Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан залуу хосын хайрын түүхийг хуваалцаж байна.
Д.Пүрэвдорж: Тэр өдөр хичээл орох гээд сургууль дээр жаахан ажилтай явж байсан юм. Гэтэл хажууд нэг залуу ирээд гуйхаар нь хичээл сонголтыг нь хийгээд өгчихсөн. Миний фэйсбүүк хаягийг асуугаад байхаар нь хэлээд өгчихсөн. түүнээс хойш "10-р хороолол орох гэсэн юм. Ямар автобусанд суух уу" гээд л бүх зүйлээ асуудаг болчихсон. Би чинь гуравдугаар курсийн том эгч болохоор хэлээд л зааж өгөөд л (инээв). Нэг л мэдэхэд бид хамтдаа хооллож, гадуур зугаалдаг болчихсон байсан.
"ХАЙРЫГАА ХҮЛЭЭЖ ЧАДНА ГЭДГИЙН ХАРУУЛМААР САНАГДААД ЦЭРЭГТ ЯВАХЫГ НЬ ЗӨВШӨӨРСӨН"
Д.Пүрэвдорж: Үерхээд бараг хоёр жил болох гэж байх үед Бадамаа цэрэгт явахаар болсон талаараа хэлсэн. Би бүр шок. Эхлээд явуулахгүй гэж уйлж байгаад, дараа нь зөвшөөрсөн. Хэдий нэг жил хол байх ч гэсэн хайрыгаа хүлээж чадна гэдгээ харуулахыг хүссэн юм. Эхний хоёр, гурван сар санаад хэцүү л юм билээ. Хоорондоо захиа илгээдэг болсноос хойш арай гайгүй болчихсон. Сүүлд нь уулзах хоногоо тоолоод л, өдөр өнгөрч өгөхгүй...
Тангаргийн баяраар нь цэргүүдийг гэр бүлтэй нь уулзуулахгүй гэсэн. Тэгэхээр нь заавал баяр хүргэмээр санагдаад сэтгэлийн үгээ бичиж, хамтдаа авахуулсан зургуудаа наагаад дэвтэр дүүрэн л юм явуулсан юм. Хэд хоногийн дараа надад Бадамаагаас хаягласан захиа ирсэн. Цэргүүдийн дунд зохиогдсон "Аха" тэмцээнд түрүүлээд захиа явуулах эрхээр шагнуулсан юм билээ. Ингээд л бид хоёр захиагаар харилцаж эхэлсэн. Бадамаагаас ирсэн захиа болгоныг л уншаад уйлчихдаг байсан...
Ахлах сургуульд байхдаа даалин оёхыг сурч байсан юм. Даалин оёж, хайртай хүндээ бэлэглэвэл салдаггүй юм гэсэн. Тийм болохоор цэргээс халагдаж ирэхийг нь хүлээх хугацаандаа даалин оёсон. Уг нь хоёрыг оёсон л доо. Гэхдээ эхнийх нь жаахан муухай болчихсон юм.
Цэргээс халагдаад ирэхдээ Сонсголонгийн 013-р ангид буулгана гэхээр нь эртхэн очоод хүлээгээд л байсан. Гэтэл Сүхбаатар дүүрэгт буулгана гэдэг юм даа. Тэр өдөр Сонсголонгоос Сүхбаатар дүүрэг хүртэл машинаа яаж барьж явснаа ч санахгүй байна. Хайрттайгаа уулзаад би гэдэг хүн чинь нисээд л явчих шиг болсон. Бөөн аз жаргал...
Сөхөө орохтой болж аваад өнөөх даалингаа дээл, бүстэй хамт хайрцагт хийгээд өгсөн юм. Манай хүн бөөн баяр болоод л авсан.
Цэргээс ирснийх нь дараа зун Бадамаагийн нутгаар аялж, гэрийнхэнтэй нь танилцав аа. Намайг харах гэж ирсэн гээд гэр дүүрэн хүн суучихсан. Миний хацар халуу дүйгээд, их сандарсан. Тэр жилийн сумын наадмаар миний хайр барилаад, сумын заан болсон. Барилдахаа харуулна гээд намайг авч очсоны хэрэг гарсан шүү. Одоо түүнийгээ улсын цолтой, мундаг бөх болох хүртэл нь дэмжиж, хамтдаа зүтгэнэ.
"ЗАХИА ИРЭХЭЭР ҮЕИЙН ЦЭРГҮҮДДЭЭ ГАЙХУУЛААД Л... ЯМАР САЙХАН ГЭЭЧ"
Б.Бадамдорж: Цэрэгт тэнцсэн гэдгээ Бадамаад хэлэх их хэцүү байсан. Зориг гаргаад хэлтэл манай хүн шууд уйлчихдаг юм даа. Уйлж байгааг нь хараад би өөрөө эвгүй болчихсон. Уйлж болохгүй гээд л тэвчсэн. Тангаргийн баяраар захиа ирснийг хараад хөл газар хүрэхгүй баярласан. "Надад захиа ирсэн хардаа" гээд үеийн цэргүүдэд гайхуулаад л... Ямар сайхан гээч...
Би муухай бичигтэй болохоор буцааж захиа явуулахдаа ангийнхаа хамгийн гоё бичдэг цэргээс гуйдаг байлаа. Цаас дүүрэн бичиг уйтгартай санагдаад байхаар нь хажууд нь хун зуруулаад байгаа юм аа бас... (инээв).
Ингэж захиа явуулахаас гадна зузаан дэвтэр нээгээд Пүүжээд зориулж тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Ирээдүйд хамт амьдрах байр, аялах улс орнууд гээд л... Энэ бүхэн одоо бидэнд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж болж үлдэж байна.
Хоног тоолсоор халагдах өдөр боллоо. Би чинь 0318 дугаар ангид алба хаасан юм. Тэндээс хот руу ирэх зам их хол санагдсан. Замын хажууд байдаг км заасан самбар хараад яваад байлаа. Ингэж нэг хайртайгаа уулзаж билээ.
Хол зай биднийг харилцааг илүү бат бөх, нандин болгож өгсөн гэж боддог. Бид хоёр ирээдүйд хоёр хүүхэдтэй болно гэж бодож байгаа. Ширээ тойрч суугаад хоорондоо солилцсон энэ олон захиа, дэвтрээ уншиж өгнө.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Gishiig n garuud baahan tsuvsan daa