Монгол, Индонезийн бизнес форумыг энэ онд зохион байгуулахаар ярилцлаа

2022 оны 01 сарын 20

Монгол, Индонезийн Гадаад харилцааны яам хоорондын цахим уулзалтыг 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, индонезийн талаас тус улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай, Африкийн бүс нутаг хариуцсан дэд сайд Абдул Кадир Жайлани нар тэргүүлж оролцов.

Талууд цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажил, арга хэмжээ хойшлогдоод байгааг энэ оноос сэргээн хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хурал, Монгол, Индонезийн  бизнес форумыг энэ оны дундуур зохион байгуулахаар ярилцав. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез Улстай улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа монголын тал нотлов.

Дэд сайд Абдул Жайлани Индонез, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой саяхан тохиосныг дурдаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, монголын талаас санал болгосон иргэдийн эрх зүйн туслалцааны холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаа тэмдэглэв. Мөн энэ онд индонезийн талаас Монгол Улсад төлөөлөгчид айлчлуулж, хамтын ажиллагааны асуудлуудаа урагшлуулах чиглэлд хүч чармайлт гаргахаа илэрхийлэв. Талууд цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байгаа талаар мэдээлэл солилцож, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар ярилцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top