“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа: Өнгөрсөн долоо хоногийн нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Ингэснээр үйлдвэрт гарсан галаас шалтгаалан нийлүүлэлтэд асуудал, нөөцөд хомсдол үүсэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд төвийн зургаан дүүрэгт 617 борлуулалтын цэгт хоногт 3,200-3,600 тонн түлшийг нийлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд амралт, баяр ёслолын үеэр нэмэлтээр түлш түгээж байна. Өнөөдрийн байдлаар 21,353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна.
Сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шинэ шуудайн 35 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн "Тавантолгой түлш" компани хангамжийн арван баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг эхлүүлсэн. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авч байгаа. Хангамжийн долоон баазад иргэдээс худалдан авсан хуучин шуудайд дахин нүүрс савлаж ашиглаж байгаа бөгөөд хангалттай хэмжээний шуудай цугларч байгаа учраас шинэ шуудай хэрэглэхгүй. Харин шахмал түлшний үйлдвэрийн шугамд хуучин шуудай ашиглах боломжгүй байдаг тул шинэ шуудай ашиглаж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )