Монгол-Францын эрүүл мэнд, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2021 оны 11 сарын 19

Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон бүлгийн гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Сэргэлэн нар өчигдөр /2021.11.18/ Франц Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.

Энэ хүрээнд коронавируст цар тахлын хүнд цаг үед БНФУ “КОВАКС” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, Монголын ард түмнийг халдварын эсрэг дархлаажуулалтанд цаг алдалгүй хамрагдах нөхцлийг бүрдүүлсэнд нь УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн талархлаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол-Францын харилцааг шинэ шатанд гаргахад хоёр талын өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан санал солилцохын чухлыг онцолжээ.

Мөн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар БНФУ-тай харилцан туршлага солилцох, эмч, судлаачдыг бэлтгэх, ирэх 2022 онд “Монголын соёлын өдрүүд”-ийг Парис хотноо зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд олон талт асуудлаар ярилцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top