МАН-ын ахмадууд Цэц рүү, залуус нь сайд руу зүтгэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Бидний хэлж заншсан “Давхар дээл”-ийн асуудал Н.Ганибал, Ш.Адьшаа нарын мэдээллээр Үндсэн хуулийн цэц ирснээр дахин сөхөгдөж эхлэв.

“Давхар дээлтэй гарсан юмсан даараа болов уу яагаа бол” хэмээн төв талбайдаа давхар дээлтэй жагсаж явсан эрх баригчид өнөөдөр даарсан, жиндсэн эсэхээ өөрсдөөсөө асуух ийм цаг ирж байна. Ямартай ч оны өмнө хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан нэг л өглөө гэнэтхэн хойшилсон нь давхар дээлийг хүлээж суусан УИХ-ын гишүүдийг гайхшрахад хүргээд авсан.

Бидэнд ирсэн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан нар шинэ оны өмнө Төрийн тэргүүнд бараалхсан сураг байгаа юм.

Энэ үеэр Ц.Нямдорж Засгийн газарт бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллах саналаа хэлсэн гэх. Харин Д.Лүндээжанцан, Н.Жанцан нар Үндсэн хуулийн цэцэд очих хүсэлтээ илэрхийлсэн гэдгийг намынхан нь хэлж байна. Учир нь Цэцийн дарга Н.Чинбат насны тэтгэвэртээ суух цаг нь болсон. Түүнчлэн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн, нэр бүхий цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа аж.

Тиймээс тэр орыг нөхөх хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн гэх бор шувуу нисэх болов. Нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын гишүүдтэйгээ уулзаж “давхар дээл”-ийн асуудлаар санал солилцон, томилгоон дээр санал авч байгаа гэх яриа гарч байгаа юм. Одоогоор Үндсэн хуулийн цэц хуралдаж Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцээгүй байна. Гэсэн ч ҮХЦ-ээс гарах шийдвэр тодорхой хэмээн үзэж, Засгийн газрын бүтцээ зураад эхэлсэн гэж байлаа.

Эх сурвалжуудыг хэлж буйгаар Засгийн газар дээлээ давхарлана гэж байгаа юм. Харин ямар хүмүүс сайдад яригдаж байгаа талаар өгүүлье.

Л.Оюун-Эрдэнэ өөрийн кабинетдаа хоёр болон гурван удаа сонгогдсон гишүүдээр бүрдүүлэх бололтой. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар яригдаж байгаа аж. Батлан хамгаалахын салбарыг УИХ-ын дараах хоёр гишүүнээс сонгохоор болж байгаа гэнэ. Тус салбар Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нарын аль нэгэнд очих юм байна.

Одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа сайд нараас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сан­­гийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар албандаа үлдэх аж. Харин давхар дээлгүй сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг холио солионд орохгүй гэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа улирч магадгүй гэж байгаа ч Эрүүл мэндийн сайдын томилгоотой холбоотойгоор хөдөлгөөн орж магадгүй гэж байгаа юм. Учир нь Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг томилогдох аваас тэр бууриа сахин үлдэнэ. Хэрэвзээ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн салбартаа сайд болон очвол М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг тэргүүлэхээр яригдаж байгаа гэдгийг эх сурвалж өгүүлэв.

Гурван удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Эрчим хүчний сайдаар томилогдох нь гарцаагүй гэж байх юм. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдаар  томилогдох гэх яриа бий.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт томилогдох бололтой. Гаднаас шинэ  сайд орж ирэх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг Эрдэнэс Таван толгой ХХК-ийн захирал Б.Ганхуяг байх аж.

ЗГХЭГ буюу Засгийн газрын гал тогоог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат барих юм байна. Түүнийг өмнө нь ЗГХЭГ-ийн даргаар ажиллаж байсан туршлагатай гэж үзэж байгаа гэнэ. Харин Шадар сайдын албан тушаал хоёр байх бол Тэргүүн Шадар сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ковид хариуцсан Шадар сайдаар С.Амарсайхан ажиллахаар тохи­роонд хүрсэн гэх мэдээлэл өглөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ батлахдаа хоёр шинэ яамтай байхаар зохицуулсан. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн “Оргил”-ын гэх Ж.Ганбаатар нар байх талаар эрх баригч намынхан шивэр авир хийж байна.

Одоогоор ийм яриатай МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаа хүлээж байгаа юм. Залуу, дунд үеийнхэн нь сайд болох амбицтай шогшиж байгаа бол ахмадууд нь биед амраар нь Үндсэн хуулийн цэцэд очих чинхүү хүсэлтээ Төрийн тэргүүнээс эхлээд Намын даргадаа уламжлаад байгаа юм байна.

Улс төрд намын дарга хүн ямар байр суурьтайгаар, ямар өв үлдээх вэ гэдэг асуулт тулгардаг. Л.Оюун-Эрдэнэ улс төрд өөрийн гаргасан зам мөрөө хэрхэн үлдээх нь түүний шийдвэртэй шууд хамааралтай. С.Баяр Оюутолгой, Н.Энхбаяр Их өрийг тэглэсэн гэхчилэн өөр өөрийн замыг сайн муу аль алинтай үлдээж чадсан. Л.Оюун-Эрдэнийн зоригтой гаргасан ямар шийдвэр нь түүнд хаяглагдан үлдэх нь цаг хугацааны асуудал. Үүний тулд Засгийн газрын кабинетаа тэр хэн нэгнээс хараат бусаар бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгааг ухаж байгаа биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.218) 2022 оны 01 сарын 13

Оюунэрдэнэ сайн ажиллаж байгаа, Санаа нь зов байгаа, Харин Нямдоржийг Гэрт нь Самганд нь хургэж огч Монголын Торийг цэвэрлэвэл олны сэтгэлд нийцнэ

1  |  0
зочин(103.212.116.162) 2022 оны 01 сарын 12

УИХ ын гишүүд болчихоод бас алтан загасны эмгэн шиг даварцгаах болж дээ хүмүүсийн дургүй хүргэх ажил хийж байна даа балиар юмнууд бас идэх ажлаа хийх нь үү

2  |  0
96(66.181.191.44) 2022 оны 01 сарын 12

Хаврын чуулганы хугацаанд ҮХЦ-ийн шийдвэр 51 гишүүний кноп авч чадахгүй учир унана.Тэр үед МАН-ын сайд болох гэсэн гишүүд ЗГ-аа унагааж мэдэхээр болчлоо. ДАНХАН ТОЛГОЙТОО зайлуулахаас өөр гарцгүй болно

1  |  0
Зочин(192.82.71.254) 2022 оны 01 сарын 12

Нямдоржийг Цэцэд битгий орогнуулаарай, Монголын ард тумний хусэх зуйл Энэ, Самганд нь буцааж ог

1  |  0
Top