Улс төрийн оноо авах хэрэгсэл нь "ХӨГЖЛИЙН БАНК" уу?! 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Парламентад сөрөг хүчин гэх тодотголтой ч сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээ больсон АН-ынхан нам дотроо албан тушаал, тамга тэмдгээ булаацалдсан хэвээр байгаа билээ. Тэдний хэн нь албан ёсны намын дарга, хэн нь тамгаа эзэмших эрхтэй вэ гэдэг нь одоог хэр нь тодорхойгүй.

Тэгсэн атлаа тэд өнөө цагт нийгмийн том сэдэв болж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа "Хөгжлийн банк"-ны луйвар, булхайг шийдэх юм байх.

Учир нь, сүүлийн хэдэн өдөр АН-ын хаягтай хэдэн гишүүн "Хөгжлийн банк"-ны асуудлыг ээлж дараалан хөндөж эхэллээ. Тэд тэр хэрээр улс төрийн оноо авахын тулд дор бүрнээ хувь хувьдаа улстөржиж байхыг үгүйсгэхгүй. 

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өчигдөр /2022.02.15/ мэдээлэл хийхдээ парламентаас "Хөгжлийн банк"-ыг шалгах Түр хороо байгуулахыг уриалав. Энэхүү уриалгаа УИХ-ын бүх гишүүнд хүргүүлж, гарын үсэг цуглуулахаа мэдэгдэнэ билээ.

Харин хажууханд нь сууж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, О.Баасанхүү нар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэгт АН-аас нэг ч хүн орж ажиллахгүй гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл, АН-аас нэг ч гишүүн Ажлын хэсэгт орж ажиллахгүй бөгөөд өөрсдөө "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийж үр дүнгээ УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлттэй тулгаж, олон нийтэд мэдээлэх аж. 

Тэгвэл нөгөө талд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Хөгжлийн банк"-ны асуудалд байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, "Хөгжлийн банк"-ны асуудлыг эрх баригч намын дотоод хагарал, зодоонтой холбон тайлбарлаж, буруутанг бусдаас хайж сууна. 

Энэ мэтээр "Хөгжлийн банк"-ыг улс төрийн ашиг хонжоо, иргэд сонгогчдоосоо оноо авах хэрэгсэл болгон ашиглаж байж мэдэх улстөрчид АН-аар нэг байгаа бололтой шүү. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.2) 2022 оны 02 сарын 16

илүү илүү

0  |  0
Top