Ардчилсан нам мөхөх биш харин ч СЭХЭЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

“Зэрэг нэмэхийн өмнө” кинонд ноён хиагаа майхан тойруулан хөөдөг дөө. Сүүлдээ хиа нь “Та намайг хөөгөөд л, би таныг хөөгөөд л, та бид хоёр ч хөглөж байна даа” гэдэггүй юу. Ардчилсан намд өрнөж байгаа үйл явдал өнгөрсөн хэд хоногт өнгөн талаасаа нэг тиймэрхүү л харагдлаа.

АН-ын дарга М.Тулгат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар УИХ дахь бүлгээсээ Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Алтанхуягыг хасаж байгаагаа зарлав. Мэдээж, улс төрөөр олны танил болсон хүмүүс нэгэн зэрэг үг дуугүй хөөгдөнө гэж байхгүй.

Тэд даваа гаригт /2021.10.18/ мэдээлэл хийж Д.Ганбатыг УИХ дахь бүлгийн даргаас нь огцруулж, Н.Ганибалыг орлон гүйцэтгэгчээр тавьж буйгаа зарлаж байна лээ. Гол нь Дээд шүүхэд бүртгэлтэй хүчин төгөлдөр тамга М.Тулгат, Д.Ганбат нарт байгаа болохоор яваандаа тэдний талд асуудал шийдэгдэх биз.

Бас хөөгдөөгүй боловч хөөгдсөн хэдийн талд О.Цогтгэрэл орчихсон байгааг харахад 2017 оны явдал давтагдах магадлал ч байна. Тэр жил УИХ дахь АН-ын бүлэг эрх баригч намын Засгийн газрыг огцруулахаар үгсээд байтал Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар бүлгийнхээ шийдвэрийг дагаагүй. Үүнээс үүдээд Ж.Батзанданг намаасаа хөөтөл, Л.Болд нь тунир­хаж гараад АН бүлэггүй болж байв. Хуулиараа аливаа нам, эвсэл УИХ-д найман гишүүнтэй байж бүлэг байгуулах эрх үүсдэг. Гэхдээ бүлэгтэй ч, бүлэггүй ч нэг намын туган дор яваа болохоор сөрөг хүчин байж л байна.

Өдгөө АН-ын дотоодод болж байгаа бужигнааныг хараад “АН гэдэг ч бүтэхгүй нөхдүүд байна”, “Тарж бутраад сураггүй боллоо”, “С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар зодолдсоор намаа тараалаа”, “ХҮН хоёр дахь улс төрийн хүчин болов” гэх мэтээр дэвэргэх хөдөлгөөн ч өрнөлөө. Бас үнэхээр ийм мэдрэмж авч байгаа хүн олон байгаа байх. Гол нь ардчилсан аливаа улсад сайн тал нь үргэлж сөрөг хүчин байдаг юм аа. Өнөөдөр АН-ынхан бутарч, хагарлаа гээд эрх баригчдад иргэд хайртай болчихгүй л дээ. МАН-ынхан одоо л болгоомжлох зүйлтэйгээ тулгарсан гэж ойлгох хэрэгтэй. АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялагдсан нь хуваагдаж хэрэлдсэн гэхээсээ хэн нэгний гар хөл болсон, эрх ашиг тойрсон олон жижиг бүлэглэлүүдийн дүртэй харагдаад байсанд нь байдаг. АН гэдэг өөрөө үзэл санаан дээр мэндэлсэн нам. Тэгэхээр үзэл баримтлал гэх юмгүй болсон байдлаасаа салах гэж чармайж байгаа үйл явц одоо харагдаж байна. Ер нь нэг том нам болж харагдах гэж тэнд ч рекетлүүлж, энд ч доромжлуулж байх ямар хэрэг байх вэ дээ. Одоо намын ажлыг наймаа арилжаа, эрх ашгийн цонхоор хардаг хэсгээ ил тод гэсгээгээд олны дунд хэлэл­цүүлээд, мэтгэлцээний үр дүнд эмхлэн байгуулах болов уу. Өргөн утгаараа бол АН-ын сон­гуулиас сонгуулийн хооронд эвээ олохгүй наалдаж байсан бариас нь тавигдаад тэсэрч байна л даа.

Дээр нь өнгөрсөн хэдэн жилд АН-ыг бараг хувьчилж авсан мэт аашилдаг хэдэн “ахмад дай­чид” нь нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх цаг хугацаагаа илээсэн нь харагдлаа. С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, З.Энхболд гэх мэт болон тэдний үеийнхнээс АН-ынхан аажмаар салах боломж өнгөрсөн сонгуулиудын ялагдлын ач тусаар бүрдлээ. Өнөөхөндөө нэгийгээ Х.Баттулгын хоолойгоор ярьж байна, нөгөөгөө С.Эрдэнийн үгийг уншиж байна гэж хардах бол байх л зүйл. Гол нь энд дурдагдаад байгаа хүмүүс өөрсдөө гарч ирээд нам дотроо, нийгэмдээ дэмжлэг аваад явчих боломжгүй болсон нь хангалттай өөрчлөлт л дөө. Тийм ч болохоор намдаа арын эгнээний улс­төрч гэгдэж байсан “бидон” хэ­мээх Д.Ганбат толгойлоод цэвэр­­лэгээ хийгээд эхэлж байгаа юм.
 


Энэ намд эхлээд Х.Баттулгын нөлөөг арилгах акц яг одоо өрнөж байна. Ингэх шалтгаан бий. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчидтай хамгийн их нөхөрлөсөн хэсгээсээ л эхэлж таарна биз дээ. Одоо л гэхэд сөрөг хүчин Засгийн газрыг огцруулах асуудал хөндөхөд ил, далд Х.Баттулгын талыг баримталж байсан гишүүд нь дэмжихгүй байхад ингэхээс өөр яах юм. Энд нэг хачирхалтай нь Д.Ганбатыг улс төрд Х.Баттулгын хүн гэж ил, далд цоллодог байлаа. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор хийсэн болгон нь өөр дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Жишээ нь, Шүүхийн тухай хууль УИХ-д орж ирсэн цагаасаа олон драм туулж байж хэрэгжиж эхэллээ. Шүүхийн Ерөнхий зөв­лөл, Шүүхийн сахилгын хороог Ерөнхийлөгч биш УИХ болоод шүүхийн өөрөө удирдах байгууллагууд мэдэж байгуулдаг болгох гол өөрчлөлттэй.

Өнөө “Шударга бусын хонгил” гэгчийн түлхүүрийг Ерөнхийлөгчөөс салгаж, олон газар эрх мэдэлд хуваан хадгалуулах л ажил юм даа. Тэр нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгыг ч нэлээд хилэгнүүлсэн. Асуудал Цэц хүрээд буцсан гэх мэт үйл явдлуудыг тоочоод байвал зөндөө юм бий. Гол нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн завсарлага авч дүр үзүүлж байсан ч батлах болоход дэмжиж кноп дарсан байдаг юм. Д.Ганбат зарчмын хувьд зөв хууль болжээ гээд бусдыгаа уриалсан гэх юм билээ. Ямар ч байсан шүүх хараат бус болоход нэг шат ахилаа.

Бас одоогоос нэг жилийн өмнө Х.Баттулга гэдэг хүн дахиад дэвших нь ойлгомжтой, ялах нь тодорхой кандидат байв. Тэр үедээ УИХ дахь АН-ын бүлгийнхнийг хоёр ч удаа цуглуулж “Цагаан суваргын ордыг төрд аваад ахмадуудын тэтгэврийг нэмчихье. Бүлгийн хуралдаанаараа дэмжээд энэ ажлыг санаачлаад яв. Би эрх баригчидтай нийлж дээрээс нь дэмжинэ” гэх санал тавьсан тухай барим тавим яриа Төрийн ордонд гарсан. Тэгэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай нам баруун төвийн чиг баримжаатай. Ямар замаар тэр орд газар хувьд очсоныг мэдэхгүй. Гэхдээ хэрэв бид эрх баригчидтай нийлээд хувийн өмчийг дээрэмдэж эхлэх юм бол зөв зарчим нь алдагдана. Тийм болохоор энэ саналыг дэмжиж чадахгүй, манай бүлгийн гишүүд ч дэмжихгүй” гээд гэдийчихсэнээс болоод ажил хэрэг болоогүй гэдэг. Н.Номтойбаяр шоронд сууж, нийгэм даяар сэтгэлийн хөдлөлд автсан үед Цагаан суваргыг төрд авах бол боломжгүй зүйл байгаагүй л дээ.

Энэ бүхнээр “бидон” хэмээх Д.Ганбат гэдэг хүнийг магтах гэсэнгүй. Зарчмын хувьд зөв талд яваад байгаа хүн юм байна даа гэж боддогоо л хэлж байгаа хэрэг. Тэр зарчим ирэх жилүүдэд АН-д их хэрэг болно. Намаа эхлээд Х.Баттулгаас салгаж байгаа юм байна. Үргэлжлээд бусдаас нь салж л орхино. Тухайлбал, С.Эрдэнэ бол Дээд шүүх шийдвэрээ гаргавал тамгаа өгөөд чимээгүй алга болоход бэлэн болчихсон байгаа шүү дээ. Гол нь намыг өмчлөх гэдэг, өөрийнхөө эрх ашигт зүтгүүлэх гэдэг элдэв хүчин зүйлээс чөлөөлж байж иргэдийн дэмжлэгийг авах боломж үүсэх юм. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдан туйлдаж сүүлийн том жижиг таван сонгуульд дараалан ялагдсаны дараа задрал нэртэй шинэчлэл рүү алхлаа. Залуусын гарт очих замаа ч заслаа. Угаасаа Монголын ардчилал ганц том намтай байгаа үед удаан тэсэхгүй гэдгийг улс төр сонирхдоггүй хүмүүс ч мэдрээд эхэлсэн байхад жамаараа л өнхрөх биз дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.31.253) 2021 оны 10 сарын 23

Луйварчдын нам гэвэл яасын

0  |  0
АН-ын гишүүд(122.201.31.253) 2021 оны 10 сарын 23

АН Эрдэнэт үйлдвэр зэрэг олон үйлдвэр уурхайнуудыг хуйвалдан дээрэмдсэн нь л энэ намыг мөхөөлөө дөө, одоо нэрээ солихоос нааш явахгүй ээ,\nЯдаж ЛН буюу “луйварчдын нам” гэсэн ч яахав.

0  |  0
Top