УРЛАГТАЙ ЯРИА | Эрх чөлөөний ДУУЛАЛ

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11


13 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадам нийслэлд маань болж өндөрлөв. Навчис шарлах цагт намар бүр хамгийн түрүүнд энэ наадам л сэтгэлд буудаг.

Монголын кино сонирхогчдын хувьд дэлхийн кино урлагийн өнгийг, бүтээлч сэтгэлгээний цар хүрээг яг одоод тодорхойлж байгаа бүтээлүүдийг өргөн дэлгэцээр үзэх боломж үүнээс өөрөөр ховорхон тохиодог учраас тэр.

Финланд найруулагч Юхо Куосманены “Зургаадугаар бүхээг” хэмээх бүтээлээр наадам эхэлсэн. Гол дүр, Финландаас Орост ирсэн Лаура хадны зураг үзэхээр Мурманск яваа. Хайртай бүсгүй Иринагаас нь тэс өөр хүн, тэс өөр оршихуй болсон Лёха гэдэг залуутай нэг бүхээгт таарсан нь түүнд үлдэх мартагдашгүй дурсамж, онцгой харилцааны эхлэл байлаа. Москвагаас Улаанбаатар, эсхүл Улаанбаатараас Москва руу галт тэргээр явж үзсэн хүн бол түүгээр дөрөв, тав хоног хамт зорчсон хүнтэйгээ ямархуу гүн, тийм гэхийн аргагүй содон сэжмээр холбогддогийг эрхгүй мэдэх биз. 1990-ээд оны, цасанд хучигдсан Оросын хотуудаар аялан явахдаа Лаурагийн сэтгэлийн гүнд нуугдаж асан ганцаардлыг “хайлуулах” хүн нь Ирина нь биш, тэрхүү бүдүүлэг гэмээр уурхайчин залуу аж. Цасан шуурганд тоглож байгаа Лаура, Лёха хоёрыг үзээд сэтгэлд гал асах шиг болсон. Ийм л эгэл харилцаа, эгэл зүйлс амьдралд хязгааргүй үнэ цэнтэй байдаг.
 

 

Сэтгэлд дотно Орос

Энэ жилийн кино наадмын онцлох орон ОХУ байв. Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод өдгөө 100 дахь жилээ үдэж буй тус улсын уран бүтээлчдийн гурван кино хөтөлбөрт багтжээ. Хэдий Оросын хэмээн ерөнхийлж байгаа ч хийц, гарлын хувьд нэлээд ялгаатай гурав ажээ. Нэгийнх нь үйл явдал Чукоткийн автономит тойрогт (“Халимч хүү”), өөр нэг нь Умард Осетод (“Эцгийн халамж”), гурав дахь нь өнөөгийн Казахстаны Алматыд (“Сүүлийн “Хонгор Болгар” алим”) өрнөнө. Михаил Зощенкогийн “Наран ургахын өмнө” зохиолоос сэдэвлэсэн, Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийг харуулах “Сүүлийн “Хонгор Болгар” алим” дахь амьдралын өнгийг “Эцгийн халамж” дахь амьдралтай харьцуулшгүйн адил, “Халимч хүү”-г ч нөгөө хоёртой нь зэрэгцүүлшгүй. “Китобой” буюу “Халимч хүү” киноны зураг авалтыг Чукоткийн автономит тойргийн Лорино хэмээх тосгонд авсан бөгөөд жинхэнэ оршин суугчид нь оролцон тогложээ. Гол дүрийн хоёр хүү ч мөн мэргэжлийн бус жүжигчид гэдгээрээ онцлог.  “Эцгийн халамж” энэ удаагийн кино наадмын хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бүтээлүүдийн нэг байв. Хоёр хүү, охиноо хатуу гараар өсгөж буй Заурын тэврэлтээс мултрах гэсэн Адагийн тарчлалд үзэгчид, тэр дундаа танхимд үзэж суусан эмэгтэйчүүд эрхгүй автаж, өөрсдөө ч хяхагдах мэт давчдан суусан. Хайр уу, дарамт уу, дарлал уу гэх асуултад киноны дүрүүд ч, бид ч хариулж чадахгүй байсаар өндөрлөв. Жүжигчдийнх нь тоглолт, тэр дундаа гол дөрвөн дүрийн жүжиглэлт, зураглаачийн ажиллагаа гайхалтай байлаа.

Орос бүтээлүүдийг “Улаанбаатар”-ын үзэгчид халуун дотноор хүлээн авдаг нь ажиглагддаг. Урьд нь гурван ч орос кино “Улаанбаатар” кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ.

Цар тахлаас үүдэлтэйгээр кино салбарын үйл ажиллагаа зогсонги байсантай холбогдуулан энэ жил шилдэг монгол киног шалгаруулдаг “Хангарьд” уралдаан цуцлагдсан, мөн энэ шалтгаанаар наадмыг монгол киногоор нээж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ наадмын зохион байгуулагчид уралдаанд ирсэн дөрвөн монгол бүтээлийг гаргахаар шийдвэрлэсэн юм. Тэдгээр нь “Том тоглоом”, “Гэгээн учрал”, “Цасан хүн”, “Z. OE 41”. Уралдаан болох ёсоороо зохиогдсон бол магад “Z. OE 41” түрүүлэх байсан биз ээ. Монголын арилжааны бүтээлүүдэд ажиглагддаг баригдмал хэв маягийг эвдсэн, шинэлэг бүтээл байсныг үзэгчид хэлж байв.

СЭТГЭЛ ХӨНГӨРӨХҮЙ, ХӨНДҮҮРЛЭХҮЙ
 

Кино наадмын дөрөв дэх өдрөө Азийн кино урлагийг таниулах, сурталчлах зорилгоор хоёр дахь жилдээ зохиогдож буй “Үзэхийн хязгаар” хэсгээр үргэлжлэв. Өнгөрсөн жилээс эхлэн жил бүр Монголын кино урлагийн алтан фондоос үе үеийн монголчуудын сэтгэлд хоногшсон нэг бүтээлийг сонгон гаргаж, амьд сэрүүн буй уран бүтээлчидтэй нь үзэгчдийг уулзуулж байхаар болсон. Өнгөрсөн жил “Говийн зэрэглээ” гарсан бол энэ жил “Ардын элч” сонгогджээ. Цэнхэр дэлгэцээр л үзэж дадсан, хуучны бүтээлүүдийг өргөн дэлгэцээр үзэхийн ач холбогдлыг нурших нь илүүц биз. “Цогт тайж” кинонд зураглаачаар ажилласан, ардын жүжигчин Д.Жигжид агсны анхны найруулсан кино “Ардын элч” Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд шалгарч, Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн нь манай улсын кино урлагийн түүхэнд тод бичигдэн үлджээ.

Энэ үеэр наадмын ерөнхий зохион байгуулагчдын нэг Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд алтан үеийн уран сайхны киноны зурагт хуудаснууд бүхий “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэн дэлгэгдсэн. Цаашид ч наадмын хүрээнд дан кино үзвэрээс гадна төрөл бүрийн дагалдах үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулах болов уу. “Улаанбаатар” олон улсын кино наадам дэлхийн сор болсон инди, арт кинонуудыг хүргэхээс гадна салбарын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг. Энэ жилийн хувьд Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөртэй хамтарсан “Монгол ба Зүүн өмнөд Азийн бүсийн кино форум”, кино зураачдад зориулсан “Авдраа уудал” сургалт, Соёлын яамтай хамтарсан “Ирж яваа цаг” форум явагдав.

Энэ жилийн кино наадамд залуу найруулагчдын бүтээлүүд цөөнгүй шалгарсан нь кино уран бүтээлч болохоор бэлдэж буй, мөрөөдөж явдаг залууст урам хайрласан болов уу хэмээн олзуурхсан. Дээр өгүүлсэн “Эцгийн халамж” киноны найруулагч Кира Коваленко, “Халимч хүү”-ийн Филипп Юрьев, “Үзэхийн хязгаар” хэсгийн хоёр ази киноны найруулагчид, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон “Харгуй зам” киноны найруулагч Панах Панахи зэрэг, ерөнхийдөө тун залуу ансамбль байв.

35 настай Паял Кападиягийн, Каннын кино наадмын шилдэг баримтат киноны шагналт “Энэ шөнө би юу ч мэдэхгүй” хэмээх бүтээл баримтат киноны хийц, зохиомжийн талаарх үзэгчдийн тогтсон ойлголтыг багахан ч атугай эвдэж чадсан байх. Оюутны бослогын үеэр авсан, бүрсгэр дүрс дээр Л нэртэй охины хайртдаа бичсэн захидлыг закадрт уншсан нь баримтат болон уран сайхны тун сонирхолтой хослол болжээ. Дууны найруулга нь бас их содон. Залуу уран бүтээлчдийн нүдээр бидэнд өгүүлэгдэж ирсэн Энэтхэгийн нийгмийн байр байдлыг ажихуй боловсролын тэгш бус хүртээмж, нийгмийн анги давхаргын ялгаа зэрэг нь жигтэйхэн ойр, танил ч санагдах шиг. Хэрхэхээ мэдэхгүй төөрөлдөх хэцүү цагт давшин тэмцэхийн чухлыг бидэнд мэдрүүлсэн иймэрхүү бүтээлийг ойр ойрхон үзэж, бодож тунгаахгүй бол бид энэ нийгэмдээ л яг энэ чигээрээ, шударга бустайгаа тэмцэх ямар ч хүсэл тэмүүлэлгүй, унтаад хоцрох юм биш биз дээ гэж бодогдсоныг нуух юун. Харин мьянмар найруулагч Маун Сангийн “Мөнгө дөрвөн хөлтэй”-гийн гол дүр болох найруулагч Вай Боны паянг үзэж сэтгэл хөнгөртөл инээж авцгаав.

Сонирхуулахад, “Улаанбаатар” кино наадмаар гарсан “Би чиний заяаны хань”, “Эцгийн халамж”, “Санагалзал”, “Зургаадугаар бүхээг”, “Ольга” хэмээх таван бүтээл ирэх хоёрдугаар сард болох Оскарын наадамд тус тусын орныг (Герман, Орос, Колумб, Финланд, Швейцар) төлөөлөх юм. 

ЗОРИГ, ШИЙДЭЛ, ХАТУУЖИЛ
 

Наадмын тав дахь өдрөөс олон улсын үзвэрийн хэсэг эхлэв. Эхний бүтээл нь өнгөрсөн есдүгээр сард болсон Венецийн кино наадмын дээд шагнал буюу “Алтан арслан”-г хүртсэн “Хөндөлт” байлаа. Утга зохиолын ангид сурдаг Анни жирэмсэлснээ мэдээд ирээдүйгээ, мөрөөдлөө аврахын тулд үр хөндөхөөр оролдож буйг эл кинонд харуулдаг. 1960-аад оны Францад үр хөндөлт хийлгэх бүү хэл, тэр тухай дуугарах ч хориотой, шоронд хоригдох эрсдэлтэй байж. Хамгийн дотнын найзуудтайгаа ч энэ тухай ярилцах боломжгүй (киноны турш “үр хөндөлт” гэдэг үг нэг ч дуудагдаагүй) нөхцөлд орсон Аннигийн орь ганцаар, биетэйгээ хийж буй тэмцлийг үзэхэд зүрх үхмээр. Гэхдээ үр хөндөлтийн тухай дүгнэлт хийх гээгүй нь, түүний амьдран буй ертөнцийг маш нарийн детальтай, шулуухан, тод томруун харуулсан нь энэ киног хүчирхэг болгожээ. Өнөөдөр ч дэлхийн олон оронд үр хөндөлт хуулиар хориотой хэвээр буй.

Дэлхийн II дайны үеэр Филиппиний Лубанг аралд очоод, энх тайван тогтсон хойно ч дайн эцэслэсэн гэх тушаал хүлээн 29 жил эл арал дээр бүгсэн Хироо Онодагийн түүхийг өгүүлсэн франц кино “Онода”, судалгаандаа санхүүжилт авахын тулд өөртэй нь төгс зохицохоор бүтээгдсэн, хүнлэг роботтой гурван долоо хоног амьдарч буй судлаач эмэгтэйн тухай өгүүлэх герман кино “Би чиний заяаны хань” тэргүүтэй бүтээлээр олон улсын үзвэрийн хэсэг үргэлжиллээ. Гурван жилийн өмнө Виктор Цой, Майк Науменко нарын тухай “Лето” кино нь “Улаанбаатар” кино наадмын үзэгчдийн нэрэмжит киногоор шалгарсан Кирилл Серебренниковын шинэхэн бүтээл “Петровын томуу” наадмын зургаа дахь өдрийн сүүлийн үзвэр байв. Екатеринбург хотын иргэн, механикч Петров ханиад хүрч, халуурч дэмийрсэндээ бодит амьдрал, хийсвэрлэлийг ялгахаа болино. Дурсамж, зүүд, төсөөлөл, бодит үйл явдлууд сүлэлдэж, яг л хүний тархин дахь эрээвэр хураавар, замбараагүй бодлууд адил хөвөрч гарахуйд үзэгч ч тэр урсгалд эрхгүй автах юм. Москва, Санкт-Петербург тэргүүтэй томоохон хотуудын театрт найруулагчаар ажилласан нь Кирилл Серебренниковын дэлгэцийн бүтээлүүдээс тод харагддаг. 30-аас дээш насныхны (бүдүүн баарагхан тоймлоход) сайн мэдэх, танил амьдрал, уур амьсгал үзэгдэл бүрээс нь мэдрэгдэх аж. Энэ жилийн наадмаар хүрсэн хамгийн хүчтэй бүтээлүүдийн нэг байлаа.

Франц найруулагч Эли Граппын “Ольга” киногоор эхэлсэн, наадмын сүүлчийн өдөр бидний хүсэн хүлээсэн хоёр бүтээлийн үзвэр товлогдсон байв. Хүсэн хүлээсэн гэхийн учир нь нэгдүгээрт, өмнөх бүрэн хэмжээний бүтээлүүдээрээ Каннын кино наадмын “Алтан далдуу мод” тэргүүтэй томоохон шагналуудыг хүртсэн, алдарт тайланд найруулагч Апичатпонг Вирасетакулын шинэ кино, мөн л Канн, Венецийн кино наадмын “хайрт” найруулагч Жафар Панахигийн хүү Панах Панахигийн кино гарах учраас.

Гол дүр Жессика хэмээх эмэгтэй өвчтэй дүүгээ асрахаар Боготад ирж буйгаар “Санагалзал” эхэлнэ. Нэг шөнө аварга том металл бөмбөг газар унах шиг, түсхийсэн чимээ сонссоноос хойш тэр унтаж ч чадахаа байж, тэрхүү чимээг оюун бодолдоо мөшгөж эхэлнэ. Ингэж явсаар Эрнантай уулздаг. “Нойр гэдэг бяцхан үхэл”-д тайван автах Эрнанаас Жессика “Тэгээд хэр байв? Үхэл.” гэж асуухад “Юу? Аан, зүгээр” гэж хариулна. Энэ бүтээл үзэгчдийн тархи, ой ухаанд бяцхан үхэл, хоёр цагийн амар амгаланг бэлэглэсэн юм.

Энэ жилийн наадам Ираны найруулагч Панах Панахигийн “Харгуй зам” киногоор өндөрлөв. Хил хүрэхээр яваа гэр бүлийг даган явахдаа үзэгчид бид энгийн л нэг аялалд гарсан мэт тэр гэр бүлийн харцан дахь шаналал, цөхрөлийн ард юу буйг олж мэдээд эрх чөлөөний талаарх бодролд дахин нэг автсан билээ. Эрх чөлөө бүхнээс үнэтэй. Туурвих эрх чөлөө, сэтгэх эрх чөлөө, биеэ мэдэх эрх чөлөө.Үүгээр 13 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадам төгсөж, үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагнал “Харгуй зам”-ын эх орон Иран руу нислээ. Жил ирэх тусам өнгө нэмж, сайжирсаар буй “Улаанбаатар” кино наадмаар ирэх жил уулзацгаая.

Нийтлэлч П.Номинбилэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top