Улстөрчид найтаахад АТГ ханиадаг болчихов уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

-Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед буюу 2019 онд "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар түүнд хэрэг нээжээ-

“Кремльд найтаахад Саарал ордонд ханиад хүрдэг” гэж социализмын үед хошигнодог байсан гэдэг. Түүн шиг улстөрчид найтааж эхлэхэд хуулийн байгууллага, тэр тусмаа Авлигатай тэмцэх газар ханиалгадаг болчихсон юм биш биз гэдэг хар буухаар үйл явдал боллоо. Тодруулбал, АТГ-аас Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, улмаар баривчлав. Үүнийг улс төрийн баривчилгаа харах хэдэн үндэслэл байгаа юм. Учир нь Д.Хаянхярвааг баривчлахдаа Эрдэнэс Монгол ХХК-ийн 2019 оны тендерүүд будлиантай болсон гэдэг шалтгаан хэлжээ. Гэтэл тэр үед энэ хүн чинь Эрдэнэс Монгол компаниас хаа хол УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан шүү дээ.

Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас өчигдөр гаргасан албан мэдээндээ “Эрдэнэс Монгол ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даат­гал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн байв.

Уг асуудлаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжавтай холбог­доход “Миний хувьд Д.Хаянхярвааг сэжигтнээр баривчилсан тогтоолтой танилцаагүй байна. Мөрдөгч, прокурортой уулзаж тогтоолтой танилцах хүсэлт тавихад “Материалыг шүүхэд хүргүүлсэн” гэдэг хариу өгсөн. Маргааш (өнөөдөр) шүүх хурлыг хийхээр товлосон талаар сая мэдэгдлээ. Прокурорын байгууллагаас Эрдэнэс Монгол ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, гэр, албан тасалгаанд нь хийсэн нэгжлэгээр мөнгө илэрсэн тул худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй’ гэж байна лээ” гэсэн юм.

Хачин байгаа биз. Өнөө “Хүн нь байвал зүйл анги олдож таарна” гэдэг шиг явдал болжээ. Хуулийн байгууллага нь хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл ганц энэ биш.

Хэн ч байсан алба, аминых нь өрөөнд АТГ-аас нэгжлэг явуулсан бол гэрэл зураг, бичлэгээр баталгаажуулж аваад шүүх хурлын үеэр л баримт нотолгоонд ашиглах учиртай. Тэгвэл нэгжлэг хийж байгаа өрөөний байдал, хэдэн боодол мөнгөтэй шүүгээ зэргийн зургийг нийтэд дэлгэлээ.

Ямар учиртай мөнгө байсныг эцэслэн тогтоож, шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад шууд л “Олон нийт минь тасдаад хая” гэсэн шиг шидчихэв. Хүний эрхийг хөсөрдүүлэх учраас шалгаж байгаа гэмт хэрэгтэй холбоотой хүмүүсийн нэрсийг ч хэлэхгүй гэдэг АТГ шүү дээ. Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Тус хуулийн 7.2-т “Гүйцэтгэх байгууллага, түүний ажилтан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан байгууллага, албан тушаалтан болон шүүх зөрчигдсөн эрхийг нь сэргээж, учирсан хохирлыг арилгах арга хэмжээг тус тусын чиг үүрэг, хууль тогтоомжид заасны дагуу авна” гэж бий. Мөн хуулийн 8.7-д “Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно” гэж байгаа. АТГ-ынхан өөрсдийн бараг өдөр тутам хийдэг ажлыг ямар хуулийн хүрээнд явуулдаг гэдгээ мэдэхгүй байна гэж үгүй баймаар.

Тэгэхээр 2019 оны хэрэгт яагаад Д.Хаянхярвааг буруутгасан, Гүйцэтгэх ажлын нууцыг юунд задруулав гэсэн асуултын хариуг сэтгүүлчид хайж таарна. Үүнийг АТГ, прокуророос сураглахаар “Дээрээс ганц цонхоор мэдээлэл өг гэсэн. Тиймээс энэ талаар ярих боломжгүй” гэдэг үгээр хааж орхих аж. Дээрээс гэдэг нь тэгвэл чухам хэн бэ эсвэл бүр аль нам бэ гэж асуух ёстой юу, бүү мэд.

Үүгээр Д.Хаянхярваа гэдэг хувь хүнийг өмөөрөх гэсэн юм биш. Хэнийг ч хуулийн хүрээнд шалгах ёстой гэдэг утгаар нь бичиж байгаа юм. Баривчлаад зогсохгүй хойноос залгуулаад Д.Хаянхярваа хэлсэн мэтээр зохиосон нягтлан бодогчдоо итгэдэггүй гэх утгатай үгийг ч мэдээллийн сайт, цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь сэжиг төрүүлэхгүй өнгөрнө гэж үү. Энэ мэтээр үлгэр зохиож байгаагаас харахад тун танил технологи яваад байгаа юм. Хэн нэгнийг хэрэг хийсэн мэтээр нийгэмд жигшүүлж, өөрийгөө өмгөөлөх аргагүй болгоод ажил албан тушаалыг нь авдаг. Улмаар улс төрөөс холдуулдаг жишиг тогтчихоод байна. УИХ-ын дарга асан М.Энхболдоос эхлээд Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг эргээд сана л даа. Ер нь тэгээд Засгийн газартай хариуцлага ярих тухай асуудал үе үехэн хөндөгдөх болсон цагтай давхцаж байгаа нь ч сонирхол татаад байгаа. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын томилгоо, үйл ажиллагаа чинь Засгийн газрын хүрээнд орчихсон биз дээ. Д.Хаянхярваагаар дамжуулан хэн, хэнд сануулга өгч байна вэ гэдэг ч сонирхол татаад байна.

Монголын ардчиллыг харлуулж, хог болгож байгаа гол хүч бол авлига юм. Үүнтэй дорвитой тэмцэхгүйгээр нийгэмд шударга ёс, иргэдийн төрд итгэх итгэл, хөгжил дэвшлийн тухай ярих аргагүй. Гэхдээ авлигатай тэмцэх нэрээр бусдын нэр төрийг хөсөрдүүлж болдог, эрх мэдэлдээ ашиглаж өрсөлдөгчөө зайлуулах замаар тэндээ бэхэждэг багаж болгож хувиргах бол илүү аймшигтай зүйл юм. Улстөрчид хийгээд хуулийнхан ч үүнээс сэргийлэхийг хүсдэггүй гэж үү. Өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд хууль, шүүхийн байгууллагуудын их хурал болсон. Тэр үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхэн улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье” гэсэн нь зүгээр нэг сул үг шиг санагдаагүй. Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг илтгэлдээ “Шүүгчид нэр дэвшүүлэх, шилж олох ажиллагааг эрхлэх байгууллагад нээлттэй ил тод, тэнцвэртэй байдлыг хангахгүй бол тухайн орон зайд улс төр, бизнесийн бүлэглэл нөлөө тогтоодог гэдгийг Эрх зүйн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны судалгаа харуулж байна. Нэг дарга утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг төдий зохицуулалтаар шилэн хоргонд амь бөхтэй оршсоор ирлээ” гэсэн нь ч санаандгүй үг биш байх. АТГ хийгээд хуулийн бусад салбарт хууль сахиулах гэж чин шударгаар ажилладаг мянга мянган албан хаагчид байгаад эргэлзэх хэрэггүй. Гэхдээ “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гутаадаг” юм шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(172.58.140.244) 2021 оны 10 сарын 21

Usahaaraa tolboriig belen mongoor dargad toldog um ve? \nnogoo tatvariin huuli alban baiguullagiinbanknii dansaar shiljuuleh busuu?? 200% hahuuliin mongo bn!!!!!

0  |  0
Уншигч(66.181.189.239) 2021 оны 10 сарын 20

Өөрөө шалгуулах гээд материал өгсөн чинь өөрийг нь шалгачихсан юм байна шд, гэхдээ энэ хүний ажиллаж байгаагүй үеийн хэрэгт хамаатуулаад шүү, кккк алдаг юм байна шд, үнэхээр аймаар юм. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг л үнэн бололтой,

0  |  0
Иргэн(192.82.73.78) 2021 оны 10 сарын 20

Шударга бишээр шийдэгдэхвий гэхээс,хэн нэгний явуулгаас хүний амьдрал ар гэрт буруу шийдвэр гаргахвий гэхээс эмзэглэж байна шүүх засаг минь

0  |  0
иргэн(192.82.73.78) 2021 оны 10 сарын 20

Улс төрийн энэ шударга бус зүйлсээс болж,улс орон хэцүүдлээ.Хүн л байвал хэрэг тохоод,дээрээс нь зүгээр л гардаг тушаал,доогуур падлийгүй хийдэг ажил.Хэлсэн ярьсан зөрчилдсөн хүнээ явуулчдаг,ийм ерөнхийлөгч,ЗГ хэрэггүй.Хүрэлсүхийн 6жилд хүрэлсүх л баялагтаа сууна харж байгаарай.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 10 сарын 20

Chutguryyd tonyylchid bie bie barij idej baih shiv.Hyrelsyh amtashaad avilagchid ba hyvichalal nereer yls tonoson tonyylchidiig heseg ailgaad ih hemjeenii hurungu mungu salgaj avj .Shine tsagiin mapiin etsen bolj bna.Hyrelsyh Ouyerdene.Svg.Batbold nart uym uguhgyi bol shorond hatah ni dee.Erunhiilugch urshuunduu .kkk.

0  |  0
зочин(124.158.120.146) 2021 оны 10 сарын 20

Шившиг шившиг, албаны мөнгөө хадгалуулах хүн байвал хаянхярваад өгч хувийн оффис нэртэй өрөөнд нь хадгалуулъя, монголчуудаа

0  |  0
Уншигч(103.212.116.156) 2021 оны 10 сарын 20

Албан байгууллагын мөнгөө хувийн оффисдаа хадгалж байдаг гэж ярьдаг ёстой тэнэг ширэлсэн нүүртэй хулгайч байна даа.нябо хуулиар ийм байж болохуу .ёстой хуулийг уландаа гишгэсэн юм болно ш дээ.ийм тэнэг яриагаар хулгайгаа нууна гэж яаж боддог ёстой хэлэх үг олдохгүй цайсан хулгайч гэж үүнийг хэлдэг юм.

0  |  0
хардагч(192.82.91.132) 2021 оны 10 сарын 20

их хуралд байхдаа гар дүрж оролцсон байвал яах вэ? өөрөөр хэлвэл их хуралын гишүүн байхдаа нөлөалсөн гэсэн үг. /ж.д.ү/ шиг.

0  |  0
Зочин(23.17.103.53) 2021 оны 10 сарын 20

Улс торийн хэлмэгдуулэлт! Хийсэн ажилтай, хэлье гэснээ хэлчихдэг хун!

1  |  0
1(202.126.93.115) 2021 оны 10 сарын 20

hudlaal haragdaj bnalee zurag ene ter ch geh shig

0  |  0
ZOCHIN(66.181.161.58) 2021 оны 10 сарын 20

Ih helmegduult ehelj bna da \n\n\n \n

0  |  0
Enhamgalan(66.181.161.58) 2021 оны 10 сарын 20

ARAIDENDEJ BNA A KHUULIIN BAIGUULAGIIN BJ BGA UNEN NUUR TSARASI NI

0  |  0
ТАХ(192.82.67.198) 2021 оны 10 сарын 20

АТГ, ПЕГ ажилчдид вакцины тунгаа хэтрүүлж, мутац нөлөөлжээ.

1  |  0
ТАХ(192.82.67.198) 2021 оны 10 сарын 20

АТГ, ПЕГ ажилчдид вакцины тунгаа хэтрүүлж, мутац нөлөөлжээ.

0  |  0
Top