Хоёр сайдаа авч үлдэхийн тулд Ц.Нямдоржоор "туг тахилаа"

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын "гал тогоо"-г барьж байгаа Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөөгүй, мэдээлэл хийгээгүй удаж байгаа билээ. Тэрбээр ЗГХЭГ-ын даргын ажлыг авснаасаа хойш чимээгүй, ямар нэгэн асуудалд байр сууриа илэрхийлээгүй гэхэд болно.

Тэгвэл олон сарын турш чимээгүй байсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр /2021.10.06/ ил гарч ирж, мэдээлэл хийв. Ингэхдээ хариуцлага алдсан хоёр сайдыгаа хэвлэлийнхний "дайралт"-аас хамгаалж, тэдэнд хүч нэмэхээр иржээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл өгсөн. Тэд шатахуун болон шахмал түлшний хомсдол, үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ихэнхдээ "хариуцлага алдсан" хоёр сайдынхаа өмнүүр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ярьж, төрийн бодлого, шийдвэр, байр суурийг илэрхийлж байгаа харагдлаа. Тэрбээр Засгийн газрын түвшинд сайд нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөөгүйг онцлов. Хэнтэй хариуцлага тооцохыг дараа нь жичдээ ярина гэдгийг ч дайж байлаа.

Ямартай ч салбартаа алдаа гаргаж, хариуцлага алдсан хоёр сайд болох Г.Ёндон, Н.Тавинбэх нар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн "гавьяа"-аар хэвлэлийнхний аманд уналгүй, мэдээллээ дуусгаж чадав.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар суудал нь ганхаж, хэл амны сэдэв болоод байгаа хоёр сайдыгаа авч үлдэхийн тулд улс төрд олон жил чанагдаж, хатуужсан, туршлагатай Ц.Нямдоржоор "туг тахив" бололтой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.93.237) 2021 оны 10 сарын 08

Нямдорж байгаа цагт Монгол улс өөдлөхгүй

0  |  0
Top