Д.Ганбат: Манай бүлгийг танил технологиор тараах гэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлэг хоёр хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна. Энэ талаар дараах мэдээллийг өглөө.   

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонслоо.  Энэ талаар Б.Пүрэвдорж гишүүн мэдээлэл өгөх байх. 

Цар тахлын нөхцөл байдал амаргүй болж ирлээ. Халдвар авсан иргэдийн тоо багасан, коронавирусаар нас барсан хүнгүй болж байсан ч өнөөдөр халдварын тоо 1000 давж, нас барсан иргэн бүртгэгдэж эхэллээ. Японы Засгийн газрын тусламжаар чанартай вакцин орж ирсэн. 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. 

АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр: 

-Ардчилсан Үндсэн хуультай болсны 30 жилийн ойгоор ардчиллыг хулгайлах оролдлого гарч байна. Манай намд байгаа ч билүү, байхгүй ч билүү хоёр гишүүн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгчихсөн яваа. Хоёрхон жилийн өмнө цэцээр Үндсэн хуулийг самруулах ажлыг эрх баригчид хийж, АН-ын хоёр гишүүн гар хөл нь болсон. Нэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн цэц хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэж дэлхийд байхгүй шийдвэр гаргаж, шившиг болох юм байна.  Үндсэн хуулийг өөрчилж, манаж хамгаалах үүрэгтэй хүмүүс нь ойр ойрхон өөрчлөөд байж болохгүй.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Бүлгийн хуралд хэдэн гишүүн оролцсон бэ?

УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат: -Ёс зүйн дүрэм үйлчлээд эхэлчихсэн байгаа. Энэ дүрмээр АН-ын гишүүн л юм бол хуралдаа суух үүрэгтэй. АН-ын бүлэг албан ёсоор найман гишүүнтэй ч өнөөдрийн хуралд Б.Пүрэвдорж бид хоёр суусан. С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ хоёр гадаадад яваа. А.Адьяасүрэн гишүүн өвчтэй байгаа. 

АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр: -Сая О.Цогтгэрэл нарын хэвлэлийн хурал дээр АН-д байдаггүй гишүүн харагдаж байсан. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байхгүй. Анх АН-ын бүлэг байгуулагдаад, УИХ-ын дарга Г.Занданшатар бүлгийн даргаар Д.Ганбатын нэрийг уншиж танилцуулсан. Дахин бүлэг байгуулах ч юм уу, УИХ-ын дарга уншиж танилцуулах хууль эрх зүйн орчин байхгүй. 

-Найман гишүүнээс хоёр нь хуралдсан гэхээр энэ хурал хүчинтэйд тооцогдох уу?

УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат: -О.Цогтгэрэл, Б.Бейсэн нарын гишүүн ордон дотор байгаа хэрнээ хуралдаа суухгүй, хэвлэлийн хурал хийгээд яваад байна лээ. Энэ бол танил технологи. Өмнө нь бас АН-ыг бүлэггүй болгож байсан. С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарт АН хамаагүй. Яагаад манай намын нэрийг бариад хэвлэлээр бусдыг дарамтлаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлаар Ёс зүйн хороонд хандана. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.86.25) 2022 оны 01 сарын 10

Ан сөнөх ажлаа өөрсдөө хийж байна монголд манан шиг хэрэггүй юм алга

0  |  0
Зочин(150.129.141.150) 2022 оны 01 сарын 10

Эрдэнэ Ганбат та 2 хоер больдоо.3 сонгуульд нэг МАНд үйлчилж бараг цагаан саналын ард сонгогдоод байхад хариуцлага гэж байх ёстой.Намын тамгыг хуурамчаар хийлгэчихээд түүнийгээ намын тамга гээд байх хэрэггүй .Та 2 бол намыг хагалан бутаргагч.

0  |  0
иргэн(202.9.46.237) 2022 оны 01 сарын 10

ТАНАЙ БҮЛЭГ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАМЖГҮЙ БАЙГАА БОЛОХХОР ТАРАХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ БЭ ?

0  |  0
Зочин(66.181.188.125) 2022 оны 01 сарын 10

Авилгaл гэдэг ийм л муухай. АН авилгaлд идэгдсэнээс болж өнөөдөр гaлзу у солиотой хүмүүсийн цуглуулга болсон. Зарим нь ганцаараа хурaл хийж байна ч гэх шиг. Зарим нь хүүтэйгээ хулгай хийгээд шоронд ч орж байх шиг. Зарим нь эрэгтэй хүнийг xүчиндэж ч байх шиг.

1  |  0
Top