А.Отгонбаатар: Манайх нэн ядуу байсан, өнөөдөр ОЛИГАРХ гэж хэлүүлсэндээ баяртай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

Тэрбээр УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөн ялагдал хүлээсэн ч бусдын адил мөнгө зарж, олон хүн хохироосон сонгууль хийгээгүй болохоор сэтгэл санаа хэвийн байна гэлээ. Түүний сонгуулийн зардал 2,7 сая төгрөг болсон бөгөөд нөхөн сонгуульд нэг ч ухуулагч, ажиглагч, сонгуулийн менежергүй өрсөлджээ. 

А.Отгонбаатар хэлэхдээ “Сонгуулийн ирц 50%+1 хүрээгүй. Нийт сонгогчийн 48 хувь нь саналаа өгсөн ч Э.Батшугар сонгогдсонд тооцогдлоо. СХД-ийн 56 мянга орчим иргэн саналаа өгөөгүй. Сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулахын төлөө би дуу хоолойгоо хүргэх болно” гэв.

Мөн гэр хороололд амьдарч байхдаа хүйтэн хөнжилд хэн нь түрүүлж орох вэ гэж эхнэртэйгээ хурууддаг байсан тул нүүрсгүй хонож байгаа айлуудын асуудлыг шийдэхийн төлөө "Тавантолгой түлш" компани дээр очсон тухайгаа тайлбарлав.


"ХААЛГА АА!" ГЭЖ ОРИЛОХ ҮЕДЭЭ ХААЛГА НЬ ХАЖУУД БАЙСНЫГ МЭДЭЭГҮЙ

А.Отгонбаатарын нийслэлийн ЗДТГ-ын байр руу орохдоо хаалга андуурч, бухимдсан нь сошиалд түүнийг тоглоом, шоглоом болгоход хүргэсэн. Тэгвэл тэр энэ үйлдлийнхээ талаар “Миний хаалга андуурсныг хүмүүс их шүүмжилж байна. Гэтэл нөхдүүдийн "2021 онд СХД-ийг гэр хороололгүй болгоно" гэж хэлсэн алдаа хоёр сарын дараа дуусах гэж байна. Үүнийг шүүхгүй байна. 2017 онд метро тавина гэж хэлээд тавиагүй байхад шүүхгүй байна. Эх орондоо хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэсэн чинь одоо байхгүй байна. Манай Н.Энхбаяр ах төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас гаргана гэж хэлж байлаа. Энэ бүхнийг шүүмжлэхгүй байж хүмүүсийн сэтгэлгээнд зориулсан хар пиар-аа над руу чиглүүлж чадлаа. Тэр нь хөнгөн сэтгэлгээтэй хүмүүсийн олз болох шиг боллоо” гэж тайлбарлалаа. 

НАМАЙГ ХҮН ЗОДСОН ГЭЭД 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН

Тэрээр мөн сонгуулийн өмнө болсон бас нэгэн маргааны талаар "Намайг нэг залуу бүдүүлэг үгээр доромжлоод байхаар нь дагзнаас нь түлхсэн чинь хүн зодсон гээд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон. Сонгуулийн сурталчилгааны эхний өдөр Х.Бат-Ялалт намайг мангасдахад харин цагдаа нар шалгаагүй" гэлээ. 
 


БҮХ ХӨДӨЛГӨСӨН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ НИЙЛЭЭД 300 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ БОЛСОН

Нөхөн сонгуулийн өмнө олон нийтэд ил болсон түүний хөрөнгө орлогын мэдүүлэг бас л анхаарлаас хол байгаагүй. Энэ тухайд тэр "Манайх гэр хороололд амьдардаг байхад би өөрөө Lexus 470, эхнэр маань Toyota Harrier унадаг байсан. Бизнес маань ахиж, 470-аа 570 болгосон. Эхнэрийн маань Toyota Harrier одоо Crown болсон. Энэ бүхэн бидний өнгөрсөн 13 жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн хөрөнгө. Өмнө нь миний хөрөнгө орлогын мэдүүлгийг судалж байсан хүн байхгүй. Намайг ганцхан жилийн дотор баяжсан мэт харагдуулсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зараад, байр авсан. Одоо 175 сая төгрөгийн байрны зээлтэй. Манай гэр бүлийн хөрөнгө орлогын мэдүүлэг яагаад 300 орчим сая төгрөг болсон бэ гэхээр хашаа, байшингаа зарсан мөнгийг тухайн жилийн орлого гэж тооцсон. Мөн lexus 470 автомашинаа зарсан нь бас л тухайн жилийн орлогод тооцогдсон. Ингээд lexus 570 авахад бас л тухайн жилийн орлого гэж тооцогдсон. Эхнэрийн Toyota Harrier автомашиныг зарж, Crown болгосон. Энэ мэт бүх хөдөлгөсөн хөрөнгө тухайн жилийн орлого болж тооцогддог юм билээ. Тэгээд л жилийн орлого 300 орчим сая төгрөг болчихсон" гэдгийг ярилцлагын үеэр онцолж байлаа. 

НАДАД МАШ ИХ ДАРАМТ, ШАХАЛТ ИРДЭГ

Мөн тэр "Би бол үнэндээ А.Адьшаа гишүүний албан ёсны зөвлөх болоогүй. Бичиг явж байгаад буруудсан. Ер нь бол би уул ус ухаж, улс төрөөс хулгай хийгээгүй амьдарч байгаа.

Намайг улс төр хийгээд, баяжаад байна гэж бодож байгаа бол өөрсдөө оролдоод үзээрэй. Надад бол маш их дарамт шахалт ирдэг. Мянга мянган залууст улс төрд орох сонирхол байгаа ч айж байна. Улс төрд орно гэдэг чинь Аса аваргын хэлснээр “алаан” байхгүй юу" гэхчлэн илэн далангүй яриа өрнүүлэв. 

Ярилцлагын үеэр А.Отгонбаатар "Ирэх сонгуулиар Өвөрхангай нутгаа зорино" гэдгээ ч мөн нуусангүй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top