Маргааш долдугаар сарын 1. Гурван жилийн өмнөх энэ өдөр сонгуулийн шийдвэрийг эсэргүүцсэн залуусын дөрөв нь буудуулж, нэг нь угаартан амь насаа алдсан билээ. Таван хүний амь нас эрсэдсэн энэ хэргийн буруутан этгээд олдолгүй гурван жилийн нүүр үзэж байгаа юм. Энэ өдөр болсон эмх замбараагүй байдлын үеэр хүүгээ алдсан Д.Үржигсүрэнтэй ярилцлаа. Түүний хүү Э.Доржсүрэн тэр үед АНУ-аас ирээд удаагүй байжээ. Д.Үржигсүрэн ярилцлагын туршид "Хүүг маань буудаж хөнөөчихөөд одоо нөхрийг маань цагдан хорилоо. Монголын төр яагаад хохирогч биднийг ингэж зовооно вэ" хэмээн давтан өгүүлэх аж. Түүний нөхөр Ц.Энхбаярыг бусад руу гал нээсэн хэргээр өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон юм.
-Үймээн дэгдсэн тэр өдрөөс хойш гурван жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд таван эрдэнэт хүний төлөө хариуцлага хүлээсэн хэн ч алга?
-Дарга сайд нар нь хариуцлагаас мултрахын тулд цагдаа нараа буудсан гэж бухаж, цагдаа нар нь үүрэг гүйцэтгэсэн гэж зүтгээд л. Ер нь энэ хэрэгт буруутай хүн байхгүй юм биш үү. Эцэст нь таван залуу амиа хорлосон болгоод дуусах вий дээ гэж айх юм. Маргааш бидний хувьд хар өдөр болно. Энэ өдөр хүүгийнхээ араас буян хийж, Сүхбаатарын талбайд зул асааж, хүндэтгэл үзүүлнэ дээ.
-Таны бодлоор энэ хэрэгт хэн буруутай вэ?
-Манай гэр бүл төдийгүй бүх хохирогч нэг л хүнийг буруутай гэж үзсээр ирлээ. Цаашид ч тэгж бодогдох биз. Тухайн үед МАН-ын дарга байсан С.Баярыг үймээн дэгдээх шалтгаан тарьсан гэж үздэг. Учир нь тэрээр "Манай нам ямар нэгэн аргаар
Засгийн эрхийг авна" гэж мэдэгдсэний дагуу зарим иргэн дургүйцсэндээ очиж үгээ хэлж жагссан. Тэгээд ч сонгууль будлиантай болсныг "Сонгогчдын боловсрол" төвийн тэргүүн Р.Бурмаа хүртэл баталсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан сонгуулийн дүнд булхай оруулснаас болж иргэд бухимдсан нь тэр. Гэтэл МАН-ын дарга нар зурагтаар амаа уралдуулаад л "Долдугаар сарын 1-ний өдөр болсон үймээнийг сонгуулийн дүнг буруутгасан иргэд гэж үзэхгүй байгаа. Тэдний хэн ч сонгууль өгөөгүй" гэж ирээд л ярина лээ. Ингэж иргэдээ доромжилж болохгүй шүү дээ. Хэрэв С.Баяр намын байрнаасаа гарч ирээд бухимдсан олныг тайвшруулах ганцхан үг хэлчихсэн бол өнөөдөр манай гэр бүл элэг бүтэн сууж байх байлаа. Гэтэл тэгээгүй. АН-ынхан ч мөн адил.
-Танай хүү жагсаал руу хэдийд очсон юм бэ?
-Хүү маань АНУ-д урилгаар сурч байгаад Монголдоо ирээд удаагүй байсан юм. Сүхбаатарын талбайн хажуугаар явахдаа хүүхэд юм болохоор хэрэгт дурлаад оччихсон юм билээ. Буцаад харих замдаа буудуулж амиа алдсан. Эвий дээ, хүү минь байсан бол хэчнээн сайхан бэ. Ээжийнхээ үгнээс гардаггүй ямар сайн хүү байсан гээч. Манай гэр бүлийн уй гашуу өнөөдрийг хүртэл арилаагүй. Ядаж байхад хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа болохоор санаанаас гарахгүй хэцүү юм. Өнөөдөр миний хүүг буудсан, буудах тушаал өгсөн дарга нар эрх чөлөөтэй яваад хамгийн их гутардаг. Цагдаа гэхээсээ илүүтэй улс төрийн хүрээний дарга нарыг хэлж байгаа шүү.
-Үймээнийг өдөөсөн гэх О.Магнай, Ж.Батзандан нар хариуцлага хүлээх ёстой юу?
-Тэднийг би үймээнийг өдөөсөн биш, харин жагсаал цуглаан зохион байгуулсан гэж боддог. Хохирогч биднээс бусад нь тэднийг хамгийн их буруутай гэж үздэг юм билээ. Хамгийн гол нь тэд иргэнийхээ эдлэх эрх, үүргийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулсан. Өнөөх нь даамжраад эмх замбараагүй байдалд хүргэсэн нь тэр. Сүхбаатарын талбай дүүрэн бухимдсан иргэн байгаа тохиолдолд О.Магнай яаж хүчрэх юм бэ. Үүнийг С.Баяр зохицуулах ёстой байсан. Би хүүгийнхээ амийг цагдаа нараас биш С.Баяр, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нараас нэхэх болно. Хэрэг явдлын үед С.Баяр "Хэрэв цагдаа буудсан нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн шүү дээ. Одоо цагдаа нар буудсан нь тодорхой болсон юм чинь хэлсэн ёсоороо хариуцлагаа хүлээгээч гэмээр байна.
-Таван хүний амь насыг маргааш эргэн дурсана. Харин нөгөөдөр нь мартах байх?
-Тийм. Үнэхээр хэцүү байна. Хүүгийн маань сүнс ч тайван нойрсож чадахгүй байгаа байх. Алуурчинд хариуцлага хүлээлгэх ёстой. Өнөөдөр Монголын төр миний хүүг буудаж хөнөөчихөөд нөхрийг минь хүртэл цагдан хорилоо шүү дээ. Ийм байж болохгүй. Нөхөр маань "Гал Үндэстэн" холбооны удирдах гишүүний хувиар хууль бус явдалтай тэмцэж ирсэн хүн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт бусад руу гал нээсэн гэх шалтгаанаар хорьсон. Нэдэр дээрээ тэр буудсан гээд байгаа хүн нь манай хүн биш. Нөгөө талаас долдугаар сарын 1 болох гээд төр, засгаас манай нөхрийг санаатай хорьсон гэж хардаж байна. Нөхөр маань өнгөрсөн лхагва гарагаас эхлэн өлсгөлөн зарласан юм билээ. Суллатал нь өлсөх байх. Эцэст нь хүүгээ алдсан биднийг өрөвдөж, нөхрийг маань суллаач гэж гуймаар байна. Эцэг нь хүүгийнхээ буянд зориулж зул өргөмөөр байна шүү дээ. Хохирогч биднийг хууль хяналтынхан арай дэндүү дорд үзэх юм даа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )