Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо.
Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г нь авч ялжээ. Түүний өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан байна. Ийнхүү Кишида Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, удахгүй Японы 100 дахь Ерөнхий сайд болно. Сонгуульд Коно, Кишидагаас гадна өмнө нь хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байсан Санаэ Такаичи, Сейко Нода нар оролцсон боловч эхний шатанд хангалттай санал авч чадалгүй хасагджээ. Засгийн газрын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг батлах парламентын чуулган ирэх сарын 4-нд болно.
Фумио Кишида 1957 онд төрсөн, 64 настай бөгөөд удам дамжсан улстөрчийн гэр бүлээс гаралтай. Түүний өвөө болон аав нь Либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд Японы парламентад сонгогдож байжээ. Кишида Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Васэдагийн хуулийн ангийг төгсжээ. Тэрбээр мөн бага байхдаа гэр бүлээрээ Нью-Йоркт амьдарч байсан бөгөөд сургуульдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан нь түүнд ихэд нөлөөлсөн гэдэг. Тиймээс түүнийг хүний эрхийн асуудалд Коногоос илүү мэдрэмжтэй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Тэрбээр “Hiroshima Carp” бейсболын багийн фен бөгөөд эхнэр нь Японы элит гэр бүлээс гаралтай.
1993 онд тэрбээр Либерал Ардчилсан намаас парламентын гол танхим болох доод танхимд анх сонгогдсон байна. 2007-2008 онд Кишида Окинава болон Хойд нутаг дэвсгэрийн (Өмнөд Курилын арлуудыг Японд ингэж нэрлэдэг) сайдын албан тушаалыг хашжээ. 2012 оны арванхоёрдугаар сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Абэгийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь тэрбээр Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийг удирдсан байна. Энэ үеэс хойш Кишида өөрийгөө намын даргад нэр дэвшигчээр идэвхтэй сурталчилж байв. Гэсэн хэдий ч Абэг өнгөрсөн онд огцорсны дараа Ёшихидэ Сүга Либерал Ардчилсан намын дарга болсон.
Кишида нам дотроо парламентын 46 гишүүнтэй өөрийн гэсэн фракцтай байна. Мөн тэрбээр Абэ Шинзод үнэнч гэгддэг хүмүүсийн нэг. Либерал ардчилсан намын бодлогын хорооны дарга түүнд нөгөө хоёр өрсөлдөгчтэй нь харьцуулахад намын болон олон нийтийн дэмжлэгийн аль аль нь нэлээд дутагдаж байсан юм.
“Asahi Shimbun” сонины судалгаанд оролцогчдын дөнгөж таван хувь нь л түүнийг дараагийн Ерөнхий сайд болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байсан. Тиймээс ажиглагчид түүнийг 2021 оны сонгуульд гол өрсөлдөгч байж болох ч энэ удаад боломж тун бага гэж дүгнэж байв. Кишида Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Миний амьдралынхаа турш хийх ажил бол цөмийн зэвсэгтэй тэмцэх” гэсэн нь тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обамад ихэд таалагдаж, түүнийг Хирошимад айлчлахад нөлөөлсөн гэдэг.
Хэдийгээр тэрбээр япончуудын дунд нэр хүндтэй байсан ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэггүй нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин түүний өрсөлдөгч Коно ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж байгаагаа хэлээд парламентаар хэлэлцүүлэхийг уриалж байсан юм.
Кишида Японы худалдааны гол түнш болох Хятадтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, цэргийн хувьд илүү хатуу байр суурь баримтална гэж амласан бөгөөд Зүүн Хятадын тэнгис дэх арлуудад Хятадын идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа юм. Харин Японы эдийн засгийн талаар тэрбээр “КОВИД-19 тахлын улмаас улам бүр өргөжсөн баялгийн ялгааг арилгахад туслах шинэ капитализм хэрэгтэй байна. Шинжлэх ухааны хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлэхийн тулд 90 гаруй тэрбум ам.доллар улсын төсвөөс гаргах хэрэгтэй” хэмээсэн юм.
Японы “Temple” их сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Жеффри Кингстон “Баялгийн тэгш бус байдлыг арилгах гэсэн оролдлого ирэх арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн үеэр эрх мэдлээ хадгалж үлдэх боломж олгох ганц арга” гэжээ. Ямартай ч Япон шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийн хямрал, коронавирусний цар тахал, Хятад-Америкийн сөргөлдөөн зэрэг олон хүнд асуудал хүлээж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )