МАН: “Эрчис ойл” ТӨХК "Роснефьт"-тэй хамтарсан компани байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.22/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас хувийн хэвшлийн нийлүүлж байсан онгоцны шатахууныг төрийн өмчөөр дамжуулж нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж, УИХ-д яаралтайгаар хуулийн төслийг өргөн барьсан юм. “Эрчис ойл” ТӨХК нь ОХУ-ын Роснефьттэй хамтарсан компани байгуулж, шатахууны үнийг бууруулахад тодорхой арга хэмжээ авах юм. Онгоцны түлш нийлүүлэхэд манайх ч, ОХУ-ын талаас ч хувийн хэвшлийн байгууллагууд шатахуун нийлүүлэхдээ дэлхийн зах зээлээс нэг тонн тутамд 187-225 ам.доллараар өртөг өндөр байна гэж үзэж байгаа юм.

Энэ хүрээнд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д хуулийн төслийг яаралтайгаар өргөн барьсан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Мөн цаашид гэрээнд тусгах хэд, хэдэн асуудал байна гэж үзсэн. Тухайлбал, зөвхөн олон улсын онгоцны түлшний үнийг бууруулах бус, орон нутгийн нислэгийн шатахууны үнэд анхаарах, дэд бүтцийн түрээстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэргийг хоёр талаас хамтран шийдвэрлэх хэрэгтэй гэж бүлгийн гишүүд тодорхой саналуудыг салбарын яамны удирдлагуудад чиглэл болголоо. 

Хоёрдугаарт, Нийслэлийн автоамын түгжрэлийг бууруулах чиглэлээр ирэх онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаарх танилцуулгыг сонслоо. Автозамын түгжрэл бол томоорхон тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Засгийн газраас ирэх жилүүдэд түгжрэлийг бууруулахад онцгой анхаарах жил болгохоор төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор  нийслэлээс авч хэрэгжүүлэх ажлуудыг сонслоо. Улаанбаатар хотын захиргаанаас олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал гаргаж байна. Тухайлбал, нийтийн тээврийг хөгжүүлэх, захиргааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, автозамын зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байна. УИХ-ын дэргэд Нийслэлийн хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан. Энэ хороо нь түгжрэлийг бууруулах ажилд  хяналт тавьж, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ. Ингэснээр нийслэлээс авч хэрэгжүүлэх ажлыг хурдан шуурхай шийдвэрлэж, тодорхой бодит үр дүн гаргах шаардлагатай гэж үзлээ” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржиёв(192.82.74.50) 2021 оны 11 сарын 23

Анандбузарын ”МЭРГЭ ВАН” ХХК будаа болов.Н.Багабанди хулгайчид унацныхаа 50 %- ыг төлж МИАТ-ын онгоцны түлшийг олон жил базах.ОДОО БОЛОХТИ

2  |  0
Top