Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 17-нд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан билээ. Энэ төлөвлөгөөнд тусгасан чиглэлүүдийн нэг гол цөм нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих тухай байсан.
Түүнчлэн Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих Монголбанкны репо санхүүжилтийн хүрээнд энэ салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа. Тэгвэл энэ сарын 7-ны өдрийн байдлаар 1.886 их наяд төгрөгийн зээлийг 24,731 зээлдэгчид олгоод байгаа аж. Үүний 19,200 нь иргэн, 5,452 нь аж ахуйн нэгж байна.
Ажлын байрыг дэмжих уг зээлийн хөтөлбөрийг цаашид гурван их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байсан.
Тэрбээр “Уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3,100 зээлдэгчид олгосон байна. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон” гэсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөр бидний төсөөлж байснаас илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогдож байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүдийн эцсийн зорилго ажлын байрыг хамгаалах, улмаар эдийн засгаа дэмжих юм. 10 их наядын төлөвлөгөө энэ түүхэн үүргээ биелүүлж байна гэж бид үзлээ” хэмээн өнгөрсөн долоодугаар сард мэдэгдэж байсан..
Сүүлийн мэдээллээс үзэхэд Ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд орчим төгрөгийн зээлийг банкууд олгоод байна. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж Засгийн газар үзэж байна.
Монголбанкны мэдээллээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 45.7 хувиар өсч, 5.6 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 60 хувийг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл, 40 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлж байна.
ТАЙЛБАР: ЖДҮ эрхлэгч ААН-ийн зээлийн 47.3 хувийг, ЖДҮ эрхлэгч иргэдийн зээлийн 52.7 хувийг худалдааны салбарын зээл бүрдүүлж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн 34.4 хувийг худалдааны салбарт, 11.6 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 11.2 хувийг барилгын салбарт, 4.7 хувийг байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт, 4.3 хувийг ХАА-н салбарт тус тус олгожээ.
Өмнөх сартай харьцуулахад жижиг, дунд эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл 1.7 хувиар өсч, ААН-д олгосон зээлийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 3.4 их наяд их наяд төгрөгт хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )