Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 17-нд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан билээ. Энэ төлөвлөгөөнд тусгасан чиглэлүүдийн нэг гол цөм нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих тухай байсан.
Түүнчлэн энэ хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл олголтод Зээлийн батлан даалтын сан оролцоотой ажиллаж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд тус сангаас арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар, 205 аж ахуйн нэгжид 56,4 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Энэ нь Ажлын байрыг дэмжих зээлийн эрэлттэй аж ахуйн нэгж, иргэдийн тоотой харьцуулахад бага тоо гэдгийг тус сангийн зүгээс хэлж буй.
Зээлийн батлан даалтын сан 2021 оны эхний хагас жилийн байдлаар 177 аж ахуйн нэгжид 49,1 тэрбум төгрөгийн зээлд 24,1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байгаа юм.
Ирэх онд Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх талаар албан ёсоор яригдаж буй.
МҮХАҮТ-аас Зээлийн батлан даалтын сангийн зүгээс зээлдэгчдэд олгож буй дэмжлэг хангалтгүй байна гэсэн шүүмжийг хэлж байгаа юм.
Тэгвэл Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэлэхдээ “Батлан даалтын сан банкнаас ирүүлж байгаа хүсэлтэд тулгуурлаж батлан даалт гаргадаг. Банк яагаад зээл судлахаас татгалзаж байна. Яагаад батлан даалтын санд хүсэлт ирэхгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт, таны барьцаа хөрөнгө хангалттай байвал банк тэндээ өөрийнхөө эх үүсвэрээр шийдэж байгаа. Хоёрдугаарт, таны тухайн жилийн орлого болон банкны зүгээс тавьж буй шалгуур үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд манай батлан даалтын санд ирэлгүйгээр таны зээл буцаагдаж байгаа. Зээлдэгчид зээлийн хэрэгцээ шаардлага, эргэн төлөх чадвараа маш сайн тооцоолж, зээл авах ёстой. Энэ удаагийн зээл түрээс, цалин болон эргэлтийн хөрөнгийг татахад зориулсан санхүүжилт хийгдэж байгаа. ААН-ээс тоног төхөөрөмж, машин, байр худалдаж авах гэсэн юмаа гэсэн хүсэлтүүд маш их ирж байна. Эдгээр зүйл боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зээлийн хэмжээг бууруулж тогтоох нь зөв болов уу гэж харж байна... Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Батлан даалтын хүсэлтийг банкаар дамжуулахгүйгээр шууд хүлээн авдаг болох, аж ахуйн нэгж төдийгүй иргэний зээлд батлан даалт гаргадаг болох зэргээр Сангийн батлан даалтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд уян хатан нөхцөлтэй явуулах боломжтой байх өөрчлөлтүүдийг төсөлд тусгаж ажиллаж байна” гэсэн байсан.
Тодотгоход, Ажлын байрыг дэмжихэд анх төлөвлөсөн 2 их наядын санхүүжилт дууссан учраас дахин 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг төлөвлөх асуудал албан ёсоор яригдаж байгаа.
Уг зээлийн хөтөлбөрийг цаашид гурван их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байсан.
Сангийн сайд Б.Жавхлан “Гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөр бидний төсөөлж байснаас илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогдож байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүдийн эцсийн зорилго ажлын байрыг хамгаалах, улмаар эдийн засгаа дэмжих юм. 10 их наядын төлөвлөгөө энэ түүхэн үүргээ биелүүлж байна гэж бид үзлээ” хэмээн өнгөрсөн долоодугаар сард мэдэгдсэн юм.
Эдийн засгийн төлөв байдал, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг аваад үзэхэд ирэх онд Ажлын байрыг дэмжих зээлийн эрэлт өндөр байхаар байна. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн оролцоо ч нэмэгдэх шаардлага байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )