Монголоос Хятад руу экспортлох нүүрс 10-20 сая тонноор өснө

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

“Глобал таймс”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна


Өвөрмонголд КОВИД-19-ийн шинэ тохиолдлууд нэмэгдэж байгаа нь зарим боомтуудын үйл ажиллагааг тасалдуулж, улмаар нүүрсний томоохон нийлүүлэгч болох Монголоос Хятад руу чиглэх нүүрсний импортод нөлөөлж байна.

Хятад дахь Монголын Элчин сайд Т.Бадрал “Глобал Таймс”-т өгсөн ярилцлагадаа Монголоос БНХАУ руу экспортлодог нүүрсний хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон гэдгийг онцолжээ. Одоогоор Монгол Улс БНХАУ руу жилд дунджаар 32 сая тонн нүүрс экспортлодог байна.

Монголоос нүүрс импортлодог Өвөрмонголын гурав дахь том боомт болох Сэхээг лхагва гарагт хаасан билээ. Эрээн хотод өнгөрсөн лхагва гарагт КОВИД-19-ийн гурван тохиолдол бүртгэгдсэний дараа БНХАУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргасан юм. Сэхээ боомт нь Алшаа аймгийн цорын ганц олон улсын худалдааны суваг бөгөөд Монголоос нүүрс импортлох гол боомт билээ. Өнгөрсөн онд энэ боомтоор 10.68 сая тонн орчим нүүрс импортолжээ. Өөр нэг томоохон боомт болох Өвөр Монголын Ганцмодоор авто тээврийн ачаа тээвэрлэлт үргэлжилж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд  Ганцмод боомт дээр ажиллаж байсан тээврийн хэрэгслийн тоо өдөрт хоёр дахин нэмэгдсэн талаар “Сnenergynews.cn” мэдээлжээ. Цаашид 2022 оны хоёрдугаар сар  хүртэл Монголын талд хуримтлагдаад буй 8.37 сая тонн нүүрсийг тээвэрлэхийн тулд өдөр бүр 600 орчим машин нүүрс хилээр гарахаар байгаа юм.

Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт тус хотын боомтоор хоёр чиглэлд ачаа тээвэрлэлтийг зогсоосон ч төмөр замаар тээвэр хийхийг зөвшөөрсөн. Мөн хоёр талын нягт хамтын ажиллагаа, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын дүнд түр зуурын тасалдлаас үл хамааран Монголоос нийлүүлэх нүүрсний импорт цаашид нэмэгдэнэ гэж албаны хүмүүс  “Глобал Таймс” сонинд мэдээлсэн байна.

Т.Бадрал лхагва гарагт “Глобал Таймс”-т  өгсөн ярилцлагадаа "Хятад руу экспортлож буй нүүрсний хэмжээ хоёр талын бараа бүтээгдэхүүний 80 хувийг эзэлж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Хоёр талын худалдааг дэмжих зорилгоор Хятад, Монгол томоохон боомтуудад төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Бид төмөр замыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төмөр зам ашиглалтад орсны дараа Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор нэмэгдэхээр байна” гэжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын 12-нд  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “БНХАУ Монголтой нүүрсний худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байж үр дүнд хүрэх боломжтой” гэдгийг онцолсон билээ. “Глобал Таймс”-аас  гаргасан тооцоогоор 2020 онд Монголоос импортлосон нүүрсний хэмжээ БНХАУ -ын нийт нүүрсний импортын 10.5 орчим хувийг эзэлж байжээ.

Нүүрсний нийлүүлэлт тасалдсаны улмаас БНХАУ-д  эрчим хүчний хомсдол нүүрлэсэн учир Бээжин нүүрсний  импортыг нэмэгдүүлэх нийлүү­лэлтийг өргөжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг холбогдох хүмүүстээ үүрэг болгосон. Тус улсын нүүрсний импорт есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 76 хувиар өсөж, 32.88 сая тонн болсон. Жэнжоу хотын түүхий эдийн биржид өнгөрсөн даваа гарагт эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 0.4 хувиар өсөж, 1.835.6 юань буюу 287 ам.доллар болж өссөн билээ. “Daiwa Capital Markets”-ийн шинжээч  Деннис Ип “Нүүрсний үнэ цаашид ч өснө. Учир нь Хятадад халаалтын улирал эхлэх дөхөж байна. Харин нүүрсний нөөц хангалтгүй байгаа" хэмээжээ.

Хятадын эрх баригчид орон нутгийн нүүрс­ний уурхайнуудыг нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийг үүрэг болгосон бөгөөд халаалтад зориулж хангалттай хэмжээний нөөцтэй байхын тулд эрчим хүч ихээр хэрэглэдэг байгууллагуудад эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлалттайгаар хийх бодлогоо цаашид ч баримтлахаар төлөвлөж байгаа аж. Нүүрсний гол боомт болох Чинхуандаод цахилгаан станцууд болон төмөр замын операторуудтай зарим нийлүүлэлтийн үнийг тонн тутамд 1800 юаниас хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон тухай “The Economic Daily” мэдээлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top