У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг санаачилж, хэлэлцүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж, танилцуулсан юм. Ингээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна. 


Эрхэм хүндэт Их хурлын төлөөлөгчид өө, 

Журмын нөхөд өө, хүндэт зочид оо,

Эх орныхоо өнцөг булан бүрээс намын олон түмнээ төлөөлөн хүрэлцэн ирсэн Монгол АрдынНамын эрх барих дээд байгууллага Их хурлын бүрэн эрхт төлөөлөгчид Та бүхэнд болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төв Азийн цээжинд байгуулагдсан анхны улс төрийн хүчин МАН-ыг үүсгэн байгуулж, тэмцэл ялалтын түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө амьдрал, залуу халуун нас, хөлс хүчээ зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, олон намын тогтолцоотой өнөө үед улс төрийн идэвхтэй байр суурь баримтлан улс орныхоо язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах,  ардчилал, хүний эрхийг дээдлэх үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зүтгэж буй Ардын намын нийт гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Бидний өвөг дээдэс тусгаар тогтнолоо тунхаглан, Бүгд Найрамдах улсаа байгуулж,эх орноо дэлхий ертөнцөд хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж,Төр улсаа сэргээн бадраасан агуу их үйл хэрэг нь хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа юм.

100 жилийн өмнөх “Тангаргийн гэрээ”-нээс шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлсэн нэгэн зууны түүхийг товчоолон дүгнэвээс Монгол Ардын Нам нь Ардын эрхэт, Бүгд Найрамдах Үндсэн хуульт төр засгаа эмхлэн байгуулж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө бүтэн зууны турш тэмцэн зүтгэж, шинэ зууныг өртөөлөн угтаж буй улс төрийн ууган хүчин болохыг илтгэн харуулж байна.

Энэ их тэмцэл, зүтгэлийн хүчинд Монголын хүн ам өсч, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болж, зуун зууны хоцрогдлыг түүх болгон үлдээж, соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлж, Монгол хүн сансарт нисэж, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, Орчин үеийн сайхан Монгол орон минь хөгжин мандсан түүхтэй.

Өнгөрсөн ХХ зууны нөр их бүтээн байгуулалт, ололт амжилт нь манай ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шим, Монгол Ардын Намын удирдан манлайлсан бодлого, үйл ажиллагааны бодит үр дүн байсан юм.

Өнгөрсөн зуун жилд Монголчууд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулж, баталгаажуулж чадсан бол Ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган, хүчирхэг эдийн засагтай хөгжилтэй улс болох  түүхэн зорилт та бүхний өмнө дэвшигдэн тавигдаж байна.

Эрхэм нөхөд өө,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Нам улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ ард түмнийхээ итгэл сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ.

Мөн түүнчлэн, МАН ард иргэдийнхээ санаа бодол, шүүмжлэл, зэмлэл, шаардлагыг байнга сонсож, сонор соргогоор хүлээн авдаг, үнэлэлт дүгнэлт хийж, алдаа дутагдалаа засаж, амжилт ололтоо бататгадаг, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж чаддаг улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард иргэдийнхээ дунд амьдардаг ард түмнээрээ овоглосон ардын нам байж чадна гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэл төгс байна.

Аливаа улс төрийн нам нь нийгмийг бүрдүүлэгч эд, эс болохынхоо хувьд нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн төлөвшин хөгжиж байх учиртай.

Улс төрийн намууд нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэн, ард түмнээ улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах шаардлагатай цаг үе болоод байна.

Цаашид Монголын улс төрийн намууд нь улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал санаачилга гарган хөгжлийн бодлогоороо өрсөлддөг бодлогын институт болон төлөвшиж, гишүүд дэмжигчид нь ёс суртахуунтай нийгмийг манлайлагч байж, дэвшилтэт ардчилсан үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг орчин цагийн улс төрийн хүчин болохын төлөө чармайн зүтгэх ёстой.

Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно гэдгээ энд тэмдэглэн хэлье.

Эрхэм нөхөд өө!

МАН 2020 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээн төр засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа эрх баригч улс төрийн хүчин билээ.

Энэ их итгэлийг их хариуцлага гэж ойлгох ёстой. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг сэтгэл зүтгэлээр, ажил хөдөлмөрөөр, үр дүнгээр, их бүтээн байгуулалтаар хариулах ёстой гэдгийг байнга санаж, бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах учиртай.

Өнөөдөр дэлхий нийтээрээ цар тахал аюулт өвчинтэй тэмцэж, олон зуун иргэд амь насаа алдан,эдийн засаг хумигдаж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгааг хүн болгон мэдэж байгаа. Монголчууд бид эвээ эрхэмлэж,  хүчээ нэгтгэж,эдийн засгаа сэргээн, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай амаргүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна.

Цар тахлын аюул, хөнөөлийг арилгаж, энх амгалан амьдрал, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хүн бүр хүчин зүтгэж, үндэстнээрээ нэгдэн нийлж, хамтран ажиллах нь хамгаас чухал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орон, ард түмнээ гэсэн зөв зүйтэй санал, санаачилга, бодлого, үйл ажиллагаагямагт дэмжин, хамтарч ажиллах болно.

Их жанжин Д.Сүхбаатар:

“Бидний улс эв саналаа нэгтгэж,

Нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн,

Нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс

Үл хүрэх газаргүй бөгөөд

Мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж,

Үүрд цэнгэлийн манлайг олж болохыг

Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.” хэмээн одоогоос 100 жилийн тэртээ хэлсэн билээ.

Улс эх орон, үндэсний эрх ашиг гэдэг бол та бидний хүндэтгэн дээдлэх үнэт зүйл юм. Тийм учраас аливаа асуудалд гагцхүү  улс эх орон, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэн шийдвэр гаргаж  байх нь чухал. 

Шинэ зуунд МАН болон улс төрийн бүх нам, хүчин, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататгаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь  аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө манлайлан зүтгэхийг та бүхэнд уриалж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө анх үүсгэн байгуулагдсан улс төрийн ууган хүчин Ардын намын түүхт 30 дугаар Их хуралд дахин амжилт хүсье. Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь босоо байжМонгол Улс мандан бадрах болтугай. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub irged(66.181.161.34) 2021 оны 12 сарын 06

bayar hurgie

0  |  0
Top