Стандарт бус Засгийн газар гурван он дамжин "амьдарч" байна. "Сонгууль шударга бус боллоо" хэмээн уурссан олны жагсаал эцэстээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, "Долоодугаар сарын 1" хэмээх бараан толбот өдрийг монголчуудын түүхэнд үлдээсэн юм. Нөгөөтэйгүүр чухам тэр өдрөөс хойш Монголын төрд Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээ больж билээ. Тэд хэзээ ч үзэл бодол нэгдмэл яваагүй салаа замын бэлчирт хааяа нэг дайралдаж байсан МАХН-тай нийлэн С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт дагаар орсон билээ. Ардчилсан намынхан Үндсэн хуулиар олгогдсон сөрөг хүчин байх эрхээ гурван жилийн өмнө булшилсан бол өнөөдөр Н.Энхбаярын МАХН сөрөг хүчин байх тэр эрхийг олж авлаа. Энэ бол эз биш аз юм. Нэгэн үеийн дарангуйлагч явсан Н.Энхбаяр ингэж нийгэмд үгүйлэгдэж байсан тэр орон зайг эзлэв. Ардчилсан намын зогсох ёстой байсан орон зайд тэрбээр ихэмсгээр очиж суулаа. Одоо түүнд амжилт хүсэхээс өөр яах билээ. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн ял, гавьяа хоёроо хамтдаа үүрнэ гэж тохиролцсон. Энэ нь ард түмэнд таалагдахгүй хэвээр, он цаг урссаар л. Монголын төрд сөрөг хүчний орон зай үгүйлэгдсээр дараагийн сонгуультай золгох нь гэж санааширцгааж байлаа. Гэтэл тэгсэнгүй. МАН дотроос төрөн гарсан МАХН-ыг Улсын дээд шүүх бүртгээд авчихав. Ингэж сөрөг хүчин үүсэв. Ардын намынхантай тангараг тасарч, "чи, би"-дээ тулсан Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН гэдэг нэр сөрөг хүчний манлайд бичигдэхээр боллоо. Дээд шүүхийн бүртгэлд 18 дугаарт байна уу, нэгдүгээрт байна уу хамаагүй байдаг бололтой. Харин одоо Ардчилсан намд ямар орон зай үлдэв. Тэд өдгөө Засгийн газраас гарах шаардлагагүй боллоо. Ардын намыг зуураад л байдаг цаг. Сонгууль хаяанд ирчихээд байхад Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарна гэж дуугарах нь хэтэрхий осолтой болжээ. Ард түмэн тэднийг эрх баригчдыг "хашраах" гол хүмүүс гэж төсөөлдөг байлаа. Гэвч Ардчилсан нам тэгж чадаагүй. Хэрэв МАХН гэж гарч ирээгүй бол сонгууль болохоос өмнө хамтарсан Засгийн газрыг тарааж, сөрөг хүчин болчихож болох л байв. Ардын намын хувьд Ардчилсан намын гишүүдийг турхирч байгаад хамтарсан Засгийн газрыг тараах нь ашигтай юм биш үү. Үүнээс болж Ардчилсан нам нэр хүндгүй болж хоцорно. Ардын намынхан харин МАХН гэсэн ганцхан том "дайсан"-тай үлдэнэ. Харин одоо тэд эрх баригчидтай гар нийлэхээ болилоо гэхэд олигтой сөрөг хүчин ч биш, хийж бүтээсэн зүйлтэй эрх баригч нам ч биш, ер нь хэн ч биш болох гээд байдаг. Бас дээрээс нь засгийг унагаасан гэдэг муу нэр зүүх нь. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан нь хамаагүй дээр. Харин одоо Ардын намын хувьд байдал огт өөр. Тэдний өвөрт "могой" торниж байна. Н.Энхбаяртай тэрсэлдэх нь ийм аюултай уршиг дагуулна гэж тэд яахин төсөөлөх билээ. Өнөөдөр Ардын нам дотооддоо МАХН гэдэг хүчтэй өрсөлдөгчтэй боллоо. Үүнийг нь хуулиар хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл бас гадааддаа Ардчилсан нам гэдэг дайсантай. Тэгэхээр одоо Ардын нам МАХН, АН гэсэн хоёр хүчинтэй ирэх сонгуулиар өрсөлдөх шаардлагатай боллоо гэсэн үг. Ардчилсан намын нэр хүнд МАН-ын далбаан дор өсч байгаа. Харин өөрсдийг нь хагалган бутаргах, үгүй ядахад дэмжигчдийнх нь саналыг хуваах ажиллагаандаа МАХН хэдийнэ орсон. Ийнхүү дотно, гаднаасаа хавчигдаж байгаа Ардын намын хувьд Ардчилсан намын гишүүдийг турхирч байгаад хамтарсан Засгийн газрыг тараах нь ашигтай юм биш үү. Үүнээс болж Ардчилсан нам нэр хүндгүй болж хоцорно. Ардын намынхан харин МАХН гэсэн ганцхан том "дайсан"-тай үлдэнэ. Тэгж байж Н.Энхбаяртай бүх хүчээрээ тулах нь хавьгүй хялбар байж болох юм. Тэдэнд МАХН-ыг бүрэн үгүй хийх арга байхгүй болсон. Өөрсдөө МАХН гэсэн товчлолтой 70 гаруй нэрийг халаасалсан хэрнээ Улс төрийн намуудын тухай хуулиар түрээ барин энэ нэрийг авч болохгүй гэж дээгүүр, доогуургүй бужигнуулснаас харахад шинэ сөрөг хүчин гарч ирнэ гэдгээс туйлын болгоомжилж байсан нь илт байна. Тэдэнд одоо сонголт байхгүй. Дараагийн сонгууль болох хүртэл МАХН-тай "нүдэлдсээр" байгаад дуусна. За, дуусах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ л Ардын намынхны хувьд цөвүүн цаг ирсэн гэдэгтэй маргах арга алга. Тэгэхээр хамтарсан Засгийн газрыг тарааж чадвал МАН-д ямар ашигтай вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз. Ямартай ч Монголын улс төрийн манан дунд нэг номерын сөрөг хүчин гэх тодотголтой нэгэн нам тодорч чадлаа. Сонгууль ч хаяанд ирлээ. МАН, АН хамтарсан Засгийн газрын хувь заяаг хааш нь ч эргүүлж мэдэхээр боллоо доо.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )