Гээгдэж үлдсэн хилэн

2022 оны 02 сарын 01

Аливаа зүйлээс гээгдэж үлдчихээд нэгэн насаараа хилэгнэж явдаг нь энэ амьдрал, хорвоогийн жам ажээ. Тэд өөрийн буруугаас болон гээгдэж үлддэг ч түүнийгээ ойлгодогүй, бүх буруугаа бусдаас хайн зүхэж хараасаар энэ хорвоог орхидог хатуу хуультай. Гээгдэж үлдсэн буруугаа олж, зөв гарц хайдаг нь маш ховор.

Тэгвэл хурааж хуримтлуулсан жаал хөрөнгөө их улс төрд орох гэж 20, 30 жил цацаад модоо барьсан нөхөд ч байна, байр гэр ч үгүй гудамжинд гарсан ч нөхөд байна. Улс төрийг бохир л гэдэг болохоос биш баргийн аавын хүүгийн морилоод байдаг талбар ч биш л дээ. Эрийн шандас шалгаж эмийн гоо залийг тодруулдаг талбар. Асар их заль нь дийлсэн ухаан зарж, гудамжны гуйлагчингаас эхлээд Төрийн сэнтийд заларч байгаа нэгэнтэй эн тэнцүү харьцааг хэлбэр талдаа үүсгэж, хэнд ч үгүй гэж хэлж болдоггүй адармаатай талбар. Түүнээс бус дарга цэрэггүй загнаад баруун солгойгүй гар зангидаад тусыг эс олно.

Тусыг эс олсон баатруудын нэг бол яах аргагүй олноо “Буян”-гийн хэмээн алдаршсан Б.Жаргалсайхан. Түүний хувьд улс төрд орох гэж гучаад жил нэр ч үгүй нүүр ч үгүй явж байгаа халаас нимгэн нэгэн ч арай биш юм. Тамтаггүй баяны дэргэд бол тарагны таван ямаатай л нөхөр байх. Тарагны таван ямаатай нөхрийг бодоход хөл­гүй баян мэт хачин нөхөр. Эсвэл тэр туйлын харамч нөхөр байх.

Ямартай ч Б.Жаргалсайхан улс төрийн гортигны цаана насыг барж байгаа нөхдийн дэргэд бол УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэр ч бүү хэл Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаад үзсэн догь толгой. Тэгэхээр улс төрөөр дамжиж очдог тэр том албан тушаалын амтыг мэдэхгүй яах юм бэ. Тамга ч барьж үзээгүй бацаанууд байдгаа тэмтрээд гүйж байхад Монгол Улсын Засгийн газрыг барьцаалаад Японы “Марубен”-аас зээл авчихдаг нөхөр амтанд нь орохгүй яах юм. Ёстой буруутгах аргагүй, хөөрхий.

Нөгөө талаар гэвэл аль эрт цагт буюу 1992 онд Хөрөнгөтний намыг байгуулж, дараа нь БНН болгон өөрчилсөн гэхээр их улс төрд хайран 30 жилээ яайран болгосон хүн. Чухам БНН нь хэдэн гишүүнтэй юм, нийгэмд хэрхэн нөлөөтэйг мэдэх юм алга.

Судлаач Д.Ганхуягийн хэлснээр бол “Ганц даргатай 30 жил болсон, нэг юмаа улиг болтол давтдаг нэхмэлийн үйлдвэрийн улс төрийн албыг нам гэж үзэх нь дэндүү сэрүүдсэн явдал болно. Хэрэв Б.Жаргалсайхан Кромвелл болмоор байгаа бол хувьсгалаар л болдгийг ойлгох хэрэгтэй…” хэмээсэн нь санаандгүй хэрэг биш байх.

Харин тэрбээр ганцхан удаа УИХ-д сонгогдсон цагаас хойш хэдэн ч удаагийн сонгуульд бүдрэв дээ. Ямар ч улстөрч нэг удаа бүдрээд алдаагаа олж хардаг бол УИХ, Ерөнхийлөгчийн дотоод сунгаа гээд олон сонгуульд бүдэрсэн ч алдаагаа ухамсарлахгүй байгаагаас харвал тэр хэзээ ч их улс төрд эргэн ирэхгүй ойлгомжтой болж байна. Хамгийн наад зах нь сонгуульд бүдэрсэн өдрөөсөө эхлээд сонгогчдоо хараан зүхдэг улстөрчийг энэ насандаа үзсэнгүй.

Та нар мөнгөөр саналаа худалддаг, оюун ухааны доройтолд орсон гээд зүхээд байхаар хэн түүнд саналаа өгөх билээ. Ямар ч мулгуу уначихаад буруу харж уйлан зөв харан инээж байгаад маргаашийнхаа ялалтыг боддог биз дээ. Гэтэл мань эр сонгогч түмнээ өрсөлдөгчтэй нь хамт зад загнаж доромжилчихоод яваад өгөхөөр яаж сонгогдох юм. Гэтэл Б.Жаргалсайхан тэр дороо бухимдлаа тайлчихаад мартдаггүй, хэдэн сар, жилийн дараа ч хэвлэл мэдээллээр мөнгөөр саналаа худалддаг доройтолд орсон түмэн гээд доромжилж доромжилчихоод эргээд намайг сонгооч гээд очиж байгаа хүнийг ямар хүн гэх вэ.

Магадгүй нэгэн судлаач “Бүдүүлэг тэнэг төсөөллөө улс төрийн хөтөлбөр хэмээн ойлгодог тэрбээр 30 шахам жил нэг л сэдвээ давтан үглэж буй бөгөөд хоёр намын ялсан талд нь үйлчилдэг түүний холбиромтгой занг олон хүн мэддэг. Энэ удаад хоёр нам хоёулаа суларсныг тэрбээр цойлон гарах боломж гэж ойлгожээ” хэмээсэн нь туйлын үнэний хувьтай.

Тэр тусмаа 2020 оны сонгуулиас хойш Б.Жаргал­сайханы балмад үг, үйлдэл хэрээс хэтэрч, харааж зүхэхгүй хүн ч үгүй боллоо. Ядахад ямар ч хэрэггүй хүнээс яасан ч ярилцлага авах дуртай юм. Амьдралынхаа хамаг идэвхтэй цагийг гээгдсэн уур цухлаа гаргахад зориулсан хүнээс одоо юу асуух юм бэ.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.68.77) 2022 оны 02 сарын 02

Жагай анхнаасаа зөв сэтгэж чадаагүй боловсрол дутсан,Эрхүүгийн Полийг Цөмийн Физикчээр төгссөн гэж бурах боловч тэр Политехникийн дээд сургууль физикчийг сургадаггүй гэдгийг мэдэж чадаагүй тарваганы арьсны наймаа хийж оросуудтай нийлж монголчуудаа хулхидсаар яваад ирсэн хүн.Худалдаа үйлдвэрийн сайд хийж байх үедээ МАХН-д элсвэл хоолоор тасрахгүй юм байна гэж ойлгох ёстой байсан юм.Ухаан дутсанАН-даа хэд орж хэд гарав хэрэг алга...

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2022 оны 02 сарын 01

Яг үнэн хэллээ

0  |  0
Жаргалсайхан бол(202.126.90.100) 2022 оны 02 сарын 01

Ёр нь бол их хурлын гишүүн болох л ёстой үний нэг дээ. \n

1  |  2
Top