АН-ын “ЗОВЛОН” дээр МОАХ-ны дарга, тамганы зовлон нэмэгдэв

2022 оны 02 сарын 22

Ардчилсан намаа ацаглуулсан С.Эрдэнэ тэргүүтнүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг намаасаа холдуулах бүхий л аргыг хэрэглэж байна. Сүүлийн 15 жил гаруй хугацаанд Монголын ардчилсан холбоо (МоАХ)-г тэргүүлж ирсэн Х.Баттулгын хувьд “үүрэндээ бүгсээр” байгаа юм.

Төрийн тэргүүний сэнтийгээс бууснаас хойш чимээгүй байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн албан мэдээлэл бий. Тэгвэл тамганы асуудлаа шүүхээр шийдүүлж чадахгүй яваа Ардчилсан намынхан экс Төрийн тэргүүнийг МоАХ-ны нэрээр нам байгуулах гэж байна гэж хардах болсон. Тэр бүхэнд нь ч Х.Баттулга чимээгүй байв.

Өнгөрөгч баасан гарагт МоАХ-ны зөвлөгөөн болж, шинэ даргаа сонгов бололтой.

МоАХ-ны долоо дахь дарга буюу Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчиллын бий болгосон зүйлийг хамгаалах үүрэг бол МоАХ-ны үүрэг. Энэ улс оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг хэлье. Би АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. 1990 оноос эхлээд улс төрийн бус байгууллага тодотголтой ганц байгууллага МоАХ байсан. МоАХ-ныхон бид сэрэх цаг болсон. Бид унтаж ханалаа. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Бүхий л эрхийг хаах гэж оролцож байна.

2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй. МоАХ-ыг би гайхаж байна. Нэг хүнийг дагаад мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Баастай бурхан толгой дээрээ залах байсан бол 1990 оны хувьсгал хийх хэрэг юу байсан юм бэ. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ны тамгыг шилжүүлж өгсөн” гэв.

Энэ удаагийн зөвлөгөөнд МоАХ фракцад хамаарах төлөөллүүдийн дийлэнх нь цугласан гэж байлаа.

Төрийн тэргүүний сэнтийд залрахдаа ч, буухдаа ч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбоо, МоАХ гэсэн хоёр байгууллагын тэргүүнээс огт татгалзалгүй өөрийн удирдлага дор явуулж ирсэн. Тэгвэл Х.Баттулгын улс төрд үлдэх сүүлчийн цайз гэгдэж буй МоАХ-г С.Эрдэнэ тэргүүтнүүд түүнээс салгаж авахаар ийн зөвлөлдсөн. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Рэнцэнтавхай, Буян компанийн Б.Жаргалсайхан тэргүүтэй МоАХ-ны анхдагчид Д.Монголхүүд МоАХ-ны тугийг шилжүүлэн өгсөн юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд Хорих 409 дүгээр ангид ял эдэлж буй Улсын баатар Э.Бат-Үүл мэндчилгээ дэвшүүлж захидал илгээснийг түүний охин Б.Хулан уншиж танилцуулав.

Тэрбээр захидалдаа “Миний бие 409-р хорих ангиас ардчиллын баатрууд та бүхэнтэй мэндчилж байна. Хорих ангийн дөрвөн ханын дунд хавчуулагдан суухдаа, эрх чөлөөний гэр орон болох ардчиллаа улам ихээр хайрлан, та нарыгаа хүндэтгэн биширч сууна. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” хэмээсэн манай ардын үг бидний үзэл санаа, ухааны орой болсон үг ажээ. Эрх чөлөөний гэр-ардчиллыг бүтээн босгосон нь та нар шүү.

Харамсалтай нь цадигаа алдсан шударга бус байдал, данхар төрөөр бизнес хийн хөлжиж байгаа, нүүрээ хувиргасан мөнөөх дарга анги чинь Монголын эрх чөлөө, ардчиллыг гутаан, нүүрээ хийх газаргүй болгож байна. Хоёр хөршийн хатгалгаар, хоноцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл МоАХ-ныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шударга ёсны төлөө тэмцэх цаг болжээ.

Яг одоо шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна. Дөрвөн ханаар хашигдсан шоронгийн умгар өрөө маань дөрвөн зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна даа, Бат-Үүл нь” гэсэн байж ээ.

С.Эрдэнэ нарын МоАХ-ны хурал ийм хэв маяг дор үргэлжилсэн бол нөгөө талд нь Х.Баттулгын МоАХ гэж бий. Нэг үгээр хэлбэл одоогоор албан ёсны тамгатай МоАХ гэсэн үг. С.Эрдэнэ нар зөвлөгөөнөө хийсэн гээд тамгаа авах гэж үзэх бол тамгатай тал нь хүчин төгөлдөр бус зөвлөгөөн гээд тамгаа өгөхгүй гэж үзнэ. Хайнаа хагалахын тулд Улсын дээд шүүх дээр очиж таарна. Өмнөх намын дарга, тамганы асуудал нь бүрэн шийдэгдээгүй АН-ын зовлон дээр МоАХ-ны шинэ дарга, тамганы зовлон нэмэгдэнэ. Ингэснээр үндсэндээ МоАХ хоёр хуваагдаж байгаа юм. Хэдэн ч жил үргэлжилж мэдэх тамганы асуудал Ардчилсан намд ийнхүү дахин мэндэллээ.

Төрийн тэргүүний ажлаа өгөөд сураг алдарсан, Хөгжлийн банканд туслахынх нь нэр холбогдож өдөр шөнөгүй балбуулж байгаа ч чимээгүй байж ирсэн Х.Баттулга МоАХ-ны зөвлөгөөний дараа ил гарав. Түүнийг Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор Сингапур руу зугтсан гэх барин тавим мэдээлэл хэвлэлээр цацагдсан ч тэр эх орондоо байгаа гэдгээ, МоАХ-ныхонд өөрийгөө харууллаа. МоАХ-ны дарга Х.Баттулга өчигдөр Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “Түүчээ цаг-3” уран зургийн үзэсгэлэнг үзэж буй зураг мэдээллийг МоАХ-ны цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Өөртэй нь нэр холбоотой олон зүйл дээр гарч ирээгүй Х.Баттулга С.Эрдэнэ тэргүүтний зохион байгуулсан МоАХ-ны зөвлөгөөний дараа гарч ирсэн нь ийнхүү анхаарал татаж байна. Х.Баттулга МоАХ-гоо авч үлдэх үү, С.Эрдэнэ нар МоАХ-ны зөвлөгөөний албажуулж чадах уу гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.

Э.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top