ideecnin uugaacndiin derged ocnuuhen hergeer yal idelsen ni uneheer haramsaltai Tanil taltai mongotei hun bol zugeer l yawj bgaa daa heden togrog tolood Hunii amidraliin 4 jil ih hugatsaa

0  |  0
-(192.82.64.215) 2021 оны 10 сарын 02

кино кино. уйллаа

1  |  0
зочин(202.179.26.45) 2021 оны 10 сарын 01

Би хүүхдээ хүнд , айлд өгснийг буруушаадаг. Хүчээр аваагүй өөрсдөө өгчөөд эцэст нь саналаа бэтгэрлээ гэдэг . Ингэх байсан бол яах гэж өгдөг байнаа. Гутал өгч байгаа биш, амьд хүн шүү дээ

1  |  2
Зочин(139.5.217.32) 2021 оны 10 сарын 02

Ээ мэдэхгүй юм даа. Эх хүн яаж ч зовж ядарсан үрээ хүнд өгдөггүй л юм. Яаж ийж байгаад л өсгөнө дөө. 4. 5 байтугай 10 хүүхдээ сайхан өсгөсөн ээж, аавууд зөндөө байгаа. Үр хүүхэд нь сайн явахаар нэг л их санасан болчихдог. Ах нь ч адилхан.

1  |  3
Altantsetsg(172.69.45.134) 2021 оны 10 сарын 02

Ёстой гоё нэвтрүүлэг шүү . мэлмэртэл уйлж уярч үзлээ Анх-Эрдэнэ болон гэр бүлийнхэнд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хамгийн сонирхолтоы гоё дугаар байлаа. Сайхан ээжид нь урт насалж удаан жаргаарай гэж ерөөе

4  |  0
Top