Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол хөрөнгийг нь хурааж, "Хөгжлийн банк"-ыг хохиролгүй болгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 


-Та саяхан БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалынхаа үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Миний бие цар тахлын амаргүй цаг үед "Токио-2020" зуны олимпод гурав дахь хөршөө дэмжиж оролцсон. Мөн БНХАУ-д "Бээжин-2022" өвлийн олимпын наадам болж байна. Тиймээс хөрш орноо дэмжиж цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж оролцсон. Үүнийг албан ёсны айлчлал гэхээсээ илүүтэй ажлын түвшинд айлчилсан айлчлал гэж ойлгож болно. Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр улсын хувьд ярилцах олон асуудал байсан. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцсан. Хамгийн гол нь, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, жишиг харилцаа болгох, хил гаальтай холбоотой асуудлыг хөндөж ярилцсан. Хамгийн чухал зүйл бол цаашид иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, хамтдаа санал солилцох нь чухал алхам болсон. 

-"Хөгжлийн банк"-тай холбоотой асуудалд Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн Банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус банкийг татан буулгахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, тус банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй. Тодорхойгүй статустай байсан. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй болох тохиолдол байдаг. Хөгжлийн Банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой. 

Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл түгжигдсэн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар бондын үеэр олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий. Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн. Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа. Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ. 

-"Хөгжлийн банк"-тай холбоотой асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн. Та сонссон л байх?

-Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга маш тодорхой байр суурийг илэрхийлсэн байна билээ. Энэ хүн бид хоёрын байр суурь нэг. Учир нь, энэ бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэдэг хувь хүний байр суурь гэхээсээ илүү намын дүрэмдээ тусгасан. Үүнийг бүгд дагах ёстой. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гөлөг(71.168.135.76) 2022 оны 02 сарын 15

Шаардлагатай л байгаа биз дээ.

0  |  0
ард түмэн(66.181.181.243) 2022 оны 02 сарын 14

шаардлагатай бол гээд бх хэрэггүй шууд хөрөнгий нь хураагаач ээ

1  |  0
Самбуу(192.82.88.165) 2022 оны 02 сарын 14

Чадах уу? МАНАН-н босс МИ.ЭНХБОЛДЫГ яаж ч чадахгүй байж.Чадах уу? Худалч Хулчгар Монголчууд чамд итгэл алдарч байгаа.

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 02 сарын 14

Saihan shudarga tsarailaad ard tvmeng dahin zalilaj huuran nuguu hedee mangasuudaa avrah ard tvmweng huurahdaa garmgai hudalj zaltandaa .MONGOLCHUUD TA NART ITGEHGVI.Delhii dayaraa turiin hulgaichid Mongoloo manags met idej baigaag mende shvv dee.Odoo bvr oppshorchidiin neg nastai hvvhed oppshor bvsed kompantai gej delhiid zarlagdaj baihad .Ene zalichin tolgoit hudallaa soliordogoo bolio.Mongolchuud bvv mart .Mongolchuud bvv uruvd,\n bolio.

0  |  1
ЗОЧИН(192.82.67.100) 2022 оны 02 сарын 14

1,5 их наяд гэдэг доллараар хэд юм бэ?

0  |  0
Top