Асар өндөр боловсролтой, ирээдүйтэй улстөрч хэмээн яригдаж эхлээд 20 гаруй жил болсон ч түүнийхээ ид шидийг огт гаргаагүй яваа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус заларч, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан Цэндийн Мөнх-Оргил гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.
Чухам юуны тулд өндөр боловсрол эзэмшиж, чухам юунд зориулж ажилласан хүн бэ гэхээр хэлэх үг тун ч олдохгүй нь даанч гачлантай. Төрийн стратеги төлөвлөгөө, бодлогод оролцсон суурь үзэл санаа байж болох ч сонгогч олны дунд тийм гээд хэлчих зүйл даанч олдсонгүй. Үүнийг би хэлээд байгаа хэрэг биш. Тойргийнх нь сонгогчид л “Манай гишүүн чухам юу хийсэн хүн болоод бид сонгов оо” хэмээн өөрөө өөрөөсөө асуухад хүрээд байна.
Түүнд өнөөдөр хууль зүйн салбарт хийсэн шинэчлэл гээд ярихаар сонгогчдын гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл лав алга. Ядахад амьдралын хөрсөн дээр нэр нь хавчуулагдан хэрэглэгдэж байгаа хууль алга. Бүр больё гэхэд “Фортуна” Н.Батбаяр шиг “Гэнэтийн ашгийн 68 хувь” гэх мэт алдар нэрээ зүүсэн “тэнэсэн сум” шиг хууль ч алга. Мэдээжийн хэрэг, олны дэм, урсгалд нэр усаа оруулсан хууль гурвын гурван удаа сонгогдсон гишүүнд олон л байж таарна.
Гэтэл Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” төгсөж, сайдын суудалд ирээд удаагүй Х.Нямбаатар хууль зүйн салбарт өөрөөрөө овоглуулах чамгүй зүйл хийчихлээ гэж бултаараа ярих. Яахав, мэдэхгүй хүний тэнэг зориг ч нэг бол өндөрт залдаг, нөгөө бол шороонд булуулдаг жамтай л даа. Гэлээ гэхдээ Д.Оюунхоролын Отгонтэнгэр, АНУ-ын Харвард, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль гурвын дунд тэнгэр газар шиг ялгаа байгаа биз дээ.
Отгонтэнгэр бол Ц.Нямдоржийн хэлснээр бол Техник мэргэжлийн сургууль шахуу юм биз. Тэр чинь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Техник мэргэжлийн сургууль гэж хэлдэг хүн учраас Отгонтэнгэр түр сургалт, курс ч байх магадлалтай.
Мөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, сайдын суудалд анх ирээд удаагүй байгаа залуу, Хууль зүйн салбарын сайдаар дөрвөн жил, дэд сайдаар дөрвөн жил, Гадаад хэргийн сайдаар нэг удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдоод байгаа өтөл насны эр хоёрын дунд асар том ялгаа байгаа. Ц.Мөнх-Оргилын хувьд нэг тойрогт байтугай, Монгол Улсад, бүр олон улсад нэр алдраа дуурсгах хэмжээнд боловсорч, ажилласан хүн.
Нөгөөх залуу нь Сонгинохайрхан хэмээх тойргоос гарч үзээгүй, нүд тайлаагүй улстөрч шүү дээ. Гэтэл түүнийг хар. Зөвхөн энэ жишээнээс харахад Ц.Мөнх-Оргил гэх нөхөрт сэтгэл дутаж, зүтгэл гацдаг бололтой. Үүгээр ч зогсохгүй МАН-ын Нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж, Хууль зүйн байнгын хороо ч даргалж байсан гэхэд дэндүү чамлалтай нөхөр юуны тулд суудлын тоо бөглөж парламентад ажиллаж байна вэ хэмээн сонгогч олноос нь асуухад хүргэнэ.
Харин тэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа долоо буудуулсан чоно Ц.Нямдоржид хичээл заадаг байсан гэх. Хашир Ц.Нямдорж Харвард төгссөн дэд сайдаа үе үе өрөөндөө дуудаж, өдрийн ихэнхийг түүний лекцэнд зориулдаг байсан тухай хамт ажиллаж байсан хүн барин тавин ярьж байхыг сонсож байв. Аль тэртээ социализмын үед сургууль дүүргэж, улс төрийн бохир өрөг дээр нүүдэл хийж эхэлсэн Ц.Нямдоржид орчин цагийн боловсрол олж авсан Ц.Мөнх-Оргил гэх дэд сайд том олз байж таарна.
Тиймдээ ч өрнө зүгийн боловсрол, Харвардын лекцыг өрөөндөө сонсож мэдлэгээ тэлсэн хүн бол Ц.Нямдорж гэдэг. Ц.Мөнх-Оргил ч түүний дор ажиллаж байгаа гэхээс илүүтэй сайдынхаа нүдийг нээж, чихийг онгойлгохын төлөө дөрвөн жил ажилласан хэрэг. Ингэж л тэр дэлхийн хоёр нэртэй сургууль төгссөн ач буянаа төр түмэндээ бус сайддаа л өгсөн хүн.
Бүр тодоор хэлэх юм бол Цэндийн Нямдоржийн багш хүн шүү дээ, уг нь. Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил хоёрын 20 жилийн улс төрийн харилцааг хэвлэл мэдээлэл гээд бусад зүйлээс ямар нэгэн байдлаар шүүж үзээрэй. Юу ч байхгүй. Нэг ч удаа ам мурийж явсангүй. Түүнээс бус цаад долоо буудуулсан чоно чинь хэний ч өөдөөс цор цор хийж л суудаг даа. Түүнд ам зөрж хэрэлдээгүй улстөрч нэг ч байхгүй. Гагцхүү Ц.Мөнх-Оргил багшийнхаа өөдөөс нэг ч удаа цорхийгээгүй сайн шавь.
Тэрбээр социализмын үед буюу 1988 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд атташегаар ажлын гараагаа эхлүүлэн, хоёр нийгэм дамжин ажиллаад 1991 оноос Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996 оноос АНУ-ын Вашингтон хотноо хуульч, 1997 оноос Хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компани байгуулан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Ийнхүү өөрийн мөрөөр ажлаа гүйцэтгэж явсан залуу гэнэт их улс төрд хөл тавьсан нь бас учир шалтгаантай гэдгийг эх сурвалж хэлэв.
Түүнийг их улс төрд бүрэн дүрээ харуулж байх цагт буюу 2000 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын их хаанчлалын үе нэгэнт эхэлчихсэн байв. Ёстой л МАХН дотор “Тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж” явсан түүний үүдэнд цүнх цүнхээр мөнгө дугаарлан зогсдог байсан яриа ч оргүй зүйл биш. Энэ онд тухайн үеийн МАХН УИХ-д үнэмлэхүйн дээд 72 суудалтай жаалж, хэдэн мөнгөний сайдууд орж ирсний нэг нь Ц.Мөнх-Оргилыг гэдэг. Гадаад хэргийн дэд сайдаар лав бизнесмэн Сү.Батболд орж ирж байсныг сайн санах байх.
Одоо л “Жаран тэрбум”-ын схем, “Гучин гэр бүл”-ийн төлөвлөгөө гэх мэтээр нэрлэж цоллоод байгаа болохоос бус төрийн албаны мөнгөний схемыг аль тэртээ хорь гаруй жилийн өмнө Н.Энхбаяр төлөвлөөд зурчихсан, бүр хэрэгжүүлсэн юм шүү дээ. Олны ярьж байгаагаар бол Ц.Мөнх-Оргил энэ схемийн дагуу их улс төрд хөл тавьжээ гэж ойлгогддог. Гэхдээ би түүнийг Н.Энхбаярт мөнгө төгрөг өгөөд зогсож байгааг хараагүй. Олны чимээ анирдаж, хэвлэлийн мэдээ шүүрдэхээр ийм зүйл аяндаа олон үзэгдэх аж. Харин төр, нийгэмд таалагдах зүйл хийгээгүй байж олон нийтэд таагүй мэдээлэл өгсөн нь чамгүй олон байдаг.
Тухайлбал, "Артур Андерсен" гэх гадны компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Мэдээж үүнийг гардан зохион байгуулж, татвараас чөлөөлүүлсэн буюу орлогыг нь нуун дарагдуулсан яриа түүнийг сүүдэр мэт дагадаг. “Гучин гэр бүл” гэснээс түүнийг манай томоохон группын нэг “Эм Си Эс”-тэй холбон ярих нь бий. Энэ группын үйл ажиллагааг улс төр, бизнесийн бүлэглэл дэмждэг ч гэдэг. Чухам ямар учиртайг мэдэхгүй. Нөгөө талаар өдгөө олон тэрбум төгрөгийн асуудал үүсгэн ял эдэлж байгаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай бас нэр холбогдоно. Их улс төрд хорь гаруй жил өөрийгөө байлгасан эр хүнд юу эс тохиолдох билээ. Энэ мэт холбоо сүлбээ байхаас ч яахав.
Хамгийн гол нь 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн дэгдэхэд тэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Энэ үймээн самуун эзэнгүй үлдсэн. Эзэн холбогдогчийг тодруулах ёстой хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил байв. Гэвч олон нийт салбарын сайд энэ асуудлын учрыг нь олоогүй. Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг яллан, улс төрөөс ангид шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үздэг.
Энэ үймээнд цагдаагийн алба хаагч нар ямар нэг тушаалгүйгээр буу шийдэм агсахгүй нь ойлгомжтой санагддаг. Тэд ажил үүргээ нэр төртэй биелүүлж явсан, учраа мэдэх генерал, хурандаа нар байв. Ямар нэгэн үүргийг хаа нэг эрх мэдэлтнээс өгсөн байж таарна гэдгийг өдгөө судлаач, шинжээчид, иргэд ярьдагтай санал нийлдэг. Лавтай тухайн үймээн самууныг эхлүүлсэн хүн нь АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж гэдгийг би сэтгүүлчийн хувиар хараад зогсож байсан.
Тэр ачааны жижиг тэргэний тэвшин дээр дуу өсгөгчөөр иргэдийг уриалан дуудаж явсан. Мөн үүнийг өдөөн хатгасан хүн нь “Буян” Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, Ногоон намын гэх тодотголтой байсан Д.Энхбат нар гэдгийг ч харж зогссон. Б.Жаргалсайханы олныг өдөн хатгасан гэж болохуйц хэвлэлийн хурал дээр нь ч сууж байв. Тавын таван хүний аминд хүрсэн энэ үймээний учрыг олоогүй Хууль зүй, дотоод хэргийн сайд гэхээр дэндүү чамлалтай санагддаг. Ийм л нэг гавьяагүй, гай тарьсан гэж болохоор нөхрийг сонгоод байдаг сонгогчид бас байх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
MCS ийн Оджаргал, Ё.Отгонбаяр МөнхОргил нар Москвагийн ОУХДС ийн нэг ангийнх болой. 1982 онд 10 р ангиа төгсөөд 1 жил алба хаагаад явж бсн юм. Тэр жил ОУХДС ийн хуваарь авсан хүүхдүүдийг 1 жил цэрэгт явуулж байлаадаа.
Нямдорж сайн л байна. Харвард төгссөн америк боловсролыг орос боловсролтой нийлүүлж дундаас нь улам сайн юм гарна шүү дээ. Ухаантай л хүний шинж дээ
Эрх баригч намын буянаар гадаадад сураад намдаа төлбөрөө төлсөн юм биш үү. Түүнийг Харвардын комунист гэдэг.
үнэн байна.Хадам аав нь хоршоолол импексийн захирал байхдаа олон мянган арьс нэхий хаягдал гэсэн стандантаар үнэлүүлж Унгар улсад гаргаад олон мянган доллар завшаад тэр нь баригдаж салбарыг хариуцаж байсан СнЗ-ийн референттэй хуйвалдаж Сүрэн даргаар шийдүүлэн ялнаас мултарсан Увс аймгийн уугуул асар баян хүн байдаг юм.Анхны сонгуульд 600 сая төгрөг хауульд өгсөн гэсэн.