МоАХ-г Д.Монголхүүгээр "самруулахгүй" гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Өнгөрсөн баасан гарагт /2022.02.18/ Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны зөвлөгөөнийг зохион байгуулж, Д.Монголхүүг МоАХ-ны Ерөнхий зохицуулагчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Ингээд МоАХ-ны тавдугаар Их хурлыг хуралдуулах тов тогтоосон байдаг.

Ингэхдээ одоогийн ерөнхий зохицуулагч Х.Баттулгын уг холбоог даргалах хугацаа дууссан гэж тэд үзэж байгаагаа зөвлөгөөн зохион байгуулагчид илэрхийлж байв. 

Энэ тухай танилцуулахаар Д.Монголхүү, Н.Цэрэнбат нар өнөөдөр /2022.02.22/ МоАХ-ны байранд очжээ. Тэднийг очиход МоАХ-ны партизанууд угтаж авсан ба Монголын ардчилсан холбоог Д.Монголхүү, Н.Цэрэнбат нарын залуусаар самруулахгүй гэсэн тайлбар өгч, үүднээс нь буцаалаа. Мөн партизанууд Эрүүгийн хуулиар шалгуулж байгаа хүнийг Ерөнхий зохицуулагчаар ажиллуулахгүй гэж Д.Монголхүүг буруутгажээ. 

МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар болсон явдлын талаар "Энэ ордон дотор ажиллаж байгаа хүмүүс өөрийн гэсэн дүрэм, журамтай. Бид дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. МоАХ бол Удирдах зөвлөлтэй байгууллага. Удирдах зөвлөлөөс Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулж, Ерөнхий чуулганаас Их хурал зарладаг. Хэн нэгэн МоАХ-ны хэзээ үүсэн байгуулагдсан он сар өдрийг ч мэдэхгүй байж гудамжнаас МоАХ-ны Их хурлыг зарлаж болохгүй. Энд ирсэн хүмүүс С.Эрдэнэ тэргүүтнээс мөнгө авч, дүрэм зөрчсөн үйлдэл хийж байна. 2007 оны наймдугаар сард МоАХ даргаа сонгож, 2012 онд Удирдах зөвлөлд Ерөнхий чуулганы бүрэн эрхийг шилжүүлэн, Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий зохицуулагчийг томилох, сунгах асуудлыг шийддэг болсон. Энэ хүрээнд Х.Баттулгыг МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар ажиллуулахаар сунгасан. Тэрээр 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Л.Эрдэнэчимэг Гүйцэтгэх захиралд МоАХ-ны Ерөнхий зохицуулагчийн эрх шилжсэн. Х.Баттулга дарга Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаа нь хасагдсанар одоо бүрэн эрх нь үргэлжилж байгаа" гэсэн байр суурь илэрхийлэв. 

Харин МоАХ-ны гишүүн гэгдэх Д.Монголхүү "Өнгөрсөн хугацаанд МоАХ нэг ч хурал хийгээгүй. Х.Баттулга ах энэ байгууллагыг авснаас хойш нэг ч хурал хийгээгүй. Сая хоёрдугаар сарын 18-нд анхны зөвлөгөөнийг хийлээ. Бид энд ирэхдээ тавдугаар Их хурлаа гуравдугаар сарын 7-нд зохион байгуулах тухай л дуулгахаар ирсэн" гэв. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.89.36) 2022 оны 02 сарын 22

Хужаахүү зайлаа.

0  |  0
Top