Монгол улс, Бүгд Найрамдах Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тохиов. Манай хоёр орон өнгөрсөн 30 жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталлаа. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит Найрамдлын төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгасан.

Энэ онд хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж, 30 жилийн харилцааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг тодорхойлно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top