Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч охид нийлж, сургуулийнхаа монгол охиныг зургаан цагийн турш зодож тамласан хэргийн бичлэг тус улсын хэвлэлүүдээр цацагдлаа.
Тодруулбал, MBC телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай монгол охиныг хүчирхийлсэн. Тухайн үедээ бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж, охиныг сэтгэл санааны гүн хямралд оруулсан байна. Үүнээс болж тухайн хүүхэд сургуульдаа явахаа больжээ.
Хохирогч охины хувьд арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд уг сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч аж. Хохирогчийг хүчирхийлсэн хүүхдүүдийн зарсан бичлэгийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлжээ. Харамсалтай нь, тухайн хүүхдүүдийг тэнсэн харгалзахаар суллаж, эрүүгийн ялаас чөлөөлсөн” гэжээ.
Дээрх хэрэг БНСУ-ын Пусан хотод болсон байна. Тиймээс хэргийн талаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа тайлбар мэдээлэл өчигдөр хийлээ.
Тэрбээр “БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн солонгос охид зодож, дарамталсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ сарын 1-нээс эхлэн шуугиж эхэлсэн. Энэ талаар Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч байна. Хэрэг энэ оны долоодугаар сарын 3-ны өдөр гарсан. Хэрэг гарсны маргааш нь буюу долоодугаар сарын 4-ний өдөр хохирогч охины ар гэрийнхний зүгээс Ёнсан хотын цагдаагийн газар мэдүүлснээр хэрэг бүртгэл нээгдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явж эхэлсэн. Энэ хэрэгт нийт дөрвөн сурагч холбогдсон. Тэдний хоёр нь гэмт хэрэг хүлээх насанд хүрээгүй гэх шалтгаанаар аравдугаар сарын 1-ний өдөр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин нөгөө хоёр нь гэмт хэрэг хүлээх чадвартай гэж үзэж, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорт шилжүүлсэн байна.Бид хохирогч охины ар гэр, цагдаагийн байгууллага, сургуультай нь болон хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хохирогчийн ар гэрийнхний хувьд энэ хэргийн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Цаашид хэрэг хэрхэн шийдвэрлэх талаар Консулын газраас анхаарч ажиллах болно” гэлээ.
Хохирогч охин сэтгэлзүйн хувьд маш хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг зодож танхайрсан ахлах ангийн охид дээд ангийнхандаа охины бичлэгийг 5000 воноор зарж байсныг цагдаа нар илрүүлсэн байна.
Хэргийн талаар БНСУ-ын Сөүл хотод байрлах Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас лавлахад “Хамрах тойргийн хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа болно” гэлээ. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс энэ хэрэгт тухайн улсын хууль цагдаагийн байгууллага хойрго хандаж буй талаар мэдээлээд буй юм. Иймээс хэргийн талаар Монгол Улсын ГХЯ болон БНСУ дахь Консулын газар дорвитой анхаарч, эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ төлөө ажиллах цаг нь болжээ.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Яасан ч өөдгүй сайд нартай юмбэ манай ЗГ энэ хэцүү үед.олигтойхон шиг ажлаа хийгээд байж болдоггүй юм байхдаа. ЗГ маань хамгийн хүнд хэцүү үеийг даван туулах гэж аль байдгаараа тэмцэж байхад зарим сайд нар арай л өөдгүй байнаа
наад балай авгайг буулга. Хэрэг нуун дарагдуулж гадны гэмт хэрэгтэнгүүдтэй эвссэн. Авилга авсан байж болзошгүй.