Дээд шүүх хууль зөрчиж, Н.Энхбаяр шат алгасчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

 МАХН хэмээх улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэснээ зарлаад долоо хоногийн ойтойгоо золгох гэж байгаа ч энэ асуудал нийгмийг үймүүлж эхэллээ. Эрх баригч хүчин болох Ардын намын өмчлөх гээд байсан МАХН гэдэг нэрийг өөрийн болгохын тулд зургаан сарын турш уйгагүй хөөцөлдсөн Н.Энхбаяр, Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тэргүүтний "нар гарч" байгаа. Тэд албан ёсоор намынхаа үйл ажиллагааг эхлэж буй тухайгаа уржигдар хэвлэлийн бага хурал хийж тунхагласан. Харин одоо тэд дотооддоо албан тушаалын томилгоо хийгээд завгүй байна. Тэднийг ийнхүү баяраа тэмдэглэж, бялуугаа   хувааж байх хооронд намынхаа нэрийг шударгаар авсан эсэх талаар нь нийгэмд маргаан дэгдэж эхэллээ. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас "Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна" гэсэн дүгнэлт гаргасан. Энэ шийдвэр Ардын намын ашиглаж байсан МАХН хэмээх нэрийг өөр улс төрийн хүчин ашиглах боломжгүй гэдгийг баталгаажуулсан. Тиймээс ч тухайн үед МАХН-ынхан "Төрийн эргэлт хийгээд ч болтугай МАХН хэмээх нэрийг авахдаа л авна" хэмээн "шүд зууж" байсан удаатай. Тодорхой шийд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг давж гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр Үндсэн хуулийн Цэцийн дээр "хөх тэнгэрээс гадна Улсын дээд шүүх байдаг" гэдгийг бэлхнээ гэрчилж өглөө. "Үүгээр Н.Энхбаяр эрх мэдлээ алдсан ч хууль хяналтынхныг гартаа атгаж байгаагаа нотолж чадлаа" гэх хүмүүс ч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ер нь хэнбугай ч байсан гаргах шийдвэрт нь нөлөөлж чадахгүйгээр хараат бус эрхээ тунхаглуулсан Улсын дээд шүүхээс "МАХН-ыг улс төрийн нам боллоо" хэмээн яаран сандран мэдэгдсэн. Энэ нь эцэстээ Улс төрийн намуудын тухай хуулийн 10 дугаар зуйлийн нэг дэх хэсгийн 6-д заасан "Хуульд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болж таарч байгаа юм. Н.Энхбаяр бухимдаж, Улсын дээд шүүхийнхэн хулмалзаж өнжих нь бололтой. Яг үүнтэй зэрэгцээд Улс төрийн намуудын тухай хуулийн 15 дугаар зүйлийн зургаад зааснаар Ардын намын өмчлөлд байх ёстой МАХН хэмээх нэр өнөөдрийн байдлаар хэний нэр дээр бүртгэлтэй байгаа нь олон нийтийн сонирхлыг зүй ёсоор татаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ардын намын хуучин кадруудын нэгний нэр дээр МАХН гэсэн нэр бүртгэлтэй байдаг аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top