Ц.Мөнхцэцэг: Иргэн Э.Одбаярыг ямар үндэслэлээр хорьсон бэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, жагсаал цуглаан хийх эрхийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулт, хариулт авлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “Тайван жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын пакт болон МУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан. Мөн онц байдал болон цар тахал, гамшиг гэх мэт онцгой үед жагсаал цуглааныг хязгаарлах, үндэслэл зарчмуудыг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон байгаа. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд “Тайван жагсах, хуран цуглах эрх чөлөөг халдварт өвчин тархсан, хүн олноор бөөгнөрөх аюул эрсдэл үүссэн нөхцөлд хязгаарлаж болно гэж заасан байдаг.

Гэхдээ энэ цар тахлын үеийн хоёр жилийн нөхцөлд харахад тодорхой иргэдийн жагсаал цуглаан хийх эрх үндэслэлгүйгээр зөрчсөн асуудлууд гарсан. Жишээлбэл, 2020 оны дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайн өмнө цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур хийхийг эсэргүүцсэн иргэн М-ийн жагсаалыг цагдаа нар ирж тараагаад микрофоныг нь хурааж авсан байдаг. Мөн маргааш нь иргэн дахиад жагсаал хийх үед  цагдаагийн албан хаагчид архи уусан байна гэдэг шалтгаанаар торгох шийтгэл ногдуулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн зөрчил биш. Зөрчил гэж тогтоодохгүй байна” гээд торгох шийтгэлийг хүчингүй болгосон” хэмээн онцлов.

Үүний дараа холбогдох байгууллагуудаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нараас иргэн Э.Одбаярыг цагдан хорих тухай үндэслэл байсан эсэхийг тодруулж асуумаар байна. Түрүүн Ш.Адьшаа гишүүн асуухад өгсөн хариулт тодорхой бус байлаа. Иргэдийн дунд улс төрийн зорилгоор цагдан хорьсон юм биш биз гэсэн хардлага, шүүмж байна. Үүнд хариулт өгмөөр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-д заасан 4 үндэслэлээр яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг гаргана гэсэн байдаг. Энэ дөрвөн үндэслэл нь:

  • 1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
  • 1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
  • 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
  • 1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлүүд юм.

Ер нь Э.Одбаярыг энэ дөрвөн үндэслэлийн чухам алинаар нь үндэслэж цагдан хорих шийд гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухайд прокурын байгууллагын тодорхой хариулт авмаар байна

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Энэ танхимд эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь хуулиар хориотой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Прокурорын байгууллагаас хэргийн явцын талаар асуугаагүй шүү дээ. Үйл явцын талаар асуусан та тодорхой хариулт өгнө үү.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Тухайн хүнийг үндэслэлтэй хорьсон эсэх асуудалд мөрдөн байцаагч, прокурорын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хэрэгт хэрхэн хандах эрх нь нээлттэй. Прокурорын байгууллагад ийм санал хүсэлт гаргаж байсан зүйл байхгүй. Иргэн Э.Одбаяр өмнө нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорьсон асуудал байгаа.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир: Хэрэг бүртгэлтийн хэрэг, эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдан хорих хууль зүйн үндэслэлээ гаргаж өгсөн. Үүний дагуу прокурор, шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Тухайн жагсаал цуглааныг сурвалжилж буй сэтгүүлчдийн биед халдах асуудал гарч байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим обьект руу нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал гарч байна.

Энэ бол сэтгүүлчдийн эрхээс гадна олон нийтийн мэдэх эрхэд халдаж буй үйл явц. Учир нь хэвлэлийнхэн цар тахлын болон бусад гамшиг, осол болон бусад үед ч нийтийн мэдэх эрхийг хангахын тулд ажилласаар байдаг. Харин нөгөө талд тангараг өргөсөн, үүрэг хүлээсэн цагдаа нартай байнга шахам учирч хэн, хэн нь үүргээ биелүүлж буй тул харилцан ойлголцож ажиллаж байгаа .

Гэхдээ сэтгүүлчдийн биед халдах асуудал нь Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах буюу Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг.

Энэ асуудлаар цагдаагийн байгууллага болон ХЭҮК ямар байр суурьтай байна?

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир: Сэтгүүлчидтэй холбоотой асуудал хэд хэдэн удаа гарсан. Хэд хэдэн сэтгүүлчтэй холбоотой асуудал гарч, ЦЕГ дотоод хяналт шалгалтыг хийсэн. Тийм учраас дээрх асуудлуудыг нэгтгээд танд албан бичгээр хүргүүлье.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн ОУ-ын хүний эрхийн хараат бус байгууллага болох Эмнести Интернэншл байгууллага жагсаал цуглааны асуудал болон сэтгүүлчдийн эрхийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

Эмнести Интернэншлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа: Тайван жагсаал цуглаан хийх асуудалд манай байгууллага 2020 оны хоёрдугаар сараас эхлэн одоог хүртэл ажиглалт хийгээд тодорхой урьдчилсан дүгнэлтүүдийг гаргаад ЦЕГ, ХЗДХЯ, ХЭҮК зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулсан. Мөн саяхан жагсаал цуглаантай холбоотойгоор иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргасан. Эмнести Интернэншл байгууллагаас дэлхийн 63 оронд цар тахлын үйл ажиллагаа, тэр дундаа жагсаал цуглааны дунд хариу арга хэмжээний үйл ажиллагаа хүний эрхэд хэр нийцэж байгааг баримтжуулан судлаад явж байгаа. Үүнд Монгол Улс багтсан. Би хэд хэдэн онцлох зүйлийг дурдъя.

Нэгдүгээрт, Гамшгийн тухай хуулиар цар тахал арилтал жагсаал цуглаан хийхийг хориглосон. Гэтэл ковид цар тахал шиг ийм урд удаан хугацаанд үргэлжлэхээр энэ үнэмлэхүй хязгаарлалт ямар байх вэ гэхээр хууль эрхүйн асуудлыг эргэж харах хэрэгтэй. Мөн нэг чухал оролцогч энэ хуралд оролцсонгүй. Тэр хүн бол Нийслэлийн Засаг дарга юм. Учир нь нийслэлийн Засаг даргын зарим захирамж, тогтоомжоор жагсаал цуглаан хийхийг хориглосон байсан. Жагсаал цуглаан хийх журамд зааснаар тухайн иргэд, хэсэг бүлэг хүмүүс жагсаал хийхээр хүсэлт өгвөл тэрийг түдгэлзүүлэх эрх Засаг даргад бий. Гэтэл ийм хүсэлтийг аваагүй байж урьдчилаад энэ тогтоолуудыг гаргаж байгаа нь үнэмлэхүй хязгаарлалтуудыг тогтоож байна. Үүгээр олон иргэн Зөрчлийн тухай хуулиар торгуулж, хохирсон. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн эрхэд халдаж байгаа ноцтой хэрэг юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГАНАА(192.82.80.137) 2021 оны 11 сарын 03

ЭРДЭНЭЭГИЙН ХҮҮГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЭЖ БАЙНАА НӨГӨӨ ХЯТАДХҮҮГ ЯАСАН БОЛ

0  |  0
зочин (202.9.46.128) 2021 оны 11 сарын 02

эрлэгээс авилга авч, монгол төрийн эсрэг удаа дараа жагсаал цуглаан хийж, бусдыг өдөөн турхирсан тул энэ дуракийг шийтгэх ёстой

1  |  0
Иргэн(192.82.71.219) 2021 оны 11 сарын 02

Сумьяабазар хуулийн ийм нарийн зүйлийг яаж ойлгохов дээ ёстой хаалтаа нээгээд хаалтаа хаагаад ч ойлгохгүй

0  |  1
Top