PANDORA PAPERS | Хамгийн олон улстөрч, төрийн албан тушаалтан нь багтсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Володимир Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа авлигад идэгдсэн улс төрийн тогтолцоог шинэчлэх амлалт өгч байсан билээ. Гэвч Пандорагийн  баримтууд түүний талаар өөр түүх өгүүлж байгаа юм.

Пандорагийн баримтад нэр нь дурдагдсан улстөрч, төрийн өндөр албан тушаалтны тоогоороо Украин тэргүүлж байна. Тэдгээр хүмүүсийн дотор тус улсын Ерөнхийлөгч болох Володимир Зеленскийгийн нэр ч багтсан билээ.

Зеленский Украины олигархи давамгайлсан системийг цэгцлэх кампанит ажил явуулж байсан. Тэрбээр оффшор бүсэд хөрөнгөө нуусан Петр Порошенко шиг улстөрчдөөс өөрийгөө тэс өөр мэтээр тайлбарлаж байв. Гэхдээ Зеленскийгийн хувьцаа эзэмшдэг оффшор компанийн тухай мэдээллийг “Pandora Papers” илчлээд байна. Тэрбээр Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Maltex Multicapital Corp” нэртэй оффшор компанийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд хамтран эзэмшигчид нь түүний одоогийн улс төрийн ойрын холбоотнууд аж. Уг оффшор компани нь кино уран бүтээл үйлдвэрлэгч болон борлуулагч компаниудын хувийг эзэмшдэг байна.

АНУ-ын Вашингтон Д.С хотноо төвтэй Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум буюу “ICIJ” байгууллага өнгөрсөн ням гарагт дэлхийн 90 гаруй орны 300 гаруй улстөрч, төрийн албан хаагч, нөлөө бүхий хүмүүс, тэрбумтнууд болон үндэстэн дамнасан том корпорацуудын оффшор дансны мэдээллийг агуулсан 2.94 терабайт бүхий 11.9 сая файл баримт бичиг болох “Pandora Papers”-ыг ил болгосон.  Үүнд дэлхийн 46 улсад 77 оффистой, 7000 гаруй ажилтан бүхий АНУ-ын үндэстэн дамнасан “Baker McKenzie” хуулийн фирм улстөрчид болон том корпорацуудад татвараас зайлсхийхэд нь тусалдаг талаар мэдээлэл багтсан юм.

 

ХАМГИЙН САЙН НУУЦЛАЛТАЙ ТАТВАРЫН ДИВААЖИН МАЛЬДИВ, АНГОЛ, АЛЖИРТ БАЙДАГ

 

Дэлхийн тэрбумтнууд эх орноосоо олсон орлогоо гадаадад нуухын тулд маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болохуйц орчинг эрэлхийдэг. Хэрэв өндөр татвар төлөхөөс зайлсхийхийн тулд оффшор банкны дансанд мөнгөө байршуулахаар төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд  Швейцарь дахь нууц банк эсвэл Карибын тэнгисийн жижигхэн арлуудын талаар судалж магадгүй юм. Гэхдээ дэлхийн бараг өнцөг булан бүрт татварын диваажин байдаг ажээ.

Английн “Tax Justice Network” ТББ-аас 2020 оны  шилдэг 20 татварын диваажинг нэрлэжээ. Нийт татварын диваажингийн бараг тал хувь нь Европт байдаг бол үлдсэн хэсэг нь Америк, Ази тивд тархсан байдаг аж. АНУ, Япон, Их Британийн санхүүгийн хүчирхэг байгууллагууд,  Кайманы арлууд, Хонконг, Люксембург зэрэг жижиг  орнуудад байрласан байна. Гэхдээ тэдний нийтлэг нэг зүйл нь бүгдээрээ Их Британитай холбогддог.

Нууцлалын байдлаараа  хамгийн өндөр зэрэглэлтэй  нь Мальдив, Ангол, Алжирт  байдаг боловч эдгээр нь оффшор бүсийн санхүүгийн үйлчилгээний 0.1 хувиас бага хувийг эзэлдэг аж.

Түүнчлэн АНЭУ нь Африкийн чинээлэг хүмүүсийн  хөрөнгөө хадгалдаг хамгийн гол газар болсон гэж хэлж болно. “Tax Justice Network” -ийн 2021 оны аж ахуйн нэгжийн хувьд татварын диваажин хэмээгддэг орнуудын тоонд Британийн Виржинийн, Кайманы болон Бермудын арлууд багтдаг байна.

Хувь хүмүүс баялгаа нуухын тулд татварын диваажинд компани байгуулах тохиолдол олон байдаг. Долоогийн бүлгийн орнууд өнгөрсөн зургаадугаар сард үндэстэн дамнасан корпорацуудад улс орон бүрээс олсон орлогод нь үндэслэн татвар ногдуулах гэрээ байгуулсан. Мөн үндэстэн дамнасан корпорацуудаас авах дэлхийн хамгийн бага татварыг 15 хувь байхаар тогтоожээ. Энэтхэг, Хятад, Их Британи, Кайманы арлууд гэх мэт нийт 130 орны бүлэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн билээ.

“Pandora Papers” хамгийн олон улстөрч, төрийн өндөр албан тушаалтан нь багтсан орнууд:

 

  • Орос: 19
  • Гондурас: 11
  • Арабын Нэгдсэн Эмират улс: 11
  • Колумб:11
  • Нигери: 10
  • Их Британи:9
  • Бразил:9
  • Ангол:9

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top