Л.Оюун-Эрдэнийн НЭГДҮГЭЭР ОН

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

МАН-ын ХХХ Их хурлын төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эрх баригч намын даргаар жинхэллээ.

МАН-ын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин Монгол ардын намын даргаар сонгосон намын 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа.

МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэх болно. Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсөж, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм аа. Залуучуудаа хэчнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно” гэжээ.

Тийм ээ, түүнд олон боломж, бас олон болгоомжлол ирж байна. Төрийн хийгээд улс төрийн жолоо Л.Оюун-Эрдэнийн гарт төвлөрлөө. УИХ, нийслэл, аймаг гээд улс даяар үнэмлэхүй олонх болж дүрмээ тулгаж байгаа нам шүү дээ.

Ийнхүү Монголын нэн шинэ цагийн улс төрийн түүхэнд цөөхөн хүний эдэлж байсан том эрх мэдэлд түүнд ирэв. Сүүлийн 30 жилд энэ хэмжээнд хүрсэн хүн гэвэл магадгүй Н.Энхбаяр л байх. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газарт өгсөн хүчийг нэмж тооцох юм бол Н.Энхбаяр ч өдгөө үзэгчийн суудлаас атаархаж суугаа нь дамжиггүй юм. С.Баяр, Ц.Элбэгдорж тэр байтугай том, жижиг таван сонгуульд дараалан намаа ялуулж явсан Н.Алтанхуягт ч тухайн цагтаа ийм өндөр индэр олдож байсангүй.

Өнөөдрөөс түүнийг У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй”, М.Энхболдын араас гэтэгч, Хэнтийн Бэрх тосгоны хүү гэдэг өнцгөөр харахаа болино.

Нэхэлтэй, хүлээлттэй, сонжсон олон харц дундуур гишгэх, эргээд төр гэдэг том бүтцийн өмнөөс дангаар хариуцлага хүлээх урт зам хүлээж байгаа. Одоо түүний хэн бэ гэдэг биш юу хийж байна вэ гэдэг хамгийн чухал болсон. Тийм ч учраас С.Оюун-Эрдэнийн он тоолол өнөөдрөөс эхэлж байна гэсэн хэрэг.

Гол нь эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг хэрэгжүүлэх хоёр бол асар ялгаатай ойлголт.

МАН-ын Их хурлыг нээж хэлсэн илтгэлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амалж болох бүхнийг хамаад хэлчихэж байна лээ. Авлигатай хатуу тэмцэнэ, хүний эрхийг дээдэлнэ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчилна, монголчуудын чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ, Улаанбаатар хотын түгжрэлийг арилгана, хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааныг онцгойлон дэмжинэ гэв.

Мөн тэрбээр Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна, шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлнэ, цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогыг цаг алдалгүй тодорхойлно гэдэг амлалт өгөв. Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотооддоо хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болж эдийн засгийн хувьд тусгаар тогтнол, бие даасан байдлын суурийг баталгаажуулах тухай ярилаа.

Түүнчлэн дагуул хотуудыг байгуулж, нийслэлийн төвлөрлийг задлах, төрийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах тухай ч хэлэв. Цар тахлаар амь насаа алдсан хүмүүсийн араас харамсаж буйгаа илэрхийлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад талархаж байгаагаа дайж байна. Эцэст нь тэрбээр “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх их үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриаллаа.

Товчхондоо, энэ бол монголчуудын сонсохыг хүсэж байсан бүх зүйл гэхээсээ илүүтэй бидэнд тулгамдаж байгаа бүх асуудал юм. Үг нэг бүрийнх нь ард асар олон тоо, төсөл төлөвлөгөө, эр зориг яригдана. Авлигатай тэмцэнэ гэдэг нь өнөөдөр түүнийг сонгосон төлөөлөгчдийг ч айлгах үг мөн. Эгийн голын усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч гэх зэрэг үгс бол хөршүүдийг ч сэрдхийлгэсэн байж таарна. Хийхээр амалсан ажил нь урагшгүй, гадаад дотоодын хүчин зүйл ихтэй, нам төрөө хослон барихад амаргүй байж мэднэ.

Гэхдээ юу ч тохиолдсон лав өршөөгдөхгүй албан тушаалд очиж, амлалт үгээ өглөө. Амлалт бол дараа нь шалтаг хүлээж авдаггүй хатуу эд байдаг. Мөн улс орон хөгжиж, авлигаас ангижирч, иргэд хөрөнгө чинээтэй болж, хүний эрхийг дээдэлдэг улс болох хэрээр гавьяа нь ганцхан түүнд наалдах цаг ч эхэлж байна.

МАН-ын мандан бадралыг 2016 онд М.Энхболд, 2020 онд У.Хүрэлсүхийн баг авчирсан юм. Түүнийг нэр төртэй залгах үүргийг тэр намын гишүүдийнхээ төлөөллөөс авах шиг боллоо. Өнөөдөр өрсөлдөх эзэнгүй дэвж байгаа ч, маргааш бүхэнд хараагдан мартагдах явдал байдгийг сайтар тооцож байгаа биз ээ. Н.Энхбаяр, М.Энхболд нарын саяхны жишээ ч дэргэд нь байна. Онцолж хэлэхэд эрх баригч МАН 80-аад оны залуусын гарт шилжих үйл явц боллоо.

Ардын намын “гал тогоо”-г барьж дараалсан ялалтуудыг авчирсан Д.Амарбаясгалан түүнийг намынхаа Их хуралд нэр дэвшүүлэн МАН-ын дарга болгов. Магадгүй энэ хамтарсан хүч Их хурлын төлөөлөгчдийн 99.72 хувийг мандатаа өргөхөд хүргэсэн байж таарна. Тэд авлигатай тэмцэх, хүний эрхийг дээдлэх, улс орноо хөгжүүлэх чиглэлд нэг зүгт харж байна гэдэг нь ч тодорлоо.

Хамгийн гол нь их эрх мэдэл гэдэг өөрөө элдэв бялдууч, санаатнуудыг соронзон мэт татаж байдаг. Түүний нөлөөнд хэт автаж өмнөх удирдагчдын адил тахин шүтүүлэн сохрохгүй байхыг Бэрх тосгоны хүү, Харвардын оюутан, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэр дааж явахыг харах л үлдэж байна даа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хасвур (66.181.166.134) 2021 оны 12 сарын 08

НЭГДҮГЭЭР ОН гэх шиг. ямар бялдууч лалар вэ? Дээр үед их хааныг ширээнд нь залсны дараа төддүгээр он гэж ярьдаг л даа. Оюун-Эрдэнэ бацаан хаан биш биз дээ

0  |  0
бө(202.179.15.114) 2021 оны 12 сарын 07

”Өнөөдрөөс түүнийг У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй”, М.Энхболдын араас гэтэгч, Хэнтийн Бэрх тосгоны хүү гэдэг өнцгөөр харахаа болино”. гэнээ кккк

0  |  1
Top