АН-ын бүлэг "40-ИЙН БИДОН"-тойгоо үлдэх үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Оросын алдарт "Алтан загасны үлгэр"-т эцэс төгсгөлгүй шуналаа дарж, хазаарлаж чадаагүй эмгэн эцэстээ эвдэрхий муу тэвштэйгээ үлддэг. Харин орчин цагт энэ үлгэр өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынханд яв цав тохирчээ.

Тэд эрх мэдлийн төлөө намаа хоёр хувааж, шат шатны сонгуульд ялагдал хүлээж, эцэстээ УИХ-д бүлэгтэй үлдэх эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдалтай нүүр тулаад байна.

Учир нь, өнөөгийн УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй. Тэднийг Д.Ганбат даргалдаг бол бүлэгт С.Одонтуяа, Н.Ганибал, Б.Бейсен, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, О.Цогтгэрэл нар багтдаг.

Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийхдээ Ц.Тувааныг намаасаа хөөж, С.Ганбаатар болон Н.Алтанхуяг нарыг бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан талаар мэдэгдсэн билээ.

Харин өнөөдөр /2021.10.18/ үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл оноож, намын гишүүнчлэлээс хассан гэх мэдээллийг өглөө.

Ингэснээр УИХ-д 13 гишүүнтэй бүлгийн үйл ажиллагаа явуулж байсан АН-ынхан таван гишүүнээ "хөөгөөд" байна. Одоо УИХ дахь АН-ын бүлэгт Д.Ганбатаас гадна долоон гишүүн үлдлээ. Хэрэв тэднээс хоёр л гишүүн "хөөгдсөн", эсвэл явсан тохиолдолд АН-ынхан парламентад бүлэггүй болно.

Хэзээнээс эв түнжингүй, дотоод хагарал нь тогооноосоо хальж, хоёр хуваагдсан АН-ынхан эв зүйгээ олохгүй, энэ янзаараа гишүүддээ хариуцлага тооцож байгаа нэрээр намаасаа "хөөж, туугаад" байх аваас УИХ дахь АН-ын бүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболдын хэлсэнчлэн "40-ийн бидон"-оос нь өөр хүн үлдэхгүй нь бололтой. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зарим гишүүдээ намаасаа хөөж, бүлгээсээ хассан талаарх мэдээллийг хийсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг "40-ийн бидон" хэмээн егөөдөөд авсан билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.90) 2021 оны 10 сарын 18

Бидон Ганбаа энэ хүйтэрч буй үед бидонтойгоо хөлдөж дууслаа. Зайлуул сонгуулийн сурталчилгаагаар Баттулга дагуулсан иргэдтэй уулзахдаа Ганбатыг сонгоорой гэж хэлээд явж байсан даа. Ийм хүн лүүгээ хутга шааж бна гэдэг энэ нөхөрт хүн чанар хүний наад захын бодол алга даа . Юун ард түмэн төрийн хэрэг ярих зүгээр татаж аваарай хонгор нутгийнхан минь ээ

0  |  0
Иргэн(66.181.161.94) 2021 оны 10 сарын 18

Энэ байдлаараа бол 40-ын байтугай 1-ын бидон ч үгүй болох вий дээ

1  |  0
Зочин (103.212.118.97) 2021 оны 10 сарын 18

Толгойны хэмжээ нь 1 бидон. 2016-2020 үед гудамжинд лааз өшиглөж байснаа санаач 1 ийн бидон оо

0  |  0
!!!!!(66.181.161.10) 2021 оны 10 сарын 18

Энэ 40-ийн бидон одоо 4-ийн бидон боллоо доо хөөрхий.

0  |  0
Top