Бүлгийн даргын суудлаа булаалдсан "зодоон"-д Г.Занданшатар сануулга өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Хоёр хуваагдсан АН-ын УИХ дахь бүлэг нь хүртэл хоёр талд гарч, "БҮЛГИЙН ДАРГА" гэх албан тушаалаа булаацалдаж байна. Нэг талд нь одоогийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, нөгөө талд нь О.Цогтгэрэл тэргүүтэй нөхөд Д.Ганбатын оронд УИХ-ын гишүүн Н.Ганибалыг томилуулахаар зүтгэж байна.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хуваагдал, маргааны гол буруутан нь УИХ-ын дарга Г.Занданшатар болж таарав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа хийхгүй байгаа нь сөрөг хүчин болох АН-ын бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад ихээхэн "саад" болж байгаа гэнэ. Тэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, оронд нь Н.Ганибалыг томилохгүй аваас УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөө хүртэл мэдэгдэв.

Харин энэхүү үйлдэлд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт хариуг нь барьж, САНУУЛГА өглөө.

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулж байна. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа нам дотроо шийд. Албан тушаалын тэмцлээрээ битгий УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулаад бай. Сүүлийн үед АН, АН-ын бүлэг, нэр бүхий гишүүд хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай бичиг ихээр ирүүлж байна. УИХ-ын даргын хувьд АН-ын дотоод асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжгүй, тийм хуулийн заалт ч байхгүй. Та нар цөөнх, цөөнх дотроо цөөнхийг ч хүндэтгэх ёстой. Энэ бол ардчилалын үндсэн зарчим гэдгийг санаж, дотооддоо асуудлаа шийдээч ээ. Та нарыг цөөнх шиг байлгахын тулд чадахаараа л дэмжиж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Болохгүй бол нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу, яадаг юм" хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top