Муу сурдаг МОНГОЛ УЛС

2022 оны 01 сарын 27

Дэлхий дахинаа авлигын төсөөллийн индексийг жил бүр гаргадаг. Авлигын төсөөллийн индекс нь нийтийн салбарын авлигын дэлхийд тэргүүлэгч үзүүлэлт болоод байгаа юм. Манай улсын хувьд 1998 оноос хойш авлигын төсөөллийн индексээр бусад 179 улс оронтой өрсөлдөх болсон. Өрсөлдөх хэмээн хэлсэн нь учиртай. Индекс нь дэлхийн 180 улс орон, бүс нутгийг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, эрсдэлийн үнэлгээний зөвлөх компаниуд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд болон бусад 13 хөндлөнгийн эх сурвалж ашиглан гаргадаг.

Мөн улсын хэвшил буюу төрийн салбарын авлигын төсөөлөлд үндэслэн үнэлдэг юм. Гэвч манай улс бусад 179 улстай өрсөлдөхөд хүч дутуу эсвэл залхуурсан бололтой. Үүнийг тус индексийн сүүлийн таван жилийн тайлангаас бэлхнээ харж болно.

Тодруулбал, 2016-2021 оны хооронд 100 онооноос ердөө 35-38 оноо авсан байдаг. Тэр дундаа хамгийн өндөр оноо болох 38 оноог 2016 онд авжээ. Харин сүүлийн хоёр жилийн турш 35 оноо авсан байна. Ингээд харвал дорвитой үр дүн байхгүй нь анзаарагдана. Харин ч бүр 100-гаас авах ёстой оноо нь багассан үзүүлэлт юм. Ердөө л авлигын төсөөллийн индексээр авсан оноо сурагчдын авдаг оноотой ихэд төстэй.

Ерөнхий боловсролын сурагчдыг хооронд нь ихэд харьцуулдаг. Тэр тусмаа 100 онооноос авсан оноогоор нь жагсааж, сайн муу хэмээн ангилдаг. Ангилснаас үүдэж бага оноо авсан нөхдийг муу сурлаа хэмээн ихэд зэмлэх нь бий. Энэ удаад манай улс ихээхэн зэмлэл хүртэхээр болж байх шиг байна. Зэмлэл хүртэж буй шалтгаан нь 100 онооноос 35 оноо авсантай холбоотой юм.

Сурагч хичээгээд хамгийн сайн нь болж чадах ч өөрөө хүсвэл хамгийн муу нь ч болж чаддаг. Хамгийн амжилттай сурч буй нэгэн нь байраа хадгалахын тулд цаг ямагт хичээдэг бол байрнаасаа ахихыг хүсдэггүй суралцагч ч гэж бий. Монгол Улс ахихыг хүсдэггүй сурагч гэх ангилалд орох нь баараггүй. Учир нь таван жилийн турш дотоодын авлигыг бууруулах арга хэмжээ авах талаараа ярьсаар л буй. Хийсэн үр дүнтэй алхам байхгүйгээс гадна авлига улам бүр гаарсан гэхэд хилсдэхгүй л болов уу.

Учир нь улс төрд мөнгөний нөлөө их орнуудад авлига ужгирсан байдаг нь Транспарэнси интернэшнлээс гаргасан 2019 оны судалгаанд дурдагдсан байдаг. Сонирхлын зөрчилтэй этгээдээс сонгууль болон улс төрийн намын санхүүжилтын хувьд хараат бус улс оронд авлигатай тэмцэх чадамж муу байдаг учраас манай улс 2019 онд 37 оноо авсан.

Харин авлига нь эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй байдлыг дордуулж, мөн ардчиллаас ухрахад хүргэдэг гэдгийг Транспарэнси интернэшнлийн 2020 оны судалгаанаас харж болно. Энэ үед 35 оноотойгоор 180 улсаас 110 дугаар байранд жагссан байдаг. Харин өнгөрсөн онд цар тахлын үеийн эдийн засгийн тогтолцооны уналт, салбарын ил тод байдал суларч, авлагын эрсдэл нэмэгдсэн зэргээс шалтгаалж байраа хадгалан жагсжээ.

Авлигын төсөөллийн индексээр хэтэрхий удаан нэг байрандаа зогссоноос болсон уу, ямартай ч авлигатай тэмцэх цар хүрээг сэргээх оролдлогыг төрөөс хийж байгаа. Тухайлбал, Азиийн бүс нутагт анхдагч хэмээн хэлж болохуйц хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ хууль баталсан. Энэ хуулиар авлигыг мэдээлэгч буюу шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх ажил юм.

Энэ нь авлигын индексийн есөн эх сурвалжийн нэг болох шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах салбарт эерэг нөлөө авч ирсэн хэмээн авлигын төсөөллийн индексийн шинжээчид үзсэн байна. Авлига нь олон талт асуудал хэдий ч сүүлийн хоёр жилийн турш дэлхийг нөмөрсөн цар тахал авлигын эсрэг тэмцэлд гол чөдөр болж буй зүйл. Тиймээс ч Транспаренси интернэшнл байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийн дунд онцлох нэгэн зүйл байсан нь Засгийн газрын төсвийн зарцуулалтад мэдээлэл авах эрхийг хангах зөвлөмж байв.

Учир нь төсвийн зарлага ил тод, нээлттэй байх нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж буй нэг төрөл. Үүний хамгийн тод томруун жишээ бол манай улсын эрүүл мэндийн салбарын сүүлийн хоёр жил юм. Цар тахалтай холбоотой төсвийн зарцуулалт одоог хүртэл нийтэд хангалттай хэмжээнд ил тод болоогүй. Тиймээс ч цар тахалтай холбоотой нэг хүнд ногдох эмчилгээ төсөвтөө тохирсон эсэхэд томоохон эргэлзээ одоог хүртэл иргэдийн дунд байсаар байгаа билээ.

Энэ салбарын ард их хэмжээний авлигын асуудал байх магадлалтай хэмээн таамагладаг ч тодорхойгүй юм. Мөн бизнес эрхлэгчид төсвөөс санхүүжихийн тулд авлига өгдөг болсон гэх мэт жишээнүүд тоймгүй их бий. Авлигыг ноцтой байдалд авч үзэхгүй бол бид Филиппин болон Энэтхэг улсын араас орох эрсдэлтэй.

Филиппин улсад Ерөнхийлөгч Родриго Дутэртэ 2016 оны сонгуульд ялснаар эвлэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүдийг ноцтой хязгаарласан байдаг. Үүний уршгаар хүний эрхийг хамгаалагч 20 хүн нас барсан тохиолдол бий. Мөн Энэтхэг улсад авлигыг хязгаарлах механизмууд суларч, суурь эрх чөлөө ялзарсан, институцын тэнцвэртэй хуваарилалт үгүй болсон аж. Сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн эсрэг дуугарсны төлөө хатуу арга хэмжээ авч буй зэрэг асуудал гарсаар байгаа ажээ. Ингээд үзвэл авлигын эсрэг ямарваа нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас манай улс муу сурагч байхаас гадна иргэд нь эрх чөлөөгүй, хүний эрхээ ч эдэлж чадахгүйгээр ардчилал гэх нэрийг барин явахад асуудал тулгарах вий.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
zochin(103.26.194.169) 2022 оны 01 сарын 27

Olo ulsiin avilgiin indeksiin uzuulelteer ali namiin ued avilga uhesseniig harj bolno,tegeed hen ni idej uugaad baigaag medehed mash amarhan

0  |  0
Top