Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрсдийн хамаарал бүхий компаниараа дамжуулж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөөгүй, тэрхүү зээлээ зориулалтын бусаар ашигласан нь ил болоод байгаа билээ.
Эл асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Б.Пүрэвдорж нар багтсан.
Өөрөөр хэлбэл, Ажлын хэсэгт эрх баригч намын дөрөв, сөрөг хүчний нэг гишүүн багтжээ.
Тэгвэл парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-аас өнгөрсөн долоо хоногт /2022.02.15/ мэдээлэл хийхдээ УИХ-аас байгуулсан "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэгт АН-аас нэг ч хүн орж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, АН-аас нэг ч гишүүн Ажлын хэсэгт орж ажиллахгүй бөгөөд өөрсдөө "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийж үр дүнгээ УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлттэй тулгаж, олон нийтэд мэдээлнэ гэж тус намын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар мэдэгдсэн байдаг.
Гэвч УИХ-аас байгуулсан "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэгт АН-аас Б.Пүрэвдорж гишүүн багтсан хэвээр байна. Уг нь, намынх нь дарга С.Эрдэнийн мэдэгдснээр бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт л Ажлын хэсгээс гарсан байх ёстой байлаа.
Эсвэл "Хөгжлийн банк"-ны асуудалд С.Эрдэнэ улстөржив үү. Тэр иргэд, сонгогчдоосоо оноо авахын тулд сүржин мэдэгдэл хийв үү гэж хардаж болохоор байгаа юм. Үгүй бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намын бодлого, намын даргынхаа үгнээс сөрж, Ажлын хэсгээс гарахгүй гөжив үү. Ямартай ч С.Эрдэнэ нь мэдэгдэл хийсэн, Б.Пүрэвдорж нь лав Ажлын хэсгээс гараагүй л байна.
Сэтгэгдэл ( 2 )
ОРДОГ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ.ДОТОР НЬ ЯГ ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨСӨН БАЙНА ГЭЛГИЙГ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ.НЭГЭНТ ШИЙДВЭР ГАРЧИХВАЛ ДОТОР НЬ ОРЖ АЖЛААГҮЙ ХҮН ГАДНААС НЬ ХИЧНЭЭН ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ ДЭЭ.
АН - яагаад ажлын хэсэгт оролцохгүй гэсийн болоо , ШАЛТГААНЫГ НЬ ТОДРУУЛАХ ЮМСААН ....\n