Б.Баттөмөр: Зээлээ зориулалтын бусаар ашигласан 20 ААН байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "УИХ-аас "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Цагаан сарын баяр тохиосон тул Ажлын хэсэг энэ сарын 8-наас ажлаа эхэлсэн. Урьдчилсан дүгнэлтүүдийг гаргаж байна. Цаашид шалгах маш их ажил байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тэрбээр "Шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Нийт "Хөгжлийн банк"-наас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг нь Засгийн газрын баталгаагүй байна. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн Банкны 63 тэрбум төгрөг, аравдугаар сард бондын 1.6 их наяд ам.долларын мөнгийг төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн банкны "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Ингэхэд урд нь олгосон зээл хүрэлцэхгүй. Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар "Хөгжлийн банк"-ны Эрсдэлийн санд 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. Нийт зээлээс 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод байна" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Нийт зээлийн 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанартай байна. Харин 28 зээл чанаргүй, 15 зээлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Нийт зээлдэгчийн 20 аж ахуйн нэгж зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдож байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.75.132) 2022 оны 02 сарын 24

Энэ нүд ам нь сонин өвгөнөөс үр дүн гаоах бол уу даа мэдэхгүй дэ

0  |  0
Top