Тугаа бөхийлгөсөн АН-ыг үнэгүйдүүлж авах санаархал

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Шударга ёс нэрийн дор МАН-д дагаар орсон гэх Ж.Батзандан, Лу.Болд нараас эхтэй АН-ын үймээн сүүлдээ бүлэг ч үгүй, сураг ч үгүй болж таарав. Эцэст нь АН өөрөө эрх баригч намд дагаар орохдоо туллаа.

Эзлэгдэж, түрэмгийлэлд өртөж байсан улс төрийн нам бүү хэл улс орны түүх ч олон доо. Жишээ нь, монголчууд 1207 онд баруун хойд Хятад болон Төвдийн газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлаар мордож 1210 онд Тангудын хаан бууж өгсөн байдаг. Энэ үед Уйгарууд Их Монгол Улсад дагаар орж цаашдын аян дайн болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхтэй оролцсон байдаг.

Үүн лугаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Лу.Болд нарын хувьд ч “Шударга ёс, МАНАН дэглэмийг буулгаж авах” нэрийн дор эрх баригчдад барьцаалагдан, улмаар тэдний талд үйлчлээд яваа бололтой гэдгийг эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл тэдэнд үйлчилсэн хэвээрээ байх магадлалтай. Өнөөдөр Тангуд улс ч гэж юу билээ. Төвд гэх орон өмнөд их гүрнийн нөлөөнд байгааг мартах юун.

Ташрамд дурдахад аливаа байгууллага бүү хэл улс орныг ийм нөхөд бүр мөсөн устгадаг түүхтэй гэдгийг санаж, дахин Монгол төрийн босгоор алхуулахгүй байхыг сонгогч олон санаж явах учиртай. Өнөөдөр нэг намыг дагаар аваачих гэж байгаа нөхөд маргааш улс орныг ч оролдож мэднэ. Магадгүй эрхэм хоёр АН-ыг бүр нэр сүргүй, буурь суурьгүй, арилжааны хөгшин морь шиг болгочихоод авахаар сууж ч байж мэдэх хүмүүс. Тэд хэрүүлийн аль нэг талд цучил нэмж байгаа нь ойлгомжтой. 

Уг нь өчигдрийг хүртэл “АН-ын бүлэг мэдээлэл хийнэ. АН-ын бүлэг шаардлага хүргүүллээ” гэх зэргээр ярьж байсан бол “Бүлэггүй бүлгийн дарга” Д.Ган­батын хэлж байгаагаар АН-ын бүлэг гэж байхгүй. Бүр АН ч гэж байгаа эсэхэд эргэлзэхээр мэдээлэл хийлээ. Түүний хэлж байгаагаар Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж, С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшсэн учраас АН-д хамаагүй.

Харин өнгөрөгч 2021 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийт­гэл ногдуулсан учраас АН-ын гишүүн биш гэв. Арга ч үгүй. УИХ-ын сонгуулийн үр дүнд наймаас дээш суудал авсан улс төрийн нам УИХ-д бүлэг байгуулдаг учиртай. 

Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Б.Бейсен, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар мэдээлэл хийж, Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлөх хүсэлтээ өнгөрсөн оны аравдугаар сард хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Иймд бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд энэ шаардлага дахин хүргүүлж байна хэмээн мэдээлсэн. Үүнээс харвал өдгөө УИХ-д байгаа АН-ын данстай 10 орчим гишүүний хоёр нь ашиг хонжоо хайж ирсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол Ц.Туваан нь хөөгджээ.

Мөн О.Цогтгэрэл тэргүүтэй гурван нөхөр бүлгээ зөвшөөрөхгүй тамга тэмдэг булаалдаж яваа гэхээр 10 орчим гишүүн лавтай гурав хуваагдсан харагдана. Энэ хэрүүлийг Х.Бат­тулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг энэ тэр өрдөж галдаж л байгаа.

Эцэст нь АН-ын данстай дансгүй гишүүд УИХ-ын даргад хандаж, бүр Хууль зүйн байнгын хороо хүртэл нэг намын дотоод асуудал яригдав. Ийм түүх Монголын улс төрд болж байгаагүй санагдана. Энэ нь 30 гаруй жилийн түүхтэй АН нэгэнт намагт унасныг харуулна.

Энэ намын хойморт уг нь Ц.Элбэг­­дорж, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Баабар нар суугаад хэрэлдэж хэлэлцэж байв. Арга ядахад л Х.Баттулга, З.Энхболд, Д.Дорлигжав нар байв. Гэтэл өнөөдөр Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хэрэлдэж хэлэлцэж байна гэхээр ямар л олигтой байв гэж. Дээр дурдсан АН-ын акулууд эцсийн мөч хүртлээ өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явж намаа доройтуулсан нь үнэн. Гэхдээ арай ч ийм байдалд тулж, өрсөлдөгчдөөсөө аврал хайж байсан удаагүй юм шүү. Энэ нь акулуудын намаа буулгаж авах гэсэн санаархал.

Харин АН дотор дундын байрлалд байгаа Б.Пүрэвдорж гишүүн “Ардчилсан нам даргынхаа асуудлыг МАН-ын ажлын хэсгээр шийдүүлэхгүй. МАН-ын олонхтой УИХ-аар шийдүүлэхгүй. Маргалдаж байгаа талууд МАН-ын дарга нар дээр очиж “Манай намын даргын асуудлыг шийдэж өг” гэдгээ болих хэрэгтэй. МАН нөлөөлж байна. Өөрсдөө л эвтэй бай, хэн нэгнээр хэрүүлээ битгий шийдүүл. Ардчилсан намын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг байхгүй юу. МАН-тай хэлэлцэж байж авдаггүй юм. Өөрсдөө дотроо учраа ол. Нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүн чинь харж байна. Энд асуудал шийдэгдэхгүй гурилдаад өнгөрнө. Өөрсдөө ажлын хэсэг гарга” хэмээн дуугарч байна лээ.

Гэхдээ Б.Пүрэвдорж гишүүн АН-ын маргаантай асуудалд МАН-аас бурууг хайж байхаар хэрүүлийн галыг өрдөж байгаа ах нараасаа хайх хэрэгтэй гэдгийг сануулъя.

Аливаа улс төрийн нам дотор маргаан, хэрүүл тэмцэлгүй байна гэж үгүй. Угаасаа маргаж, мэтгэлцэж байж урагшаа явдаг Төрийн бус байгууллага юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд ах нарын хатгаасаар АН-д маш том хохирол учруулж байгаа төдийгүй Монголын улс төрд томоохон гай тарьж байгаа хүн. Ийм чухал цаг үед УИХ-ыг сөрөг хүчингүй, цаашлаад нялх тутам ардчилалд ч лай болж байна. Энэ утгаараа тэр Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы ноёд Богдод дагаар орох бичиг өргөн, Монгол Улсад албан ёсоор дагаар орсон 1912 оны түүхийг санагдуулдаг гэж хүртэл бичиж байсан нь бий.

Өнөөдөр эрх баригчид АН-ыг санаатайгаа үгүй хийж байгаа тухай мэдээлэл хийж, ийм ойлголт төрүүлэхийг хичээж байгаа ч өөрсдийнх нь буруу шүү дээ. Мэдээжийн хэрэг өрсөлдөгчид өрсөлдөгчөө сарниж тарамдаж байхад дуртай байж таарна. Энэ утгаараа эрх баригчид АН-д ямар нэгэн дэмжлэг үзүүлээд тэдний асуудлыг шийдчихгүй. Хөөрхий минь АН ялагдсан юм гээд Засгийн газартаа багтаахгүй, Дээд шүүхэд нөлөөлөх замаар тус үзүүлэхгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөг өгөхгүй.

Тэгэхээр дотоод асуудлаа өөрсдөө шийдээд явах хэрэгтэй гэдгийг тал талаас нь сануулж байна. Өнөөдөр тэд Улсын дээд шүүх дээр гацааж байна хэмээн гоншигнож байхаар хууль дүрмийн дагуу Дээд шүүхээс зөвшөөрч байгаагаа чиг баримжаа болгоод явах шаардлага байна.

Мөн Н.Ганибал гишүүн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлтийг хүчингүй болго” хэмээн шаардаж байхаар аль болж байгаа замаар нь учраа олоод явахаас өөр гарц алга. Бурууг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хайж байхаар улс төрд өргөж тэтгэсэн Х.Баттулгаасаа хайх хэрэгтэй. Гар дамжсан морь шиг болсон АН-ыг авах сонирхол энэ хүнд лавтай бий. Гагцхүү унагааж байж авна.

Ийн эв эеийг хичээж байж дараа дараагийн сонгуульд амжилт гаргах шаардлага байгааг олон мянган гишүүд дэмжигчид чинь хүлээж байгаа болохоос бус энд бүлэглэлийн эрх ашгийн төлөө намын даргын суудалд тэмцээд байх шаардлага алга. Ядахад залуус нь ухаалаг хандаж болдоггүй юм уу. Өөрсдийнх нь ярьж байгаагаар эрх баригчид нөлөөлсөн нөлөөлөөгүй болж байгаа сувгаар нь хараад маргаа­шийнхаа төлөө явах ухаан алга гэж үү.

Тэнд М.Тулгат нь байна уу, О.Цогтгэрэл нь байна уу, хамаа алга. Гагцхүү та бүхний энэхүү даргын солиорол чинь эцэстээ АН хэмээх айлыг устгахад том түлхэц болж байна. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан, Лу.Болд нарын эхлүүлсэн урвах ажиллагаа өнөөгийн хэдэн нөхдөөр үргэлжилж төгсгөл болох шатандаа нэгэнт ирчихлээ. Үүнээс харахаар АН-ын нөхөд буруугаа эрх баригчдаас бус ах нараасаа хайх хэрэгтэйг дахин сануулъя. Тэд бүгдээрээ нам үнэгүйдүүлж авах санаатай байх шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.194.169) 2022 оны 01 сарын 18

MAN daarin deer ni davs nemeed mash ih uvaigui zagnaj bn,tuu ergedeg yamm daa

0  |  0
Top