­­М.Бадамсүрэн: “Петро Чайна Дачин Тамсаг” компани газрын гүний усыг ямар ч дүгнэлт, зөвшөөрөлгүй ашиглаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийг Монгол Улсын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчээ. Тус компани өмнө жилүүдэд нэг литр газрын тос олборлохын тулд нэг литр газрын гүний ус ашигладаг байж. Гэвч энэ жилийн эхний есөн сарын байдлаар нэг литр тосыг 3.5 литр усаар олборлосон дүн мэдээ гарчээ. Харамсалтай нь, олборлолтоо Усны зөвлөлийн дүгнэлт, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй хийж байгаа аж. Мөн аль 2018 онд дуусгахаар хоёр талын хэлэлцээрээр баталсан авто замын ажил нь огтхон ч урагшлалгүй гацжээ. Энэ бүхнээ “Цар тахлаас боллоо” гэсэн увайгүй тайлбараар хаацайлахыг оролджээ. Уг нь цар тахлын үед ямар нэгэн хязгаарлалт, дэглэмд баригдаагүй нь уул уурхай, газрын тосны салбар байсныг олборлолтын дүн мэдээнээс харж болохоор байна. Ингэж Монгол Улсын хуулийг санаатайгаар удаа дараа зөрчиж, эрх бүхий байгууллага, орон нутгийн удирдлагуудын шаардлагыг үл тоож ирсэн "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн зөрчлийг хуулийн байгууллагаар шалгуулан, тохирсон арга хэмжээ авахуулахаар болжээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа.


-“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагаанд шалгалт хийж, хуулийн байгууллагад өгсөн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймгийн Халхгол, Матад сумын иргэд, Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагууд байгаль орчныг хамгаалах, уул уурхай, газрын тосны төслөөс орон нутагт үр өгөөжтэй байлгах зэрэг олон талын санал санаачилгыг удаа дараа тавьсан л даа. Ер нь тус компанийн удирдлагууд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үүргээ олон жил биелүүлэхгүй явж ирсэн.Одоо болохоор цар тахалтай холбон тайлбарлаж байна лээ. Уг нь бол манай Монгол Улсад цар тахал дэгдсэнээс хойш хамгийн тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн салбар нь уул уурхай, газрын тосны салбар. Аль ч зэргийн хязгаарлалтад өртөлгүй хэвийн явж байсан. Тиймээс Ажлын хэсэг байгуулан хяналт, шалгалт хийсэн. Нэгдүгээрт “Петро Чайна Дачин Тамсаг” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг огт батлуулахгүй байгаа юм. Үүнийгээ батлуулаач, дүгнэлт хийлгүүлээч гээд хуулийн дагуу орон нутаг шаардлага тавьдаг ч биелүүлээгүй өдий хүрсэн. Хоёрдугаарт, усыг хамгийн бага ашигладаг, байгаль экологид сөрөг нөлөөгүй технологи нэвтрүүлэхийг хамтын ажиллагааны чиглэлд зааж өгсөн ч яг л хэвээрээ байна. Уг нь хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суугаад харилцан тохиролцоонд хүрчихсэн юм шүү дээ. Даанч өнөөдрийн байдлаар нэг литр газрын тос олборлохын тулд гурван литр гаруй газрын гүнийн усыг ашиглаж байгаа. Энэ бол газрын гүний усыг ихээр ашиглаж, хамгийн хямд өртөгөөр олборлож байгаа явдал юм. Дээрээс нь ус ашиглах гэрээ, дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр зөрчлийг олон удаа гаргаж байгаа. Мөн Түүхий тосоо тээвэрлэх авто замыг барьж байгуулна гэж аль гурван жилийн өмнө гэрээ хийсэн боловч одоогоор дөнгөж 50 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ замыг дуусгах гэж хичээдэггүй, арга саам хайж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Ийм олон зөрчлүүдийг давтан гаргасаар байгаа учраас хяналт шалгалтын ажил зохион байгуулсан.

-Шалгалтын дүнгээ харьяа яам, агентлагт хүргүүлж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэсэн үү?

-Газрын тосны олборлолтын үйл ажиллагааг зогсоох хүртэл нөхцөл байдал үүссэнийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болох БОАЖЯ, УУХҮЯ, Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлсэн. Эдгээр байгууллагаас одоогоор ямар нэгэн албан ёсны хариу тайлбар ирүүлээгүй байна. Газрын тосны тухай хуульд “Газрын тосны олборлолтод нөлөөлөхөөр арга хэмжээ авахаар бол төрийн захиргааны төв байгууллагад заавал мэдэгдэнэ” гэж заасны дагуу аравдугаар сарын 14-нд уг мэдэгдлийг хүргүүлсэн. Халхгол, Матад сумын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Буйр-Мэнэнгийн сав газрын захиргаанд хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллахыг үүрэг болгож, чиглэл өгсөн. Эрх бүхий байгууллагуудыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, энэ компанид хариуцлага тооцооч гэсэн шаардлагыг мөн хүргүүлсэн байгаа. Дээрээс нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Жан Хун Фу-г Монголын хууль тогтоомжийг мөрдөхгүй, мэдсээр байж санаатайгаар хэрэгжүүлэхгүй, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үүргээ биелүүлэхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг тогтоолгох зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, аймгийн цагдаагийн газар, аймгийн Ерөнхий прокурор гэсэн газруудад холбогдох нотлох баримтуудыг хавсарган хандсан.

-Ажлын хэсгийн шалгалтыг хэдий хэр хугацаанд хийсэн бэ?

-Ажлын хэсгийг байгуулаад хяналт, шалгалтын ажлыг аравдугаар сарын эхний долоо хоногт хийсэн. Харин дүгнэлт нь аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт гарсан байгаа. “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь одоогийн байдлаар Тамсаг-21, Тосон уул-19 гэсэн ашиглалтын хоёр талбайтай, Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ оны эхний есөн сарын сүүлийн байдлаар 600 мянга гаруй тонн түүхий газрын тосыг Баянхошууны болон Бичигтийн боомтоор экспортод гаргаад байна. Зөвхөн энэ үзүүлэлтээс л өөрсдийнх нь яриад байгаа шиг цар тахлаас үүдэн ажил нь цалгардсан, хойшилсон зүйл байхгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Тухайн компани жилд манай улсад болон орон нутагт хэдий хэр хэмжээний мөнгө төвлөрүүлдэг вэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнээс нэг жилд 250-300 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энгийн үгээр тайлбарлавал гарсан зардлаа дараад үлдсэн тосыг нь тодорхой харьцаагаар Монгол Улсын Засгийн газар, “Петро Чайна Дачин Тамсаг” компани хоёр хуваадаг юм. Ингэж хуваахдаа олборлосон тосныхоо хэмжээнээс хамаараад 50/50 хувь, эсхүл 60/40 хувиар хуваадаг юм билээ. Олборлолтын хэмжээ ихсэх тусам манай улсад оногдох хувь нь нэмэгддэг. Харин Хамтын ажиллагааны гэрээний дагуу нэг талбайгаас 250 мянган ам.доллар жилдээ аймгийн болон сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг. Энэ жилийг оруулаад хоёр дахь жилдээ ингэж төвлөрч байгаа. Гэвч байгаль экологид үзүүлж байгаа сөрөг нөлөөний хажууд энэ мөнгө юу ч биш шүү дээ.

-Нэг литр газрын тос олборлохын тулд гурван литр гаруй ус ашигладаг гэсэн. Ингэж газрын гүний усыг ашиглахдаа төлбөр мөнгө төлдөг үү?

-Энэ компани анх 2017 оны үед ямар нэгэн дүгнэлтгүйгээр газрын гүний усыг ашигласан байдаг. Тэр үед нь бид 45 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож байсан. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ахалдаг Усны зөвлөлөөс газрын гүний усны боломжит нөөцийг тогтоодог. Тухайн газраас өдөрт хэчнээн литр ус ашиглаж болохыг нарийн тооцоолж гаргадаг гэсэн үг. Харин үүнийг орон нутгийн зүгээс учир дутагдалтай гэж үзэж байгаа. Яагаад гэхээр өмнө нь манай аймгийн тэр орчмын газар нутагт амьдардаг малчдын ундны усны худаг 60-70 метрийн гүнээс гардаг байсан бол одоо гарахаа байсан. Багадаа 100 орчим метр ухаж байж ус гардаг болсон. Энэ хэрээрээ гүний усны түвшин доошилсон. “Петро Чайна Дачин Тамсаг” компани газрын гүний усыг хэтрүүлэн ашигласнаас болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байгаа. Энэ жил л гэхэд тухайн компанийн нэг талбай нь 1.2 сая литр, өнөөх нь 700 мянга гаруй литр ус буюу хоёр сая литр ус ашиглаад 600 мянган тонн газрын тос олборлосон. Өөрөөр хэлбэл, нэг литр газрын тосыг гурван литр гаруй ус ашиглаж олборлосон байгаа юм. Энэ тоо жилээс жилд нэмэгдсэн. Өмнө нь нэг литр ус ашигладаг байсан бол одоо зардлаа хямдруулахын тулд усыг маш ихээр ашиглаж байна.

-Газрын тосоо тээвэрлэх авто замын асуудал олон жил болж байна. Одоогоор замын ажил хэр явж байгаа вэ?

-Тухайн компанийн Тамсаг-21 талбайгаас Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог Баянхошууны боомтоор газрын тосоо экспортод гаргадаг. Энэ хооронд 60 километр зам тавих ёстой. Бид энэ замаа барьж байгуулж дуусчихаад түүхий тосоо зөөх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануурын уурхай шиг эхлээд төмөр замаа тавьж, дэд бүтцээ шийдчихээд олборлолтоо хийх хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь дэд бүтцийг нь эхлээд байгуулалгүйгээр 2010 оны орчим газрын тосны тээвэрлэлтийг нь эхлүүлчихсэн. Ер нь манай улсад уурхай нээчихээд дараа нь замаа тавь гэсэн шаардлага тавиад байдаг урвуу хамаарал яваад байгаа юм. Энэ тухай шаардлагыг бид 2017 онд мөн тавиад ажлыг нь зогсоож, 2018 онд уг замаа дуусгахаар болсон. Удалгүй хэлэлцээрээ зөрчсөн учир дахин ажлыг нь зогсоож хэлэлцээр хийгээд 2019 онд дуусгуулахаар тохиролцоонд хүрсэн юм. Даанч уг компани маань албан ёсны гэрээ хэлэлцээрээ үл тоон 2021 он болчихоод байхад цар тахлаас боллоо гэсэн утгагүй тайлбар тавьсаар байна. Манай аймгийн алдарт Мэнэнгийн тал чинь чулуугүй, хөнгөн хөрстэй болохоор олон салаа зам гарсан, газар, бэлчээр талхлагдсан байдалтай болоод удаж байгаа.

-“Петро Чайна Дачин Тамсаг” компани БНХАУ-ын төрийн өмчит компани биз дээ. Гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээ та бүхэнд юу гэж тайлбарласан бэ?

-Тэгэлгүй яахав, БНХАУ-ын төрийн өмчит компани. Үйл ажиллагаа нь зогсоогүй, хөрөнгө орлого нь хэвийн явагдаж байгаа хэрнээ цар тахлаас боллоо гэсэн тайлбар л хэлдэг. Тийм болохоор байгаль орчныг хамгаалах хүсэл эрмэлзэлгүй байна гэж үзээд бид хуулийн байгууллагад хандчихаад байж байна.

-Та бүхний гаргасан гомдлыг хэр хугацаанд шалгаж тогтооно гэдгээ хуулийн байгууллагаас мэдэгдсэн үү?

-Ямар ч байсан бид бүхэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох баримт бичиг, нотлох баримтуудын хамт хүлээлгэж өгсөн. Тэгэхээр хуулийн байгууллага аль болох хурдан шуурхай шалган тогтоож, хариуцлага хүлээлгэх байх. Би хөндлөнгөөс хуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох боломжгүй учраас ийм, тийм гэж хэлмээргүй байна.

-“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ашиглалтын талбайд өмнө нь их хэмжээний газрын том асгарч байсан. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Технологийн горим алдагдсанаар шингэн хаягдлын далангийн дэвсгэр пилонк нь цоорох, тээвэрлэлтийн автомашин онхолдсоноос болж газрын тос асгарах зөрчлүүд гардаг. Эдгээрийг тухай бүрд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуулийн байгууллагад ханддаг. Хуулийн байгууллагаас зохих шийдвэрээ гаргадаг ч иргэд олон нийтэд эргэж мэдээлэхгүй байгаа нь бас учир дутагдалтай.

-Тус компанийн зүгээс та бүхэнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол гарсан уу?

-Одоогоор тийм юм гараагүй. Хэрэв ийм зүйл гарвал бид хуулийн байгууллагад хандана. Ер нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх л ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dornod(122.201.22.179) 2021 оны 11 сарын 04

badam bolood tuunii fraktsiihand ih asuudal bii dee. nirgesen hoino ni hashgirav gedeg shig uchnuun olon jiliin daraa odoo duugaraad suriig uzuuleed kkk. urdnii olon jil avliga avchaad ene jilees uguhgui bolhoor ni hudlaa unen dugarch ehrlsen uu. uhval ch ig mungunii olon udaagiin asuudal bii dee. MAN iin huulich , prokuroruudaar hamgaalsan hun bardam suuj bndaa

1  |  0
Top