Шат, шатны сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш дотоод хагарал нь тогооноосоо хальж, өнөөг хүртэл эв түнжингүй яваа АН-ынхан парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чадамжгүй болжээ. Тэд төрийн ажил гэхээсээ илүүтэй намаас нь "салаалсан олон толгой"-ынхоо учрыг олох гэж хэдэн сар, жил өөр хоорондоо хэлхэлдэж, хэмнэлдэж явна. Сүүлдээ АН-ын жинхэнэ дарга хэн болох, жинхэнэ тамга хаана хадгалагдаж байгаагаа ч намынх нь олон мянган гишүүд, дэмжигчид нь ч мэдэхгүй, ойлгохгүй байдалд хүрэв.
Тэгвэл хоёр "толгой"-той АН-ын бүлэг нь хүртэл хоёр "толгой"-той болж, бүлгийнх нь гишүүд хэл ам, хэрүүл тэмцэлтэй байна.
Уг нь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын долоон гишүүн бүлгийн дарга Д.Ганбатыгаа огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн ч асуудал шийдэгдсэнгүй. Ямар сайндаа өнөөдөр /2022.01.10/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг эсэргүүцсэн журмын нөхөд нь мэдээлэл хийж байх вэ дээ.
Мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн оны аравдугаар сараас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахаар УИХ-ын даргад бичиг өргөн барьсан. Маш удаан хүлээцтэй хандлаа. Энэ долоо хоногоос эхэлж АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн боломжоор хангахыг хүсэж, шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргад хуулиар олгогдсон эрх нь бий, үүрэг нь ч юм. Хэрэв АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, Д.Ганбат даргыг огцруулахгүй аваас бид УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө" гэдгээ тов тодорхой мэдэгдэнэ билээ.
Ингэхдээ О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Бейсен нар Д.Ганбат даргынхаа зарласан бүлгийн хуралдаанд суухгүй гэдгээ давхар дайв.
Харин нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Б.Пүрэвдорж гишүүнтэй хоёулхнаа хурлаа хийжээ.
Тэрбээр "О.Цогтгэрэл, Б.Бейсэн нарын гишүүн ордон дотор байгаа хэрнээ хуралдаа суухгүй, хэвлэлийн хурал хийгээд яваад байна. Энэ бол танил технологи. Өмнө нь бас АН-ыг бүлэггүй болгож байсан. С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарт АН хамаагүй. Яагаад манай намын нэрийг бариад хэвлэлээр бусдыг дарамтлаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлаар Ёс зүйн хороонд хандана" гэх тайлбарыг өглөө.
Эндээс харахад, УИХ дахь АН-ын бүлгийн ихэнх гишүүн нь Д.Ганбат даргаа хүлээн зөвшөөрөхгүй гээд хуралдаа суухгүй, огцруулахаар зүтгэж байхад бүлгээ зангидаж чадаагүй Д.Ганбат суудлаа өгөхгүй гэж гүрийж, гэдийж байгаа нь АН-д бас нэг "толгой" шинээр нэмэхээс хэтрэхгүй бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
Увсынхан Үндэсний бөхийг юуч биш болгож Ардчилсан намыг ч бас самарч өгч байна даа