О.Цогтгэрэл: Д.Ганбатад хариуцлага ярих ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

С.Эрдэнийн АН буюу М.Тулгат даргатай АН-ынхан Ц.Тувааныг намаасаа хөөсөн тухай АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2021.10.14/ мэдэгдэв. Уг хэвлэлийн хурлын үеэр Д.Ганбатын хажууд М.Тулгат бараа болж байсан юм. Гэвч М.Тулгат хэвлэлийн хурлыг орхиж явсан бөгөөд Ц.Тувааны асуудлыг мэдээгүй хэвлэлийн хуралд ирсэн гэх тайлбарыг өгсөн юм. Харин Ц.Тувааныг намаас хөөж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс хасах шийдвэрийн талаар АН-ын дарга гэгдэж буй О.Цогтгэрэл ямар байр суурьтай байгааг тодрууллаа.  

-Ц.Тувааныг АН-аас хөөх талаар Д.Ганбат мэдээлэл хийлээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэн гэдэг хүн АН-аас Ц.Тувааныг хөөв. Тэр хүн нь Ц.Тувааныг хөөх эрх бүхий албан тушаалтан мөн үү биш үү гэдгийг судлах хэрэгтэй. Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бол С.Эрдэнэ гэдэг хүний нам дээр бүртгэлтэй гишүүд биш. Тэр хүн хэнийг хэд дэх удаагаа хөөх нь өөрийнх нь байр суурь байх. АН өнөөдөр эвлэрч ядаж байна. Гэтэл бүлгийн дарга нь хагаралдуулж байгаа үйлдлийг бид бүлгээрээ авч хэлэлцэнэ. Д.Ганбатад хариуцлага ярих ёстой байх гэж бодож байна.

-Та бол АН-ын дарга гэдэг албан тушаалтай байгаа. Гурван гишүүнийг намын гишүүнчлэлээс хасах тухай танд мэдээлэл өгөөгүй юм уу?   

-Нөгөө АН-ын удирдлагаар ажиллаж байгаа М.Тулгат хамт мэдээлэл хийе гэж урьсан байна лээ. Би амжихгүй гадуур явж байгаад ирлээ. Хэвлэлийн хуралд оролцсон хоёр хүндээ хүний эрхийн асуудлаар ярина гэж дуудаад ийм асуудал ярьчихсан байна лээ. Нөгөө хоёр хүн нь орхиод явсан.

-Бүлэг дотроо даргаа солих тухай албан ёсоор ярьсан юм уу. Д.Ганбат гишүүн ямар учраас ийм үйлдэл хийсэн бэ?

-Тэр өөрөө албан ёсоор тайлбарлах ёстой байх. АН бүлгийн дарга бүлгийг хангалттай зохион байгуулж чадахгүй байна гэдэг үндэслэл бол яригдаж байгаа. Өнгөрсөн хавраас хойш яригдсаар ч ирсэн.

-Гурван гишүүнээ хасахаар бүлэг сулрах хэмжээний аюул үүсэхгүй юу?

-Одоо бүлэгт байгаа цөөхөн гишүүдээ хасах нь байтугай ардчиллын төлөө нэгдэх ёстой. Яаж нэгдэж нийлж сөрөг хүчний байр суурин дээр гарах вэ гэж байхад бүлгийн дарга нь хагалж, эвлэж ядаж байгаа АН-ын их хуралд саад хийж байгаад би гайхаж байна.

-Одоо АН-ын албан ёсны дарга нь хэн юм бэ?

-Наад асуудлын чинь хариуг гаргах гээд л арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, асуудлаа эцэслэхээр төлөвлөөд байна. АН-ын залуус тал талд гарц шийдэл гаргаад ажиллаж байхад саад хийх үйлдлийг бүлгийн даргын зүгээс дур мэдэн ганцаараа хийлээ. Бүлгийн дарга гэдэг нь бүлгийн гишүүдийн байр суурийг илэрхийлэх үүрэгтэй хүн байхад бүлгийн даргын үүднээс гэдгээрээ түрий барьж ганцаараа мэдээлэл хийх эрх бүхий хүн биш.

-АН-ын эв нэгдэлгүй байлгаж байгаа энэ асуудалд хэн буруутай вэ?

-Өмнөх АН-ын удирдлага байсан олон хүнийг нэрлэж болно. Үүнд онцгойлон оройлж байгаа өөрийгөө удирдлага гэж бодож байгаа хүн ч бий. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд олон түмэн(192.82.86.174) 2021 оны 10 сарын 14

С.Эрдэнэ байсан цагт энэ нам энэ асуудал ийм л байх болно

0  |  0
Top