УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Аль Ардчилсан нам жинхэнэ бэ гэдэг таавар л их болж байна. Тэгвэл яг хэнд нь хүчинтэй тамга байгаа юм бэ. О.Цогтгэрэлийн талаас бол С.Эрдэнийн тамгыг хүчингүй болгох гээд шүүхэд хандчихсан гэх юм билээ?
-Өмнө нь юу болсон бэ гэдгийг бид маш олон удаа тайлбарласан. Тиймээс сүүлийн үеийн нөхцөл байдлыг л ярья. Улсын бүртгэлийн ерөнхий газар О.Цогтгэрэл, Ц.Туваан нарт байгаа тамгыг хүчингүй болгосон. Улмаар Ц.Туваан тэргүүтэй хүмүүс Улсын бүртгэлийн ерөнхий газар буруу шийдвэр гаргасан гээд шүүхэд гомдол гаргасан. Энэ нь С.Эрдэнэ тэргүүтэй гэж хэлэх хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл хүчинтэй тамга нь С.Эрдэнэд байгаа юм.
Магадгүй, шүүхийн шийдвэрээр УБЕГ-ын шийдвэр хүчингүй болбол Ц.Туваан тэргүүтэнд байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Би бол хуулийн үүднээс үүнийг боломжгүй гэж хараад байгаа. Тийм болохоор одоо С.Эрдэнэ тэргүүтэнтэй тамга ашиглагдаад явж байна. Мөн Ц.Туваан тэргүүтэй хүмүүс шүүхэд С.Эрдэнэ дээр байгаа тамгыг шүүхийн шийдвэр гартал ашиглуулахгүй байх хүсэлт тавьсан.
Үүнийг бол шүүх хангахгүй гэсэн. Яагаад хангахгүй гэсэн бэ гэвэл С.Эрдэнэ дээр байгаа тамгыг хүчингүй болгочихвол энэ нам чинь нэг ч тамгагүй болчихно. Хуучин тамгыг нь төрийн байгууллага хүчингүй болгоод шинэ тамга өгчихсөн байна шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол С.Эрдэнэд байгаа тамга гурван шатны шүүх хурал дуустал ямар ч байсан ашиглагдана. Гурван шатны шүүхээр С.Эрдэнэ дээр байгаа тамга нь зөв юм гээд гарчихвал цаашаагаа ашиглагдах биш хэрэглэгдээд явна. Ийм л процесс явж байгаа.
-АН хоёр хуваагдсан байдалтай байна. Дээд шүүхэд аль аль нь материал хүргүүллээ, ингэж шийдвэр гаргалаа гэж зарладаг болсон. Сүүлд О.Цогтгэрэл даргатай АН-аас “Манай арваннэгдүгээр сарын 5-ны Их хурлыг Дээд шүүх хүлээн зөвшөөрлөө” гээд мэдээлэл хийж байлаа. Ер нь Дээд шүүх яг ямар шийдвэр гаргасан болоод ингээд байдаг юм бэ?
-Улсын Дээд шүүх дээр ямар зүйл байгаа вэ гэвэл намын дарга хэн байх вэ гэдэг хүсэлт өгчихсөн байгаа. Хоёр хурал болоод М.Тулгат, О.Цогтгэрэл гэдэг хоёр хүнийг сонгоод намын дарга гээд өгчихсөн.
-М.Тулгатыг дарга болгох бичгээ буцаагаад татаад авчихсан гэл үү?
-Манайх долоон удаа өгч байна шүү дээ. О.Цогтгэрэл нь хоёр дахь удаагаа хүсэлт өгч байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаад, итгэмжлэлгүй төлөөлдөг эрх бүхий хүн нь С.Эрдэнэ байсныг хүчингүй гэж үзээд, дараагийнх нь М.Тулгат юм уу, О.Цогтгэрэл гэдэг хүнийг тавиулах хүсэлт тавиад байгаа юм. Дээд шүүх О.Цогтгэрэлийг тавих ямар ч боломжгүй гэж үзсэн.
Яагаад гэвэл сонгон шалгаруулалт нь дүрэм зөрчсөн байна аа гэдэг. М.Тулгатыг яг шийдье гэсэн чинь С.Эрдэнэ дарга “Бичиг баримтын бүрдэл жаахан дутуу байна, бид өгсөн бичгээ буцааж авмаар байна” гэдэг хүсэлт өгөөд бичгээ татчихсан. Ингэхээр чинь юу вэ гэхээр шийдвэр гараагүй байна гэсэн үг. Ийм л байдалтай байгаа.
-С.Эрдэнэ М.Тулгаттайгаа муудалцаж дээ гэдэг таамаг харагдаад байгаа?
-Би хуульч хүн учраас сэтгэл хөдлөлд нэг их ач холбогдол өгдөггүй. Миний таалагдахгүй хүнд хууль үйлчилж байвал тэр мөн л гэсэн үг. Таалагддаг хүнд хууль үйлчилж байвал яг адил. Хууль хэн нэгэнд зориулагддаггүй, сайн, муу бүх хүний эрхийг л хамгаалах ёстой шүү дээ. Өнгөрсөн хаврын Сүхбаатарын талбай дээр хийсэн өлсгөлөнгийн дараа УИХ дээр байгуулагдсан Ажлын хэсэг гэж бий. Ажлын хэсэг бол ажлаа хийгээд дуусчихсан. Миний авсан мэдээллээр Ажлын хэсэг дүгнэлтээ албажуулах гэсэн чинь манай нөгөө хэсгийнхэн зугтаагаад байгаа юм байна.
Ер нь бол Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шийдвэрээ хуулийн хүрээнд гаргасан байна гээд дүгнэлт гарчихсан юм байна лээ. Тэгэхээр энэ үйл явц хуулийн хүрээндээ шийдэгдээд явах байх гэж харж байгаа.
-Аль нэг тал нь ялна гэхээсээ АН гэдэг улс төрийн хүчин хагарсан нь хайран байгаа юм. Шүүх хурлаар нэг тал нь тамгаа баталгаажуулаад дийлчихлээ гэж бодъё. Тэгсэн ч тал нь байхгүй л байх болно. Зохицож болдоггүй юм уу?
-2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр би УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийнхөө фэйсбүүк хуудсанд бичсэн зүйлийг нүүр ном сануулж байна. Тэнд “Манай Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний эв нэгдлийг хангахад санаа тавьдаггүй. Харин Ардын намын эв нэгдэлд илүү санаа тавьдаг хүн” гэж бичсэн байсан. 2019 оны нэгдүгээр сарын 7-ноос хойш гэхээр гурван жилийн өмнө хэлж байсан байгаа биз. Би өмнө нь ч хүмүүст хэлж байсан. Би бол “А” зэрэглэлийн мэдээлэлтэй байдаг хүн. Гурав, дөрвөн жилийн өмнө нөхцөл байдлыг хэлж л байлаа. АН-ыг зориуд хагалан бутаргаж, хүчгүй болгож, Ардын намыг ялуулахын төлөө асар аюултай юмнууд хийсэн байхгүй юу.
-Тухайлбал?
-Тухайлбал, УИХ дахь бүлгийг нь задалчихаж байгаа юм. Гурван хүнийг “төмсөгдчихсөн”. Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан гээд санаж байна уу.
-2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээрээс ил тод болсон?
-У.Хүрэлсүх хамаагүй. Тэр гурвыг “Та нар хамаагүй хөдөлж болохгүй шүү, хөдөлбөл шоронд хийнэ шүү” гээд айлгачихаж байгаа юм. Д.Мурат хүчингийн хэргээр сэрдэгдээ биз дээ. Л.Болд өнөө “Би ярих уу, яах уу” гэдэг шиг Хойд Солонгос гээд бөөн яриа болж байсан. Ж.Батзандан чинь нүүрэн дээрээ үнэн юм шиг ярьдаг боловч цаад талдаа дандаа хулгай хийдэг.
Худлаа ярина, хулгай хийнэ, ЖДҮ энэ тэр гээд есөн шидийн юмтай холбоотой залуу. Туслахаар нь ажиллаж байсан залуу 70-аад компанитай, зөвлөх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байхдаа ингэсэн, тэгсэн гээд хэвлэлээр ч зөндөө гарсан. Тиймээс энэ хүн эрх мэдэлтэй хүнд мөргөн залбирч, түүнийхээ төлөө ёстой алаад өгье, хядаад өгье гэдэг шиг л явдаг.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг бас хэсэг дагасан бил үү?
-Үнэн биз дээ. Долоодугаар сарын 1-нээр шоронд хийх гэхээр айгаад яасан билээ дээ. Манай Ц.Элбэгдорж ч тэр, Х.Баттулга ч тэр асуудалтай хүмүүсийг хажуудаа боол шиг ашигладаг байхгүй юу. Эргээд яриандаа ороход тухайн үед АН УИХ-д бүлэггүй болонгуут автоматаар чадамжгүй болсон. Нөгөө хэд нь МАНАН мафи гэдэг улаан жүжиг тоглоод эцэст нь одоогийн МАН-ын УИХ-ын гишүүд гараад ирсэн шүү дээ. Одоо өөрөө Ардын намын даргын зөвлөх хийгээд сууж байна. Ийм л юм боллоо. Орж ирсэн нөхдүүд нь манай, танайгүй асуудалтай. МАН-ынхан авлигад нэр нь холбогдсон хүмүүсийг намаасаа хөөнө гээд яриад эхэллээ. Гэтэл энэ УИХ-ын гишүүдийн 50 хувь нь авлигад нэр нь холбогдчихсон байдаг.
-Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ч чуулган дээр хэлж байсан санагдаж байна?
-Өөрөө хэлсэн. Энэ УИХ-ын гишүүд А-гаасаа Я хүртлээ янз бүрийн юманд холбоотой. Тэдний 62 нь МАН-ых гэхээр 90 хувь нь эрх баригчид байна гэсэн үг. Тиймээс энэ нөхдүүд попрохоос өөр юм хийхгүй. Харин бид эхлээд намаа чөлөөлж авахгүй бол болохгүй байна.
-Х.Баттулгаас чөлөөлж авах гэж байгаа юм уу?
-Гэмт хэрэгтнүүдээс чөлөөлнө. Тэгэхгүй бол энэ намын дор байж байгаад эрх мэдлийг ашиглаад гэмт хэргээсээ бултах, орогнох газар болгодог. Дээр нь зүгээр байгаа хүмүүсийг гүтгээд байдаг байхгүй юу. Эд нарын юм дандаа баримттайгаа, тоотойгоо байдаг. Тэрний шүүх хурал боллоо, туслах нь шоронд орох гэж байна, дарга нь ордонд сууж байна. Найз нь шоронд орох гэж байна, өөрийнх нь хэргийг тусгаарлаж байна гэсэн юмнууд явдаг биз дээ. Ийм ноцтой байгаа болохоор бид сонгуулиас өмнө чөлөөлж, хэл амгүй хүмүүсийг төрд оруулж ирмээр байгаа юм. Тэгэхгүй бол төрийн чадамжид ч нөлөөлж байгаа шүү.
Хүмүүс “Ордонд байгаа юмнууд бүгдээрээ л хулгайч ш дээ” гээд ярьдаг. Үгүй шүү дээ гэхээр “Тэгвэл тэрийгээ хар” гэдэг. Чи бид хоёр авчихвал аль хэдийн шоронд орчих хэргүүдийг л эд нар хийдэг. Жишээ нь, маскаа ширхгийг нь 20 мянган төгрөгөөр зараад 2.9 тэрбум төгрөг тендергүй авчихсан бол чи аль хэдийн Ганц худагт оччихсон байгаа. Гэтэл манай шүүх дээр яадаг гээч дөрвөн жил шүүх хурлаа хийхгүй явж болдог. Долоо хоног хуралдлаа, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Хойшиллоо, шүүгч нь өвдлөө, өмгөөлөгч ингэлээ гэсээр дөрвөн жил болчихдог. “Жаст”-ын Ш.Батхүүгийн жишээ байна шүү дээ. Гэх мэтчилэн олон хүн бий. Дэлхийн хаана ч ийм юм байхгүй. Ард түмэн ямар шударга ёс хүсэж байна гэвэл хууль тэгш үйлчлэхийг л хүсээд байгаа юм.
-Тэгэхээр танай нам доторх хагарал эвлэрлээр дуусахгүй, аль нэг нь ялж байж дуусах юм байна даа?
-Би хуульч хүн. Тэр эвлэрэх ёстой эсэх дээр ач холбогдол өгөх ёстой хүн биш шүү дээ. Нөгөө талд байгаа залууст хэлдэг. Бас болсон болоогүй би чинь УИХ-д хоёр удаа суучихсан, намын бүртгэлийн асуудлаар онол, практикын мэдлэгтэй. Тухайлбал, О.Алтангэрэлтэй хааяа тааралддаг. “Ааяа хоёулаа уулзая, асуудлаа яриад сууя” гэхээр “Хоёулаа уулзнаа, болно оо” гээд яваад байдаг. Хоёр талын хуульчид нь цуг суугаад асуудал байна, байхгүй гээд ялгаж салгаад хуулийн хүрээнд явья л даа. Эсвэл ард түмний өмнө мэтгэлцье.
-Ардчилсан нам ямар ч байсан нэг талдаа гараад сөрөг хүчнийхээ ажлыг хиймээр байна. Тэгэхгүй бол эрх баригчид сөрөг хүчингүй юм шиг л аашилдаг боллоо?
-Би бол эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлтэй хүнийг хянах нь сөрөг хүчин гэж боддог. Ард түмэн шүүмжилж болно, гэхдээ сөрөг хүчин хийж чадахгүй. Ардчилсан нам суудал бүхий нам. Суудал бүхий нам гэдэг чинь төр барилцаж байна гэсэн үг. Өнөөгийн байдлаар эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нь МАН, эрх мэдлийг хянах, барих үүрэгтэй нь АН. Тэгэхээр өнөөдөр АН нэг талдаа гарах гэхээсээ илүү парламентад байгаа УИХ-ын 11 гишүүн нь сөрөг хүчний ажлаа хийх ёстой юм. Тэд сөрөг хүчний ажлыг хийхгүй байгаа нь намаас ч хамаараад байгаа юм биш. Энэ УИХ-ын гишүүдээс хамаараад байгаа юм.
Би ганцаараа, УИХ-д бүлэггүй байхдаа гар утсаараа шууд дамжуулалт хийгээд явдаг байлаа. Өргөн барьсан хууль, Үндсэн хуулийн асуудлаар өдөр болгон шахуу хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлэл өгдөг байсан. Энэ чинь ажил байхгүй юу. Тэд 65-уулаа учраас өдөржингөө ярьдаг. Би ганцаараа болохоор тавхан минут ярьдаг байсан. Тийм болохоор зайлшгүй чуулганы хуралдааны асуудал болгон дээр үг авахаас өөр арга байгаагүй. Ийм байдлаар ажилласан. Гэтэл манай 11 гишүүн сөрөг хүчний ажлаа хийхгүй байна.
-Зарим нь хуралдаа ч ирэхгүй байгаа?
-Тийм. Дээрээс нь яг чухал, ард түмний амьдралд нөлөөлсөн шийдвэрүүд дээр хэвлэлийн хурал зарлахгүй, шүүмжлэхгүй байгаа. Жишээлбэл, 2022 оны улсын төсөв дээр ямар шүүмжлэл хэлсэн юм. Тэгвэл 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Зонховын хөшөө барихыг Ардын нам өмөөрөөд байна уу, Ардчилсан нам өмөөрөөд байна уу. Энэ “давхар дээл”-ийн асуудлыг Ардын нам Цэцэд өгөөд байна уу, Ардчилсан нам Цэцэд өгөөд байна уу.
-Ардчилсан намынхан?
-Тийм байгаа биз. Ингээд эрх баригчдын гар хөл болдог. Н.Алтанхуяг нь өөрөө жинхэнэ суганы үс болчихсон яваад байгаа юм. Түүнээс биш гудамжинд байгаа АН-ын гишүүн О.Баасанхүү “Би АН-ын гишүүн учраас сөрөг хүчин хийнэ” гээд Сүхбаатарын талбай дээр зогсож болохгүй байхгүй юу. Жинхэнэ сөрөг хүчнийг хийх үүрэг нь АН-ын УИХ-ын гишүүдэд бий. Ганц Д.Ганбат л хөөрхий Бүлгийн хуралдаа хүн амьтан дуудаж мэдээлэл аваад, байр сууриа чадлаараа илэрхийлээд явж байна. Манай нам бас Д.Ганбатыг хамгаалаад байгаа шалтгаан нь тэр юм.
А.Адьяасүрэн гишүүн бүр алга болчихсон шүү дээ. Уг нь эмэгтэйчүүдийнхээ төлөө ярих ёстой хүн. Өвөрхангайд буудуулсан охины асуудал байна, нэг эмэгтэй бизнес эрхлэгч “Шангри-Ла”-гаас хөөгдөөд хохирлоо гээд ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрх өдөр болгон зөрчигдөж байхад гарч ирээд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмадуудын тухай ярихгүй байгаа. Б.Бейсен бүр байхгүй. Б.Пүрэвдорж хааяа дуугарах юм. С.Одонтуяа дуугарахаасаа дуугарахгүй нь их. Хааяа дуугарна. Гэхдээ Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулъя гээд л явчихсан хүн шүү дээ. Би Хувьсгалт намд байсан учраас Ю.Цэдэнбалд хайртай.
Гэтэл Ардын намынхан Ю.Цэдэнбалыг доромжлоод байгаа юм. Хэрэг хийсэн гэж үзээд шүүхээр орсон, таслагдсан хүмүүсийг хэлмэгдсэн бол цагаатгадаг. Ю.Цэдэнбал гэдэг түүхэн хүн шүүхээс ял шийтгэл авч байгаагүй. Тэгэхээр цагаатгана гэдэг чинь доромжлол. Ийм утгагүй үйл явдлууд дээр нь манай АН-ын гишүүд хамтран оролцоод байгааг хараад ичиж байна.
-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар “давхар дээл”-ний асуудлаар Цэцэд хандаж гүйгээд л?
-Манай Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгээр, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын зөвлөхийн үгээр л явж байхгүй юу. Ш.Адьшаа гишүүн чинь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хүний жинхэнэ баруун гар. Тэр хүний буянаар шоронд орчихгүй явдаг. Гаалийн Ш.Адьшаа гээд алдартай шүү дээ. Х.Баттулгыг сайд байхад Н.Ганибал хаана байлаа гээд л бод. Хөдөө аж ахуйн яаманд Ц.Туваан юу байлаа. Энэ нөхдүүддээ хэлдэг. Тэр АН-ын УИХ-ын гишүүдийн хаврын өлсгөлөн дээр очоод “Н.Ганибал хаачсан, АТГ рүү бичгээ өгсөн үү” гээд ил тод яриад явж байсан биз дээ.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүнд энэ Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй болох нь ямар хамаатай юм?
-Энэ хүн чинь өөрөө нам байгуулаад, өөрөө Засгийн газартай болъё гэдэг мөрөөдөлтэй гэдгийг захын хүн хэлээд байна шүү дээ. Улс төрөөс гарахгүйн тулд өнөөдөр Ардын намын даргын зөвлөх хийгээд явж байна.
-Орон тооны бус зөвлөх байх аа?
-Тэр орон тооны байна уу, орон тооны бус байна уу, намын даргын зөвлөх гэдэг чинь шившиг байхгүй юу даа. Ажил олдохгүй байгаа биш. Би тэрэнд нь гайхаад байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ чинь Ардын намын дарга биз дээ. Ёс зүйн талаасаа энэ ёстой буруу.
-Сөрөг хүчний яриа руугаа эргээд ороход УИХ дахь АН-ын бүлэг байгаа эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Д.Ганбат гишүүн ганцаараа л хуралдаад байдаг юм биш үү. Танай намынхан бас Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан гурвынхаа намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байдаг?
-УИХ-ын тухай хуулийн 31 дээр “УИХ-д сонгогдсон наймаас дээш гишүүн нийлээд бүлэг байгуулна” гэсэн заалт байдаггүй. Хэрвээ найм буюу түүнээс дээш гишүүд нийлээд бүлэг байгуулна гээд заачихсан байвал өнөөдөр Ардын намын 62-ыг наймд хуваахад долоо, найман бүлэг бий болчихно. Үүнийг хуульд “Сонгуулийн үр дүнгээр ялсан нам Засгийн газар байгуулна. Найм хүртэл суудал авсан нам УИХ-д бүлэг байгуулах эрхтэй” гээд заачихсан. Нам бүлэг байгуулж байгаа юм. Тэр чинь намд зориулж бүлэг бий болдог гэсэн үг. Тийм учраас Бүлгийн даргыг томилохдоо нам нь Удирдах зөвлөлөө хуралдуулаад УИХ-ын даргад түүнийг тавья гээд бичиг явуулдаг.
Ардын намын УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чинь тэгж томилогдсон шүү дээ. Түүнээс биш 62-уулаа сууж байгаад Д.Тогтохсүрэнг тавих уу гэж шийддэггүй юм. Ийм процесс явдаг учраас УИХ дахь АН-ын бүлэг бол байгаа. Харин бүлгийн хуралдаа гишүүд орохгүй байгаа нь шившигтэй. Тэр хурлаар Д.Ганбат гэдэг хүн шийдвэр гаргах гээд байгаа юм биш. Бүлгийн шийдвэр гардаг. Бүлгээрээ болохгүй байгаа салбарын сайдыг дуудаж ирээд асуугаад шахалт хийх ёстой. Зам тээврийн сайдыг авчраад Дарханы замыг барих шахалт хийх ёстой шүү дээ. Ийм л үүрэгтэй.
-Одоо УИХ-д байгаа АН-ын гишүүд “Д.Ганбатыг солих гэж байгаа. Бүлгийн дарга олонхийн шийдвэрийг дагах байлгүй дээ” гээд яриад байх юм. Тийм боломж байх уу?
-Энэ бол намын УИХ дахь бүлэг юм. Түүнээс УИХ-д байгаа гишүүдийн бүлэг биш. Тийм болохоор ямар ч хуулийн боломж байхгүй. Боломжтой болгоё гэвэл нөгөө Миеэгомбын Энхболдыг огцруулдаг шиг хуулиа санаачлаад явах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ нөхдүүд эрх мэдэл л яриад байх. Цар тахал дэлбэрэхэд бэлэн болчихсон, “Дабл стандарт” хөдөлгөөн үүсчихсэн байхад эд нар Сүхбаатарын талбай дээр очоод намайг дарга болго, Ерөнхийлөгчид намайг нэр дэвшүүл гээд хэвтэж байсан. Нэг бүсгүйг таван цагдааг зодсон гээд ял өгөх гэж байна. Тэд янз бүрийн улс төрийн мэдээлэл хийхдээ нэг буланд нь энэ тухай ярих ёстой шүү дээ. Ардчилал хүний эрхийг дээдлэх дээр суурилдаг. Гэтэл үүнийг ярих ёстой хүмүүс нам л яриад байдаг.
Ардын нам бол нам ярих ёстой. Босоо удирдлагатай. Эд нар чинь удирдлагаа нухчихдаг хүмүүс. Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаа явуулчихсан. Н.Багабанди л гайгүй байна даа. Н.Энхбаяр, С.Баярыгаа шоронд явуулсан. Дараа дараагийнх нь үе ирнэ. Эд нар чинь ийм зовлонтой. Тэрний зорилго нь эрх мэдлийг нь авахад байдаг байхгүй юу. Үүнийг цөмөөрөө мэддэг. Манай Н.Энхбаяр дарга бас хүнд гар шүү дээ. Сарын өмнө МАН-ыг татан буулгуулахаар Дээд шүүхэд өгнө гэж хэвлэлийн хурал хийж байгаад сарын дараа Ардын намынхан гоё хүмүүс гээд яриад явж байдаг. Ардчилсан намынхан бол нам, тамга хамаагүй ардчилал, хүний эрхийн төлөө явах ёстой. Гэтэл энэ тухай юу ч ярихаа болилоо.
-С.Эрдэнэ гэдэг хүн хоёр удаа намаа ялагдуулчихаад зүгээр яваад өгч болдоггүй юм уу?
-Би жишээлбэл, хувьдаа С.Эрдэнэд дуртай биш. Гэхдээ хуульч хүн чинь зайлшгүй байгаа үйл явдал, хуулийн заалт дээрээ дүгнэж “Аль нь албан ёсных вэ” гэж ярихаас аргагүй болж байна шүү дээ.
-2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд болсон О.Цогтгэрэлийн талын намын хурал дээр С.Эрдэнээс бусад намын шат шатны дарга нь цуглараад Монгол Улсын газрын зураг дээр тамгаа дарсан. Тэр хуралд бас АН-ын ахмад партизанууд буюу Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэх мэт олон хүн харагдаж байлаа. Тэгэхээр АН-ын масс нь О.Цогтгэрэл талдаа байгаа юм байна гэдэг ойлголт нийгэмд төрсөн л дөө?
-Аргагүй дээ. Би нэг зүйл хэлмээр байна. Ардчилсан намын дүрмээр бол даргаа солилоо гэж бодоход залгаад хоёр дахь юмаа албажуулдаг. Тэр нь аймаг, дүүргийн намын дарга нарыг сонгуульд ялагдсан гээд автоматаар огцруулдаг нь юм. Өнөөдөр даргаа сонгоогүй байгаа үед зарим нь энэ сиймхийг ашиглаж байна. Жишээлбэл, манай Эрдэнэтэд ГОК-ын хулгайч гэж хэлж болмоор хэдэн хүн гүрийгээд суугаад байгаа. Өрөө байрнаасаа гардаггүй, шинэ хүмүүсийг дэмждэггүй, сонгуулиар бие даагчидтай нэг бригад болж ажилладаг. Тэр хүмүүст “Та нар даргаараа үргэлжлүүлээд ажиллана шүү” гэхэд гүйгээд ирнэ биз дээ. Ингээд юу гэдэг юм “Би Орхон”, “Би Булганы намын хороон дарга” гээд хуралд оролцоно. Тэгээд хүчингүй тамгануудаа дараад явчихаар тэгж харагдсан байх. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг чинь энэ.
Дээр нь АН-д зөвлөлдөх танхим гэж бий. Түүнд сайд, дарга байсан ахмадууд автоматаар ордог. Тэр танхимын гишүүд аливаа хуралд оролцох үүрэгтэй. С.Эрдэнэ ч тэр зөвлөлдөх танхимд нь байдаг. Энэ дагуу О.Цогтгэрэлийн хуралд оролцож, намын асуудал юу болоод байгаа юм зөвлөе гээд л очсон. Дараа нь та нар санаж байгаа бол анхдугаар чуулган болоход Р.Амаржаргал ирээ биз дээ. Хоёр талд аль алинд нь л очоод байгаа гэсэн үг.
-Энэ намын асуудал хэзээ цэгцрэх юм бол оо?
-Мэдэхгүй. Хамгийн зовлонтой нь нэг талд нь хууль, нөгөө талд нь мөнгө байна. Тэгээд хэн нь хүчтэйгээ үзэх гээд байна шүү дээ. Гэхдээ мөнгөөр хуулийг худалдаж авч болдоггүй, хуулийн заалт худалдаж авч болдог. Нэг л үнэн байгаа. Хууль зөрчиж хийсэн ямар ч зүйл хэзээ нэгэн цагт нуран унана. Тийм учраас хүссэн ч, хүсээгүй ч зөвшилцлийн ширээний ард суух ёстой. 2024 он болоход хоёр жил л үлдлээ шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
yostoi sain. gargalgaa l yarisan baina sh dee
генералын өмнө ёсолдог жунайгаас мөнгө гуйдаг эрдэнэтийн луйварчдыг шоронд оруулахгүй гэж тоо бодож нойргүй хонодог гэж өөрөө ярьж байсан даа.
100 000 доллар өгчих тэгвэл юу ч байсан хийнэ гэлүү худалдана гээд байсан билүү
Ширэн нууртэй Баасанхуу ганцаараа л байвал болно, олны дунд байж болохгуй Маш аюултай, оодгуй, хун муутай, хунийг яаж ч алж Чадах муухай хун суг
Үнэхээр цайрсан гар шүү ширэн нүүртэй юу ч хийж мэдэх нөхөр маш аюултай хүн
Ер нь бол Монголчууд эндээс нэг зүйлийг сайн олйгох хэрэгтэй. Нам авилгалд идэгдэхээр нам биш болдог юм байна. Тэд хоорондоо хуваагдаад, хоёр гурван толгойтой болоод, хоорондоо зодолдоод, уйлж унжаад элгийг нь авч байгаа биз дээ. Тэд хэзээ ч хоорондоо эргэж нэгдэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Яг тэдний удирдагч Элбэгдоржийн хэлснээр ”онгон хүүхнээ хүнд авгай болгож өгсөн бол буцаагаад онгоноор нь авна гэж байхгүй” гэдэг шиг АН авилгалчдаасаа болж хуваагдсан бол эргээд нийлнэ, нэгдэнэ гэж байхгүй.
ham damjsan banzal duugai tat