МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаас иргэд сонгогчид, намын гишүүддээ хандсан уриалга гаргасан байна. Энэ талаар Их хурлын нарийн бичгийн даргаар сонгогдсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.
МАН-ын 30 дахь Их хурлын 17дугаар тогтоолоор батлагдсан уриалга:
-Өнгөрсөн 100 жил бол МАН-ыг үүсгэн байгуулагчдын чин эрмэлзэл, улсын тусгаар тогтнол бүрэн эрхийг тэмцэн олж, улмаар ардчилсан төрийн тогтолцоогоор баталгаажуулсан түүхэн үе байлаа. МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улстөрийн хүчин мөн. Ээдрээ бэрхшээл хатуу сорилтуудаар эхэлж буй шинэ зуунд манай нам хөгжил дэвшил оршин тогтнохын үндэс, бие даасан хүчирхэг аж ахуй үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн улс болоход бүхий л бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. Ийм бодлогын төвд хууль, төр засгийн ажил үйлээр хүний эрх нь хангагдсан чөлөөт, эрүүл боловсролтой хөдөлмөрч иргэн байх болно. Бид иргэн бүрээ хөхүүлэн дэмждэг, оролцоог хангадаг, хууль дээдлэх ёс шударга ёсыг хангасан улстөрийн ардчилсан тогтолцоо, парламентын тогтолцоог хангасан сахилга хариуцлага ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлж, төр иргэний хоорондын итгэлцлийг шинэ төвшинд гаргана. Төлөөллийн ардчиллын зарчмаар байгуулсан төр засаг үндэсний эв нэгдлийг нүдний цөцгий мэт нандигнан хамгаалж, одоо болон ирээдүй үеийн хүсэл мөрөөдөл мөн эдийн засгийн болон байгаль экологийн таатай нөхцөлийг хангасан ногоон хөгжлийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замыг урт дунд богино хугацааны бодлого болгон, төр хувийн хэвшил нийгмийн бодитой оролцоо, хөрөнгө оруулагчийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүйцээх бүрэн боломжтой байна. Зууны турш Монголын ард түмний итгэл найдварыг тээн хэрэгжүүлж ирсэн МАН-аас дэвшүүлж буй энэ зорилгыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл ( 0 )