Сонсогчдын олонх хүлээн зөвшөөрөөгүй нөхөн сонгууль нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болж өнгөрлөө.
Сонгуулийн 18, 28 дугаар тойрогт аль алинд нь ирц 50 хувь давсангүй. Энэ удаагийн нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх үндсэн шалтгааныг ажиглагчид ингэж тайлбарлаж байгаа.
Нөхөн сонгуулийн дүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд сонгогчдын олонх хүлээн зөвшөөрөөгүй нэр дэвшигч УИХ-д төлөөллийн үүрэг гүйцэтгэх нь зохимжгүй гэдэг шүүмжлэл өрнөж байна. Харин сонгогчдод хүрч ажиллах ёстой Сонгуулийн ерөнхий хороо үүнийг хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ ямар ч шаардлагагүй нэмэлт санал хураалт явуулж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв.
Тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сонгогчдын олонхын санал авч, ялалт байгуулсан Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ажил ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явуулсан. Ирцийн хувьд өндөр биш ч гэсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийг дуусгасан. Хэнтий аймагт Ц.Идэрбат 17264, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28537 сонгогчийн санал авсан" гэх мэдээлэл өгсөн.
Угаасаа нэмэлт санал хураалт явуулаад ч ирц хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулах хуулийн заалт хэрэгжиж байгаа. УИХ-ын сонгуулийн хуулийн 78 дугаар зүйлд ямар тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахыг хуульчлан зааж өгсөн байдаг. Тухайлбал, 78.1-д “Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан бол 78.2-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулиар санал тэнцсэн тохиолдол гараагүй учраас сонгогчдын ирцийг 50 хувьд хүргэхийн тулд нэмэлт санал хураалт явуулсан болж таарч байна. Хуулийн уг заалтын дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийг 50 хувьд хүргэх үүрэг хүлээнэ гэсэн үг. Гэтэл нэмэлт санал хураалт явуулаад ч Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирц хүрсэнгүй.
Аравдугаар сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувьтай гарсан. Улмаар өнгөрсөн бямба гарагт нэмэлт санал хураалт явуулахад, 18 дугаар тойргийн сонгогчдын 46.65 хувь, 28 дугаар тойргийн 48.89 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байгаа юм. Сонгинохайрханы 28 дугаар тойргийн 26 хэсгийн хорооны 14-т нь, Хэнтийн 18 дугаар тойрогт багтдаг 18 сумын долоод нь сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны ажлын үзүүлэлт бөгөөд анхнаасаа нэмэлт санал хураалт явуулаагүй байсан ч гарах үр дүн тодорхой байжээ.
Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.5-ыг үндэслэн, “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэдгийг мөрдсөн гэдэг тайлбар өгч байгаа.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )