Франц хиймэл оюун ухааны хөгжилд 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Францын эрх баригчид хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюун ухааны хөгжилд зориулан нийт 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Нийт хөрөнгө оруулалтын 1.5 тэрбум еврог улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг хувийн хэвшил хариуцах аж.  Тухайлбал, хиймэл оюун ухааны салбарт боловсон хүчин бэлтгэхэд зориулж 700 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ энэ чиглэлийн бакалаврын зэргийн хөтөлбөрт суралцах оюутны тоог хоёр мянга, магистрын зэргийн хөтөлбөрт суралцах оюутны тоог 1.5 мянга байхаар тогтоосон байна.

Францын Дээд боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновацын сайд Фредерик Видаль шинжлэх ухаан төвтэй нийгмийг цогцлоох шаардлага буйг онцлон тэмдэглээд “Бид шинэ мэдлэгийг дэвшил гэж хүлээн авдаг нийгэмд амьдарч байна уу эсвэл шинэ мэдлэгийг бодит аюул хэмээн хүлээн авдаг нийгэмд амьдарч байна уу” гэсэн асуултад хариу өгөх цаг нь ирсэн гэжээ.

2018 оны гуравдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хиймэл оюун ухааны салбарт 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх тухай мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Франц улс хиймэл оюун ухааны салбарын хөгжлөөр дэлхийн тэргүүлэгч улс болох ёстой гэж онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top