Н.Учрал: Койныг бүртгүүлсэн биржээс өөрөөр арилжаалахыг хориглоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учралаас хуулийн төслийн талаар товч мэдээлэл авлаа. 

Тэрбээр "Энэ хуулийг хэлэлцэж байх явцад Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг биржүүдэд нэмэлт койн гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Тэр үед найман бирж ажиллаж байсан. Өнөөдөр 20 бирж ажиллаж байна. Тэд анхдагч зах зээл дээрээс хөрөнгө босгочихсон байна. Одоо бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, харилцагч нарыг хуульчлаагүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн уналт, ханшийн хэлбэлзлийг хуулиар зохицуулах бололцоогүй. Энэ койнуудыг харахад ханш нь унаж байна шүү дээ. Чанаргүй маш олон койн гарч байна. Технологийн шаардлага хангаагүй, санхүүгийн чадамжгүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй, эрсдлийн төлөвлөгөөгөө гаргаагүй койн их байна. Энэ мэт чанаргүй койноос шалтгаалж ханш хэлбэлзэж байна. Үүний цаана иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. 

Тэгэхээр энэхүү хуулиараа үйлчилгээ үзүүлэгч нарыг мэдээлэл хүргэдэг үүрэгтэй болгож байна. Мэдээлэх үүрэгтэй этгээд болсноороо Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хуулиа бүхэлд нь хэрэглэж эхэлнэ. Бүхэлд нь хэрэглэнэ гэдэг нь гүйлгээ хийгдэнэ. Койныг арилжаална, хоорондоо худалдана гэсэн үг. Энэ тохиолдол 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг Монголбанканд мэдээлэх үүрэгтэй. Дээр нь сэжигтэй гүйлгээ байх аваас дээшээ мэдээлнэ. Түүнийг нь Монголбанкны Санхүүгийн мэдээлэх алба хүлээж аваад гэмт хэргийн шинжтэй байх юм бол тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлнэ, мэдээлнэ. Түүнийг нь эрүүгийн хууль, тогтоомжийн дагуу зохицуулах юм. Үүнээс гадна үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож өглөө. Мөнгө угаахын эсрэг төлөвлөгөөтэй байх ёстой, дүрмийн сан нь тодорхой байх шаардлагатай. Хүний нөөц нь чадвартай байх ёстой. Мэргэжлийн холбоодын зөвлөмж, оролцоог шаардана. Бид энэ хуульд ханшийн хэлбэлзэл, хохирлыг төр хариуцах бололцоогүй. Одоо журмууд гарч эхэлнэ. Дараа нь тэр журмуудаараа дөрвөн сарын хугацаанд одоо үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд бүгд шинээр бүртгүүлнэ. Койныг бүртгүүлсэн биржээс өөрөөр арилжаалахыг хориглож байгаа юм" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top