МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэлсэн юм.
Тэрбээр "Энд сууж байгаа та бүхэн маань өнөөдөр хурлаа дуусгаад нутагтаа буцна. Та бүхэн маань очоод энэ намынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх үйлд манлайлаарай. Та бүхэн манлайлагч, манлайлагч заавал ялагч байдаг. Та бүхэн минь манлайлж байж, ялж байж дахиад МАН сонгуульд ялалт байгуулна. Энд сайхан залуус байна. Тиймээс чадна, бид. Монголоо дахин зуун жилд хөгжлийн, эдийн засгийн тусгаар тогтнолоо авч ирж чадна" гэлээ.
Мөн "Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийлж байна. Цар тахлын үед амьдралаа залгуулж, тэмцэж яваа нийт ард түмэндээ талархаж байна. Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Хоёр намын нэгдэл том үлгэрлэл болсон. Гэхдээ агуу түүх алдаа, оноо аль алийг нь багтаадаг. Бидний оноо тусгаар тогтнол, бидний алдаа хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. Бусдыг уучилна гэдэг агуу. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн. Үүний цаана эв нэгдэл, бүтээлч хөдөлмөр, хамтын ажиллагаа байдаг. Хамгийн том алдаа бол хойшлуулах, тодорхойгүй байх. Хойшлуулсан алдааг засч болдоггүй. Өнөөдөр хойшуулахгүй байхын төлөө хуралдаж байна. Энэ зааланд ярьсан, шийдсэн, тохирсон болгоныгоо хойшлуулж болохгүй шүү, нөхөд минь. Маргаашнаас нь ажлаа эхлүүлэх ёстой шүү. МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Залуус гэдэг нь Батшугар уу.