Улсын дээд шүүх АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсангүй, хэд хэдэн үндэслэлээр татгалзажээ. Үүгээрээ АН-ын асуудал, даргын маргаан эцэслэж байна гэж хэлж болохоор харагдана.
Тодотговол, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, уг хуралдаанаар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12, тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна. Тиймээс 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг АН-ын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.
Мөн уг сонгуулийн үр дүнд АН-ын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчдийн хуралдаанаас үзжээ. Үүнээс харвал АН-ын тамга, тэмдэг М.Тулгатад бус С.Эрдэнэд хадгалагдан үлдэж байна гэсэн үг. Ямартай ч С.Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 11 хүртэл АН-ын тамга, тэмдгийг эзэмшинэ. Тэгэхээр тарж бутарсан АН-ын гишүүд эртхэн тамгатай нөхрийнхөө туган дор нэгдэхээс өөр сонголтгүй боллоо.
Улс төрийнхөө карьерыг дуусгаж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гишүүн асан Р.Амаржаргал, Э.Бат-Үүл гэх мэт хуучин кадруудын үгэнд орж, тэднийг дагаж хуйлраад байх хэрэггүй. Ёстой “Буруу харан уйлж, зөв харан инээж” тамгатай нөхөртөө хадаг барихаас өөр арга үлдсэнгүй. Гагцхүү айсуй 2024 он хүртэл гишүүд дэмжигчдээ нэгтгэх, тамгаа салгаж авахын тулд их эв нэгдлийн төлөө явах нь чухал болоод байна.
Өнөөдөр С.Эрдэнийг “Бүхэл бүтэн нам барьцаанд тавьчихлаа” хэмээн харааж зүхэн, түүнээс зайгаа барьж байхаар гэр дотор нь орж сууж байгаад хоймор гэтэх цаг санж. “Чоно үүрэндээ өлзийтэй” ч гэдэг дээ. Ерөөсөө ойрхон шадарлаж, өдөр тутам цайгаа хуваан ууж байгаа хүмүүсээс тамгатай нөхөд цэрвээд байдаггүй биз дээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд ч дахин дахин намын дарга болох гэж хөрөнгө мөнгө зарах хэрэггүй. Шинэ залуу гишүүний хувиар өөрийнхөө хувь улстөрчийн карьерыг өндийлгөх замаа бодсон нь дээр. “Тэсо” хэмээх группыг зовж зүдэрч л босгосон байж таарна, хайран ч хөрөнгө мөнгө. Хамгийн баян Х.Баттулга нэг ч төгрөг зарахгүй О.Цогтгэрэлийн сонирхлыг дагуулан улс төр хийлгэж байгааг улс төрийн хүрээнд харж байна. Ингэхэд “Женко”, Тэсо” хоёрын хөрөнгийг харьцуулах аргагүйтай адил Х.Баттулга, О.Цогтгэрэл хоёрын нүүдлийг ч адилтгах аргагүй. Тэр хэрэг гарвал хэнтэй ч нөхөрлөж, хэрэг бүтвэл хэнийг ч хаяж чадах нэгэн.
Саяхан Дээд шүүх дээр АН-ын даргын асуудлыг шийдвэрлэхээр материал задлахад Б.Тулгатын бус С.Эрдэнийн материал байсан гэдгийг санах хэрэгтэй. М.Тулгатын хувьд хэзээ ч АН-ын дарга байгаагүй гэдэг нь үүнээс харагдана. Уг нь М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтран, “Биднээс хуульд нийцэж байгаа нэгийг АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Бүртгэгдээгүй нэг нь гомдол гаргахгүй” гэсэн утгатай хүсэлтийг Улсын дээд шүүхэд өгөөд байжээ.
Гэтэл М.Тулгатын АН-ын даргаар бүртгүүлэхээр өгөөд байсан материалыг С.Эрдэнэ татан авсан байна. Үүнээс харвал ирээдүйд залуус дундаа эвлэлдэн нэгдэж, ахмадуудын зодооны гар хөл болохгүй юм байна гэх гэрэл гэгээ тусна. Тэд ч акулууд биднийг өмнөө түлхэж, хөрөнгө мөнгө, нэр төрийг минь хий дэмий үрж байна гэдгийг гадарлав бололтой.
Өнгөрөгч 2016 оны УИХ болон Орон нутгийн гээд шат шатны сонгуульд ялагдал хүлээсэн АН ээлжит хуралдаанаа зохион байгуулж байв. Тиймээс Улсын дээд шүүх тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Харин АН-ын даргаар С.Эрдэнийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Дээд шүүх 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн бүртгэж байв. Энэ цагаас хойш дөрвөн жил зөвхөн тэр л албан ёсны дарга байв.
Ингээд сая гарсан шийдвэртэй мөргүүлээд үзэхэд С.Эрдэнэ ирэх 2024 он хүртэл намын даргаар ажиллана гэхээр АН-ын түүхэнд хамгийн олон жил даргын алба хашсан хүн болох аж. Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр АН-ын бүртгэлийг бүртгэх тухай Улсын дээд шүүхийн хурал болж, АН-ын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Мөн Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзан, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзаж байв. Үүгээр ч зогсохгүй тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар ч татгалзсан. Ийнхүү Улсын дээд шүүх тус намын дүрэм болон даргын асуудлыг удаа дараа хэвээр нь үлдээж, татгалзаж байгаагаас харвал дараа дараагийн алхамд шилжихийг л сануулаад байгаа хэрэг.
Уг нь олон жил маргаантай байгаа АН-ынхан эвлэрч “Эв нэгдлийн их хурал”-аа зарлан хуралдуулах тухай мэдэгдэж байсан нь саяхан ч ийнхүү 2024 оны хүртэл нэгэн туурга дунд багтах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байна. Дахин сануулахад өнөөх л АН-ын нэрээр 30 жил идэж уусан үеийн хэдэн өвгөдөө дагаж дуурайгаад байж болохгүй гэдгийг дахин сануулъя.
Одоо тэгэхээр ямар дүр зураг гарч байна вэ гэвэл ихээхэн сонирхолтой. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат нар С.Эрдэнэд налж эхэлсэн гэдгийг дуулгасан. Тэгэхээр УИХ-д байх АН-ын данстай нөхөд хүссэн хүсээгүй тамгатай даргаа бараадахаар шийджээ. Тэдний ихэнх нь парламентад анх удаа сонгогдсон нөхөд. Нөгөө хэсэг нь дахин сонгуульд ялах нь бүү хэл намаасаа мандат авах эсэх нь ихээхэн эргэлзээтэй нөхөд учраас эртхэн нүхээ малтаад эхэлжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар О.Цогтгэрэлийн тамгагүй АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тодорч байсан Л.Гантөмөр тамгатай намд албан тушаал өгвөл нөхдөө чирээд очно гэдгээ дуулгасан бололтой. “Нөхдөө чирнэ” гэхээр “Нэг ардчилал” фракцын залуус С.Эрдэнийн хүчийг зузаатгана гэсэн үг. Эртнээсээ ах нараас дарга, сайдын суудал авч сурсан Л.Гантөмөр фракцийнхаа нөхдөд дуулгалгүйгээр ийм алхам хийхгүй нь ойлгомжтой.
Л.Гантөмөрийн хувьд ёстой л С.Эрдэнийг харан инээж, “Нэг ардчилал”-ыг харан уйлж байж энэ шийдвэрт хүрсэн байх. Нөхдөө ятгаж чадсан байх. Тэрбээр ийн уйлж дуулахгүй бол 50 насны босгоор нэгэнт алхлаа. Нэг, хоёр сонгууль алдвал 60 насны босго давчихна. Өдгөө тамгатай намыг сөрөн зогсож байгаа ганц зүйл гэвэл МоАХ байгаа ч тэд хүссэн хүсээгүй С.Эрдэнийн бодлогыг дагахаас өөр аргагүй байдал үүснэ.
Урваж шарваж яваад ирсэн О.Баасанхүү хүртэл байр сууриа илэрхийлэх болжээ. Тэрбээр "АН-ынхан МАН-тай тохиролцсон зүйл байхгүй. Харин АН дотор авлигын хэргээр шалгагдаж, өнөө маргаашгүй шоронд орох гээд байгаа зарим УИХ-ын гишүүн гар хөл нь болоод явж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тэр болгоныг нягталж үзэхийн тулд АТГ-аас тодорхой лавлагаа шаардаж байгаа” гэх мэтээр С.Эрдэнийг илтэд өмгөөлсөн байдалтай суух болов. Энэ мэтээр хол ойрын эх сурвалж, бусад албан мэдээллээс харахад АН-ын өнөөгийн нөхцөл байдал үүнээс хол явахгүй харагдана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Ene muu hotsrogdsn uvgun zailval taarna.
ЭРДЭНЭ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭВ ГЭЭД ТАМГАА ӨГСӨН ХҮН ЭРГЭЭД УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНТАЙ ХУЙВАЛДАЖ ДАХИН ТАМГА ХИЙЛГЭЧИХЭЭД БИ ДАРГА ГЭЭД БУЛААЦАЛДААД ЯВААД БАЙХ НЬ ЗОХИМЖГҮЙ. 2 СОНГУУЛИАР НАМАА ХУДАЛДЧИХААД ОДОО БОЛЬ ДОО.ХАЯСАН ШҮЛСЭЭ ЭРГЭЖ БҮҮ ДОЛООГООЧ.ЧАМАЙГ БАЙГАА ЦАГТ АН ЭВЛЭРЭХГҮЙ БАС СОНГУУЛЬД ОРОЛЦООД НЭМЭРГҮЙ
Эрдэнэ муу нэртэй ч АН-аа хууль дүрэмгүй тоглогч, хагалган бутаргагч ЖАН-ы аюулаас цээжээрээ хамгаалж яваа онцгой үүрэгтэй хүн. Хэрвээ ЖАН гарч ирвэл АН-ч будаа болно. Монголын улс төр ч орондоо орох завгүй олзлолдон булаалдах үе эхэлнэ. ЖАН-гийн их хурал гэгчийн үеэр Женкогийн гар хөл Түвшинбаяр найзыгаа сэхэхгүй болтол зодчихсон нь улс төрийн л шалтгаантай. ЖАН албан ёсоор бүртгэгдвэл хүн алах хүрээ талах явдал жирийн үзэгдэл болно.
За даа Женко хулгайч МАН-тай нийлэн МАНАН үүсгэж хувааж хулгай хийхээс ч арай л ДЭЭР болов уу